Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай

2011-01-10 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, хяналт тавих, санхүүжүүлэх, хугацаанд нь ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч, дүүргүүдийн Засаг дарга нар, Тамгын газар, Захирагчийн ажлын албаны хэлтэс, албад, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын дарга нарт даалгасугай.

  • Нийслэлийн хэмжээнд 2011 онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын газар олгох, зураг төсөв боловсруулах, техникийн нөхцөл олгох, тендер зарлах ажлыг 2011 оны 03 дугаар сарын 01-ний дотор, гүйцэтгэгч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 2011 оны 04 дүгээр сарын 01-ний дотор зохион байгуулж ажил эхлүүлэх,
  • ”Цахилгаан түгээх сүлжээ ХК”, ”Улаанбаатар дулааны сүлжээ ХК”, “Ус сувгийн удирдах газар”, “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар” зэрэг мэргэжлийн албадын шугам сүлжээ, инженерийн байгууламжийн их засварын ажлыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний дотор дуусгаж, замын байгууламжийн ажил гүйцэтгэхэд саад, чирэгдэл гарахгүй байхаар зохион байгуулах,
  • Өмнөх онуудад шалгарч нийслэл, дүүрэгт ажил гүйцэтгэсэн компаниудаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, ажил үйлчилгээ нь чанарын шаардлага хангаагүй, гүйцэтгэж байгаа ажлаа өөр байгууллагад шилжүүлсэн болон дамжуулан гэрээ хийсэн зэрэг зөрчил гаргасан гүйцэтгэгчдийг найдваргүй гүйцэтгэгчээр зарлан, цаашид нийслэл, дүүргийн тендерт оруулахгүй, гэрээ байгуулахгүй, ажил гүйцэтгүүлэхгүй байх,
  • Өмнөх онуудад хийгдэж, он дамжин хэрэгжүүлж байгаа ажлуудыг хугацаанд нь ашиглалтад оруулах,
  • Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, батлуулах, үнэлгээний хороо байгуулах, тендерийн бичиг баримтыг үнэлэх, гүйцэтгэгч сонгон шалгаруулах, зөвлөмж гаргах, гэрээ байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажилд хариуцлагагүй хандаж, зөрчил гаргасан албан тушаалтанд тухай бүр холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх,
  • Дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагад эрх шилжүүлсэн барилга байгууламжийн ажилд техникийн болон авторын хяналт тавих, санхүүжүүлэх ажлыг Хөрөнгө оруулалтын газар хариуцан, гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар ханган, гэрээт ажлыг хугацаанд нь, чанартай гүйцэтгүүлэн ашиглалтад оруулах,
  • Зам, барилгын ажилд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээтэй, манай орны эрс, тэс уур амьсгалд тохирох эсэхийг баталгаажуулсан лабораторийн сорилт, туршилтын дүгнэлттэй материал ашиглах шаардлага тавьж хэрэгжүүлэх,
  • Шинээр баригдах барилга, байгууламж, зам гүүрийн зураг, төсвийг боловсруулахад тухайн обьектийн газрын байршлыг харгалзан халаалт, цахилгаан, ус зэрэг дэд бүтцийн ажлыг бүрэн тусгаж экспертиз хийгдсэн зураг төсвийн дагуу бичиг баримтыг боловсруулж тендер зарлах. Гүйцэтгэгч сонгож гэрээ байгуулсны дараа зураг, төсөвт өртөгт өөрчлөлт оруулж байгаа асуудлыг таслан зогсоох, улсын комисс зураг, төсөвт тусгагдсан ажлыг бүрэн хянаж, хүлээн авахаас гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлыг иж бүрэн дуусгаж хүлээн авах,
  • Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажлын бүхий л үе шатанд явцын хяналт, шинжилгээ үнэлгээ өгч, ажлын явц, үр дүнг нийслэлийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад шуурхай мэдээлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  • Ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн холбогдолтой бичиг баримт нь бүрдсэн ажил, үйлчилгээний зардлыг чирэгдэлгүй графикт хугацаанд нь санхүүжүүлэх, улсын комисс ашиглалтад хүлээн авсан барилга, байгууламж, тоног, төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авч, өмчийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулах, ил тод, нээлттэй болгох,

     Хоёр. Авто зам, инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсвийг хэлэлцэх, трассыг сонгох, техникийн нөхцөл олгох, газар чөлөөлөх зэрэг ажлыг шийдвэрлэх, зохицуулалт хийх үүрэг бүхий шуурхай штабыг хавсралтаар байгуулсугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө, ажлын гүйцэтгэл, үр дүн, явц байдлын талаарх мэдээ, мэдээллийг /ulaanbaatar.mn/, /mayor.mn/ сайтуудаар болон холбогдох бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сар тутам мэдээлж байхыг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

     Дөрөв. Нийслэлд 2011 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, байдлын талаар улирал тутам Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт даалгасугай.



НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
23 тоот захирамжийн хавсралт



АВТО ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХОЛБОГДОХ АСУУДЛЫГ
ШИЙДВЭРЛЭХ ШУУРХАЙ ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮН


Дарга Б.Мөнхбаатар Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

Орлогч дарга Ч.Бат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд

Ч.Хүрэлбаатар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
Ц.Ганхүү Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын дарга
Д.Од Нийслэлийн Авто замын газрын дарга
Ц.Төрхүү Нийслэлийн Газрын албаны дэд дарга
М.Ням-Очир Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
С.Цахиур Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга
Ж.Эрдэнэчимэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
Б.Эрдэнэбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн
Б.Пүрэвжав Ус сувгийн удирдах газрын дарга
Д.Дашзэвэг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга
Н.Наранбаатар Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний Хотын сүлжээний газрын дарга
Ч.Мөнхжаргал “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ий Ерөнхий инженер
Л.Ганзориг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ий Ерөнхий инженер
Д.Бат-Эрдэнэ Улаанбаатар зам засвар арчилалт компаний захирал
Ё.Батболд Усны барилга байгууламж компаний захирал

Нарийн бичгийн дарга Л.Алтангэрэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга