Борооны ус зайлуулах шугам сэргээн барих ажлыг зохион байгуулах тухай

2011-04-22 00:00:00

      Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны 2010 оны 02 тоот тогтоол, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 "в", 29.1.6 "л", 29.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Баянзүрх дүүрэг XIII хорооллын Дамдинсүрэнгийн гудамжнаас урагш борооны ус зайлуулах шугамыг зөвшөөрөлгүйгээр сүйтгэн устгаж барилга байгууламж, орон сууц барьсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгөөр өмнө ашиглагдаж байсан уг шугамыг сэргээн шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагатай хамтран зураг төслийг боловсруулан батлуулж, барьж байгуулах ажилд техник хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т даалгасугай.

     Хоёр. Борооны ус зайлуулах шугамыг зөвшөөрөлгүйгээр сүйтгэж устган барилга байгууламж, орон сууц барьсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нэрсийн жагсаалтыг гарган, тэднээс шинээр хийх шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг гаргуулж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт даалгасугай.

     Гурав. Борооны ус зайлуулах шугамын дагуух газар чөлөөлөх ажлыг 2011 оны 4 дүгээр сард багтаан шуурхай шийдвэрлэж ажиллахыг Газрын алба /Ц.Сандуй/-д, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтаар баригдсан борооны ус зайлуулах шугамыг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР