Татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай

2011-02-08 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,1.1, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 6/46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”, ”Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 15 хоног тус тус зохион байгуулсугай.

Хоёр. Нийслэл хотод авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, дүүргүүдийн салбар комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Гурав. Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулж, хуулийн хугацаанд нь нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн татварын газар /С.Энхбаатар/, Нийслэлийн Авто замын газар /Д.Од/, дүүргүүдийн Засаг даргын орлогч нарт тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР