Эрх шилжүүлэх тухай

2011-04-22 00:00:00

      Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлэг, гадна гэрлэн чимэглэлийг шинэчлэх ажилд батлагдсан 5,0 тэрбум төгрөгөөс гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулахад 200.0 сая төгрөгийг зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлэг, гадна гэрлэн чимэглэлийг шинэчлэх ажлын зураг төсвийн жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Гурав. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлэг, гадна гэрлэн чимэглэлийг шинэчлэх ажлын зураг төсвийг боловсруулах ажлыг холбогдох хууль журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.

     Дөрөв. Зураг төсвийн ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР