Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай

2011-04-26 00:00:00

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 3.1.6, 6.4.3 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/56, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны А/67 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүд, түүхий эд бэлтгэх, хадгалах, борлуулах газрууд, бохирлогдсон нийтийн эзэмшлийн гудамж талбай, мал, амьтны хашаа, байрны орчин, бууцыг ариутган цэвэрлэх мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

Хоёр. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, нийслэл, дүүргүүдийн мал эмнэлгийн байгууллагуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах, ажлын явц, үр дүнг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Мал эмнэлэг үржлийн газарт 2011оны 07 дугаар сарын 01-ний дотор хүргүүлэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/-т даалгасугай.

Дөрөв. Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн сарын ажлын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн / -т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР