Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай

2017-06-19 08:25:10

2017 оны 06 сарын 19-ний өдөр                                        Дугаар А/451                                      Улаанбаатар хот

 

 

 

 

  Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн

  бүртгэлийг цахим хэлбэрээр зохион

   байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.6 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгох зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсугай.

 

        2. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлд шаардагдах цахим системийг хийж хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/-т тус тус үүрэг болгосугай.

 

         3. Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 29,975,000.00 /хорин есөн сая есөн зуун далан таван мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД