Үзлэгийн дүнгийн тухай

2011-04-20 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 342 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

     Нэг. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн төсвийн үйл ажиллагаанд хийх үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар төлөвлөгөө гарган ажиллаж 2011 оны 06 дугаар сарын 10-ны дотор тайлагнахыг дүүргүүдийн Засаг дарга нар, Боловсролын газар /Д.Энхбаяр/ -т тус тус үүрэг болгосугай
.
     Хоёр. Нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгүүдийн төсвийн үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн нэр бүхий холбогдох албан тушаалтнуудад төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хууль, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг Дүүргийн Засаг дарга нарт, сургалтын хөтөлбөрт тавих хяналтыг сулруулсан, ажлын хариуцлага алдсан албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/-т тус тус даалгасугай.

     Гурав. Засгийн газраас тогтоосон нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дагуу тухайн сургуулийн багш нарын цалингийн санд багтаан гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталж 2011-2012 оны хичээлийн жилээс мөрдөн ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР