Тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийв

2013-01-21 00:00:00

Сүүлийн хэдэн жилд Шар хад­ны сэтгэл мэдрэлийн эмнэл­гийн орыг дүүргэх болсон хү­мүүсийн дийлэнх нь PC тог­лоомын донт­нууд буюу бага нас­ны хүүх­дүүд. 24 цагийн турш ямар ч агааржуулагчгүй, би­түү орчинд нэгнээ алж, цу­санд хутгалдсан тоглоом тог­лож байгаа хүүхдүүд “Шар хад”-ны эмнэлэг рүү явахгүй гээд ч яах вэ. Хамгийн гол нь ин­тер­нэт тоглоомын газрыг ажил­­луулж байгаа хүмүүс хууль жур­мын дагуу үйл ажиллагаа явуу­лахгүй байгаа нь тэднийг ийн­хүү донтож, сэтгэцийн өвчтэй нэгэн болгоход хүргэж байгаа гэдгийг хэн ч ойлгож байгаа биз ээ.

 Өөрөөр хэлбэл, нийслэлд албан бус тоогоор 600 гаруй интернэт тоглоомын газар байдаг бөгөөд тэдний нэг нь ч үйл ажиллагаа явуулах эрхгүй аж. Учир нь төрийн албан хаагчид хүнд суртал үзүүллээ гэх хэл амнаас болж, журмыг нь хүчингүй болгож интернэт тоглоомын газруудад эрх чөлөө, дураараа дургих боломжийг олгосон байна. Тодруулбал, 23.00 цаг хүртэл ажиллаад хааж байвал интернэт тоглоомын газрууд хууль дүрмийнхээ да­гуу ажиллаж байна гэсэн үг юм.

Түүнчлэн 23.00 ца­гаас хэт­рүүлэн ажилласан тохиол­долд 20000 төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг байна. Үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгодоггүй хэрнээ хуулийнхаа дагуу торгоно гэдэг нь эдгээр газрууд хуулийн цоорхойг ашиглан, тэнд нуугдаж үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг юм.  Гэтэл орон сууцны подвалийн үмхий өрөөнд үйл ажиллагаагаа явуулж буй тоглоомын газрын өдөрт олох дундаж орлого нь 200-300 мянган төгрөг байдаг гэх.  Энэ мэт нөхцөл байдлыг засч хуульд өөрчлөлт оруулах үүднээс  Хууль зүйн яамнаас ажлын хэсэг гарч, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа интернэт тоглоомын газруудад цочроо өгөхөөр, өнгөрсөн баасан гарагийн шөнө гэнэтийн шалгалт хийсэн юм.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хянал­тын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд шалгалтын ажлын хэсэгт багтаж, шөнөжингөө явлаа. Гэнэтийн шалгалтад өртсөн эхний газар бол Чингэлтэй дүүргийн IV хорооны нутагт байрлах “ANGEL”  интернэт тоглоомын газар. Энэ газрын хаалгаар ороод л 00, чийг, хөлс, архи тамхины эхүүн үнэр зэрэг үнэртэж, энд хүн яаж удаан суудаг байсан гэх бодол төрсөн юм.

 Магадгүй энэ газарт тоглож байгаа хүмүүс үргэлж ордог болохоор үнэрт нь дасчихсан байдаг байх. Хяналт шалгалтын хүмүүс болоод хэвлэл мэдээллийнхнийг хараад эмээсэн бололтой тоглож байсан хүмүүс бүгд малгайгаа доош дарж, гадуур хувцсаа нөмрөөд гарах хаалга  руу зэрэг ухасхийв. Зарим нь 00-ын өрөө рүү бөөнөөрөө орж харагдсан. Гэхдээ тэнд байгаа хүмүүсийн дунд насанд хүрээгүй хүүхэд олон байсан бөгөөд бүх хүмүүсийн бичиг баримтыг нь шалгаж гаргахаар болоход 15-17 насны дөрвөн хүүхэд байсан.

Хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдүүд 19.00 цагаас хойш ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг газраар үйлчлүүлэх эрхгүй гэж заасан байдаг ч энэ газрын эзэн нь хуулиа мэддэггүй юм уу, эсвэл мэдсээр байж оруулсан уу гэдгийг хэн мэдэх вэ. Түүнчлэн энэ газар садар самуунтай тэмцэх хуулийг зөрчиж, компьютерууддаа ямар нэгэн хаалтын программ суулгаагүй байсан юм. Энэ мэт зөрчил дутагдлууд илэрсэн эхний интернэт тоглоомын газарт 20000 мянган төгрөгийн торгууль ногдуулж, нөгөөх нь ч төлөөд дараагийн газар болох Баянгол дүүргийн нутагт байрлах “Game world” интернэт тоглоомын газар руу явлаа. 

Энэ газрын хувьд өмнөх тоглоомын газартай харьцуулахад  компьютер ихтэй, үйлчлүүлэгч олон байсан юм. Гэхдээ урьдын адилаар бүгд босч, нүүрээ даран хаалганы зүг явж, энэ дунд насанд хүрээгүй хүүхэд мөн л бөөнөөрөө байсан юм. Зарим нэг нь хүний эрхэнд халдлаа гэх зэргээр хэрүүл хийж байгаа харагдсан. Түүнчлэн энэ тоглоомын газрыг ажиллуулж байгаа эмэгтэй “Манайх шөнө ажилладаггүй” гэж ам бардам хэлж байсан ч 03.00 цагт үйлчлүүлэгчтэй байсныг  нь камерын бичлэг баталж орхисон. Түүгээр ч үл барам бүх цонхоо хар даавуугаар  тагласан байсан нь шөнөжингөө ажилладаг гэдгийг нь гэрчлэх.

Ингээд ажлын хэсгийнхэн үйлчлүүлж байсан хүмүүсийн бичиг баримтыг шалгаж, насанд хүрээгүй хүүхдүүдийг саатуулж, эцэг эхэд нь хүлээлгэж өгөх талаар яригдаж эхлэхэд хүүхдүүд уйлж “Дахиж ингэж явахгүй ээ. Явуулчих тэгэх үү” гэх зэргээр гуйж эхэллээ. Энэ үед явуулж өгөхийг гуйсан хүүхдүүдийн нэг болох 15 настай хүү  “Хүүхдүүдийг энд хэдэн төгрөг авч хонуулдаг талаар би танд хэлье, харин та намайг явуулаад өгөөч” гэсэн юм. Ингээд бид тохиролцож яриа авахаар боллоо.

-Энэ газар хонож, тоглоход хэдэн төгрөг өгдөг юм бэ?

-3000 төгрөгөөр л хонуулдаг.

-Чиний хувьд энэ газар өмнө нь хонож байсан уу?

-Хоёр дахь удаагаа хонох гээд л сууж байлаа. Өмнө нь нэг удаа хоносон.

-Гэр чинь хаана байдаг юм бэ. Ар гэрийнхэндээ хоногоор явахдаа юу гэж хэлдэг вэ?

-Манайх Зурагтаас цааш Баянхошууны наана байдаг юм. Өмнө нь ээждээ үнэнээ хэлсэн л дээ.

-Гэр чинь хол юм байна шүү дээ?

-Зүгээрээ таксидаад л харьчихдаг юм.

-10 жилийн сурагч байж, такси хөлөглөх, интернэтэд тоглох мөнгөө хаанаас олдог юм бэ?

-Би 10 жилийн сурагч биш. Коллежид сурдаг. Мөнгөний тухайд хүмүүст зээлүүлсэн мөнгөө аваад л тоглодог. Гэхдээ ихэнхдээ найзуудаараа даалгуулаад л тоглочихдог юм.

-Хоногоор тоглоход хэдэн төгрөг зарцуулж байна вэ?

-9000-10000 төгрөг л болдог юм даа гэснээр бид хоёрын яриа өндөрлөж, гэр рүүгээ явна гэсээр гарлаа. Ерөнхийдөө интернэт тоглоомын газруудын байдал адилхан. Энэ газрын ширээн доогуур тамхины иш, хогийн саваар нь дүүрэн бэлэн гоймонгийн сав байсан нь эрүүл ахуй талаасаа ч, цэвэр таатай орчин бүрдүүлээгүй гээд авах зүйл нэг ч байсангүй.

Илэрсэн зөрчил дутагдлаа тоглоомын газрын эзэд өмөөрч, “Бидэнд үйл ажиллагаа явуулахад ямар дүрэм журам дагах ёстой, орчин нөхцөл ямар байх гээд мэдээлэл авах ямар ч боломж байдаггүй. Үйл ажиллагаа явуулах эрхээ авах гэж хөлийнхөө улыг эргэтэл хөөцөлдсөн ч авч чадаагүй” гэлцэж, нэгнээ өөгшүүлж байв. Уг нь ямар ч агааржуулагчгүй битүү орчинд, шөнө дөл хүртэл хүүхдүүдийг хорьж, үйл ажиллагаа явуулна гэдэг байж боломжгүй гэдгийг захын хүн мэддэг л байх учиртай биш гэж үү.

Энэ мэт хэн хэндээ тайлбар тавьж, хагас цаг гаруй саатсаны эцэст  урьдын л адил 20000 төгрөгөөрөө торгоод гарлаа. Ингээд “World Arina” гэх тоглоомын газарт очлоо. Орон сууцны дундуур сүлжин яваад ч олохооргүй газарт байрлах энэ газар 150 компьютертэй юм. Өдрийн дундаж орлого нь 500 мянган төгрөг. Үйл ажиллагаа явуулаад удаагүй ч бүх компьютер нь хүнтэй байлаа. Түүнчлэн түжигнэсэн чимээ архи  пиво байхгүй болохоос биш дуниартсан утаан дунд байгааг хараад “насанд хүрээгүйчүүийн цэнгээний газар” мэт харагдаж байсан.

Гэхдээ энэ газар бусад тоглоомын газруудаа бодвол дээд зэрэглэлийн гэж хэлж болно. Тодруулбал, VIP өрөөнүүдтэй бөгөөд тэр өрөөнд  байнгын үйлчлүүлэгчид буюу томчууд нь орж тоглодог байна. VIP өрөөтэй тоглоомын газар гэхээр сонирхолтой санагдаж, хаалгаар нь шагайтал “Тоглож байхад саад учрууллаа” гэх зэргээр хараал урсгаж, хаалгаа тас хийтэл хаасан юм. Харин зааланд байсан хүмүүсийн ихэнх нь ширээгээ орхиж, хаалганы дэргэд бөөгнөрч хурдан гарах гэж  чихцэлдэж бөөгнөрөн зогссон. Энэ үеэр зарим нэг нь “Танай газар ажиллаж байна уу. Энэ газарт шалгалт ороод ирлээ.

Манайх нэг багаа хожчихсон шүү” гэж яриад, гарч одлоо. Тэгэхээр интернэт тоглоомын газрууд нэртэй ч мөрийтэй тоглоомчдын үүр уурхай болж, тэр хэрээрээ ч чамгүй мөнгө олчихдог гэдэг нь харагдлаа. Өөрөөр хэлбэл, манай  иргэд хэмжээ хэмжээндээ мөрийтэй тоглодог гэдгийг харуулж байгаа юм. Бас болоогүй энэ үеэр нэг залуугийн цүнхнээс 0.75 граммын “Экс” архи гарч ирж, тоглоомын газрын эзнийг болоод шалгалтын хэсгийнхнийг алмайруулсан юм. Тоглоомын газрын эзэн нь хэлэх үггүй болж, өөрийн туслах залууг загнаж шалгаж оруулахад яадаг юм гэх мэтээр тэрүүхэндээ л бухимдаад авна лээ. Гэхдээ энэ бол хууль хяналтын байгууллагын өмнө тавьсан жүжиг  гэдэг нь ажиглагдсан.

Түүнчлэн энэ газрын толгой компьютер байрлах өрөөний тааз хүртлээ бэлэн гоймон өрсөн байлаа. Хориглогдоод байгаа хэрэглэхийг хориглосон гоймонгуудыг идэж, битүү орчинд нойр хоолгүй байлгаж, хэрүүл хараалын үүр уурхайд үр хүүхдүүдийг чинь байлгаж байгааг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй л болов уу. Аливаа зүйл хэрээс хэтрэхээр утгаа алддагийн адилаар интернэт тоглоомын газрууд утга алдаад удаж байгаагийн шинж энэ юм.

Шөнийн цагаар ажилладаг энэ мэт интернэт тоглоомын газруудад хонодог хүүхдүүдийн дийлэнх нь хараа хяналтгүй, бүр асрамжийн газраас оргож зугтсан хүүхдүүд байдаг гэдгийг хяналт шалгалт хийж явсан албаны хүмүүс ярьж байсан. Энэ нь ч батлагдаж, тус тоглоомын газарт Хаяг тогтоох төвөөс зугтсан гэх гурван хүүхэд явж байсныг олж авлаа. Тэдний дунд интернэт тоглоомын газруудаар хоног төөрүүлдэг хүү байсан. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Гэр чинь хаана байдаг вэ. Хэдэн настай билээ?

-16 настай. Хуучин хороололд байдаг байсан. Ээж нүүгээд алга болчихсон. Утас нь ч холбогдох боломжгүй гээд байдаг юм. Аав нас барчихсан.

-Төрсөн ах эгч гэж байдаггүй юм уу?

-Байдаг ч намайг тоодоггүй юм.

-Тоглох мөнгөө хаанаас олдог вэ?
-Ном зараад олдог. “Тод өнгө” дэлгүүртэй хамтарч ажилладаг. Тэр газраас нэг номоо 600 төгрөгөөр аваад 2500 төгрөгөөр зардаг.
-Өдрийн орлого чинь хэдэн төгрөг байдаг вэ?
-20-30 мянган төгрөг.

-Чамайг хэд хэдэн удаа асрамжийн газраасаа оргож байсан гэсэн?

-Миний байсан асрамжийн газар үнэн хогийн. Томчууд нь дээрэлхэж зодоод, багш нар нь дарамтлаад хэцүү байдаг юм.

-Ямар нэртэй асрамжийн газар юм бэ?

-Сансарын колонкийн хажууд байдаг “Гэртээ харих зам” асрамжийн газар. Т.Ганди сайдынх гэхээр хүмүүс мэддэг юм билээ.

-Сэлэнгэ аймагт байхдаа сургуульд сурдаг байсан уу?

-Ерөөсөө сургуульд сурч байгаагүй. Гэхдээ би уншиж бичиж чадна.

Энэ мэт орсон газар бүхэн асуудалтай  байж, гэнэтийн шалгалт жинхэнэ утгаараа хийгдлээ. Гэхдээ зөвхөн үйл ажиллагаа явуулж буй тоглоомын газрууд биш  хяналт шалгалт хийж байгаа байгууллагуудад ч алдаа дутагдал байсныг хэлэх хэрэгтэй. Тэдний хувьд өмнө нь энэ мэт шалгалтыг хийж байсан ч торгууль, шаардлага тавиад л өнгөрдөг байж.

Тийм дээ ч энэ газрууд алдаа дутагдлаа засч залруулахгүй бахь байдгаараа байгаа нь энэ биз. Хэрвээ тухайн үедээ хатуухан шаардлага тавьж үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авч байсан бол энэ удаагийн шалгалтаар тэд үлгэр жишээ тоглоомын газар гээд ажиллаж байгаа цагийг нь биш юм гэхэд орчин нөхцөлийг нь үзүүлж харуулаад явж байх байлаа.

Ерөнхийдөө тэдний хийдэг хяналт шалгалт нэр төдий явсан төдий мөнгө үрээд л өнгөрдөг зүйл гэдэг нь харагдсан юм. Энэ мэтчилэн шалгалт хийж байгаа нь ч тэр, шалгуулж байгаа нь ч тэр өнгөцхөн, ямар ч хууль журам сахиулахгүй байгаа нь ажиглагдсан. Ингэж ор нэр төдий ажилласан нэр зүүгээд, ирээдүй хойчоо хэнэггүй хүмүүсийн гарт орхисоор байх уу.
 

"Монголын Мэдээ" сонин