Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-04-18 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүй тойрог хүртэлх 1,2 км авто замын шинэчлэлтийн ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн хөрөнгөөс 285.7 сая /хоёр зуун наян таван сая долоон зуун мянган/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайн орчмын авто зам, явган хүний замын засварын ажилд зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Авто зам, явган хүний замын засварын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР