Үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг зохион байгуулах тухай

2011-04-22 00:00:00

     Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны 2010 оны 02 тоот тогтоол, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 "в", 29.1.6 "л", 29.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Дархан цаазат Богд уулын амууд болон Зайсангийн аманд зориулалтын бусаар голын гульдрал, гуу жалгыг даран үерийн ус өнгөрүүлэх боломжгүй болгон барилга байшин, зам талбай, хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтаар үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан батлагдсан зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгүүлж, техник хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т даалгасугай.

     Хоёр. Дээрх ажлыг зохион байгуулахтай холбогдон голын гульдрал, гуу жалгыг даран үерийн ус өнгөрүүлэх боломжгүй болгон барилга байшин, зам талбай, хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нэрсийн жагсаалтыг гарган, газар чөлөөлөх ажлыг 2011 оны 5 дугаар сард багтаан шуурхай шийдвэрлэж ажиллахыг Газрын алба /Ц.Сандуй/-д, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хөрөнгө гаргуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг-т, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтаар баригдсан үерийн хамгаалалтын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Голын гульдрал, гуу жалгыг даран үерийн ус өнгөрүүлэх боломжгүй болгон барилга байшин, зам талбай, хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нь батлагдсан зураг төсөлд хамрагдах үерийн барилга байгууламжид шаардлагатай хөрөнгийг цаг хугацаанд нь гарган Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт төвлөрүүлж, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР