2040 оны зуны олимпийг Хүй долоон худагт зохион байгуулах боломжтой

2013-01-18 00:00:00

Засгийн газрын 2010 оны 13 дугаар тогтоолын дагуу “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийн, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийнхэн бусад мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэсэн. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар дэмжсэнээр УИХ-ын чуулганаар Цагаан сараас өмнө хэлэлцэхээр болоод байгаа ажээ. Энэ талаар нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга С.Цахиуртай ярилцлаа.

-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий тө­лөвлөгөөг боловсруулах зайлш­­гүй шаардлага юу бай­сан бэ. Цаг хугацаа нь болсон уу гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Аливаа улс хотоо хөгжүүлэхдээ шинжлэх ухаанд суурилсан ерөнхий төлөвлөгөөгөө хийдэг. Энэ нь мэр­гэж­лийн маш олон байгууллага, мэр­гэжилтнүүд нийлж хийдэг хот бай­гуу­лалтын техникийн үндсэн баримт би­чиг. Улаанбаатар хотын ерөнхий тө­лөвлөгөөг анх 1950 онд болосвруул­сан түүхтэй. Ерөнхий төлөвлөгөөг 20 жи­лээр, тодотголыг тав, арван жи­лийн үечлэлтэй хийдэг. Хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлө­гөөг 2002 онд баталсан. Энэ арван жи­лийн хугацаанд маш их зүйл өөрч­лөгд­лөө. Хууль эрх зүй өөрч­лөгдсөн, газ­рыг эдийн засгийн эргэл­тэд оруул­сан, улсын эдийн засаг тэл­сэн,  хүн ам өссөн зэ­рэг шалтгаанаар хотын ерөн­хий тө­лөвлөгөө уян хатан шинэч­лэгдэх шаардлагатай болсон. Бид ерөн­хий тө­лөвлөгөөг хийхдээ бүхий л салба­рыг тусгасан. Тэгэхээр тэр бүгдэд то­дотгол хийсэн гэсэн үг. 2020 оны ерөн­хий төлөвлөгөөг хэрэг­жүүлж бай­сан нөхдүүд учир дутагдал­тай хэ­рэгжүүлсэн гэсэн дүн гарсан учраас, үүнд анхаарал хандуулахгүй бол бо­лохгүй. Дахиад сайжруулахын тулд судалгааг маш өргөн хүрээнд хийсэн.

-Ингэж тодотгохдоо ямар зарч­м­ыг баримталсан бэ?

-Хамгийн гол нь хотын төлөв­лөлт­гүй тэлэлтийг зогсоож, нягт суурь­шилтай хот байгуулахыг бид ажлын гол шугам болгосон. Өнөөдөр Монго­лын нутаг дэвсгэрийн гурван хувьд нь хүн амын 50 хувь нь амь­дарч байна. Хэрвээ орон нутгаас нийс­лэлд шил­жих хөдөлгөөн буюу хүн амын ме­ха­ник өсөлт ингэж үргэл­жилбэл бид уух усгүй болно. Бас сур­гууль, цэцэр­лэг, эм­нэлэг, зам талбай хүрэлцэхгүй. Иймээс хотын өсөлтийн менежмэн­тийг зохицуулах, нутаг дэвс­гэрийн бүсч­лэлийг тогтоож, хот­жилтыг хяз­гаарлах нутаг дэвсгэрийг тодорхой­лох, ногоон байгууламж, гол горхи, бул­гийн тасралтгүй эко­сис­темийн хол­­боосыг тогтоон хам­гаа­лах, төмөр замын өртөөдөд тү­шиглэсэн хотын дэд төвүүдийг бай­гуулах, үйлдвэрийн бүсийг шинэчлэн зохион байгуулж, аж үйлдвэрийн парк байгуулах, бие даа­сан инжене­рийн хангамжийн төвлөр­сөн систе­мийг бүрдүүлэх зэргийг гол­чилж хо­тын ерөнхий төлөвлөгөөг тодот­голоо.

-Хүн амын төвлөрлийг ямар замаар бууруулахаар төлөвлө­гөөнд оруулсан бэ?

-Ер нь нийслэлдээ хүн амаа төв­лөрүүлсэн улс Монголоос өөр алга. ОХУ-ын Москвад хүн амынх нь зур­гаан хувь, Бээжинд нэг хувь, БНСУ-ын нийслэлд хүн амынх нь 21 хувь нь амьдардаг. Бидний тооцоолсноор 2030 онд Улаанбаатарын хүн ам 2.3-2.6 саяд хүрэх төлөвтэй байна. Тийм учраас төвлөрлийг алслагдсан дүү­рэг, дагуул хот, хаяал хот руу шил­жүү­­лэх шаардлагатай. 2030 онд Улаан­баатарын бүсэд байх 1.7 сая хүний 21 хувь нь дагуул хотдоо амь­дар­на. Одоогийн байд­лаар Улаан­баа­та­рын 1.2 сая хүн амын 97 хувь нь төвдөө үлдсэн гур­ван хувь нь дагуул хот­доо амьдарч байгаа. Бид 2030 он гэхэд 97 хувийг нь 21 хувь бол­гох зорилт та­виад байна. Монгол Ул­сын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа нийслэ­лийн бүсэд Бага­нуур, Ба­гахангай, На­лайх орж яв­даг. Улаан­баа­тар өөрий­гөө тойрсон 11 да­­гуул хот, тосгонтой ор­шин тогтнож байгаа. Энэ 11 хот тосго­ныг зөв хөг­жүүлж, дэм­жих­гүй бол няг­тарш­лыг сааруулна гэж байх­­гүй. Эх­лээд эдийн за­саг хөг­жих боломж, ус, эр­чим хүч, дэд бүтцийг ший­дэх ёстой. Жи­шээлбэл Ба­га­нуур хот Улаанбаата­рыг нүүр­сээр хангаж байгаа ганц хот. Цаашдаа тэрний­хээ дагуу нүүрсний, уул уур­хайн чиглэлийн их сур­гуу­лиуд, нүүрс бо­ловсруулах хими, технологийн үйлд­вэрүүд, барилгын материалын үйлд­вэр байж болж байна. Улаан­баатарт маш их бүтээн бай­гуулалтууд өрнөх учраас Бага­нуу­раас барилгын мате­риалыг нийлүү­лэх боломжтой. Бага­нуур 100 мянгаад хүнтэй хот бо­лох учраас хүнс, хөнгөн үйлдвэрийн үйлд­вэрийг хөгжүүлэх хэрэгтэй байгаа.

-Налайхын хувьд ямар байд­лаар хөгжүүлэх вэ?

-Харин Налайх бол Улаанбаатар хоттой хамгийн ойрхоноос гадна Хон­хор тосгонтой бараг нийлчихсэн. Тийм учраас хамгийн түрүүнд хөгжих бо­ломжтой. Налайх үйлдвэрлэл суурьшлын томоохон бүс болж хөг­жих чиглэлтэй байгаа. Энд хүнсний бо­лон барилгын материалын үйлд­вэрлэл байгуулна. Мөн Улаанбаа­тарт байгаа томоохон худалдааны төвүүд, захуудыг нүүлгэнэ. Мөн ачаа тээв­рийн ложистик терминалуудыг гарга­хаар шийдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт контайнер, ачаанууд ирэх шаардлагагүй, орон нутгаас ирсэн томоохон бараанууд Налайхад бууж, тэндээс худалдааны төвүүд рүү тараадаг байхаар тусга­сан байгаа. Дээрээс нь Налайхыг ая­лал жуулчла­лын томоохон бүс бол­гон хөгжүүлнэ. Тэрэлжтэй залгаа, Туул гол хойгуур нь Богд уул баруун урд талаар оршдог учраас аялал жуулчлалын бүс болгох боломж асар их байгаа. Энэ хот 70 мянгаад хүнтэй болно гэж тооцсон. Налайх бол аж үйлдвэрийн хот болно.

-Ерөнхийдөө энэ хоёр дагуул хот аж үйлдвэрийн бүс болж хөгжих юм байна. Тийм үү?

                                                          

-Аж үйлдвэрийн бүсэд Налайх, Багануур, Аргалант, Эмээлтийг хам­руулж хөгжүүлэхээр төлөвлөсөн. Өм­нөх төлөвлөгөөнд ч гэсэн хот дотор байгаа арьс, шир, ноос , ноолуур бо­ловсруулах үйлдвэрүүдийг Аргалант, Эмээлт рүү нүүлгэнэ гэж ярьж бай­сан. Улаанбаатарт түүхий эд оруулж ирэх шаардлагагүй, дагуул хотуудад түүхий эдийг бүтээгдэхүүн болгоод нийслэл рүү оруулж байхаар төлөв­лөсөн. Мөн Биокомбинат, Туул тос­гон, Шувуун фабрикыг ч гэсэн хөг­жүү­лэх чиглэлийг тусгасан байгаа. Үүнээс гадна Жаргалант, Партизан зэрэг тосгоныг эрчимжсэн мал аж ахуй, хүнсний ногоо, зөгийн балны үйлд­вэрлэлээр хөгжүүлнэ гэж тооц­сон. Ингэж тооцохдоо тухайн газрын дээрх, доорхи баялаг, дэд бүтэц, уламжлалт үйлдвэрлэл зэргийг хар­галздаг. Бид бол Улаанбаатарыг тойр­сон эдгээр хотын ерөнхий чиг ханд­лагыг гаргасан. Харин Улаан­баа­тар хотын ерөнхий төлөвлөгөөг на­рийвч­лан гаргасан байгаа.

-Нарантуул, Хархорин зэрэг то­моохон худалдааны төвүү­дийг хотоос нүүлгэнэ гэсэн. Яг хаа­шаа нүүлгэх билээ?

-Эдгээр зах, худалдааны төвүү­дийг аж үйлдвэрийн хотууд руу нүүл­гэ­нэ. Мөн Улаанбаатар хотод дотроо дэд төвүүдийг байгуулахад битүү ху­далдааны төвүүдийг байгуулах ёстой.

-Гэр хорооллыг 2030 он гэхэд ямар болгож хөгжүүлсэн байх бол?

-Гэр хорооллыг Монгол Улс 1924 онд тусгаар тогтносноосоо хойш хөг­жүүлээд, барилгажуулаад яваад бай­гаа. Тийм учраас энэ шинэ ажил биш. Ер нь бид гэр хорооллыг барил­гажуу­лах ажлыг өнгөрсөн 100-аад жил хий­лээ. Яагаад гэвэл хотын хам­гийн их проблемтой хэсэг нь. Энэ аж­лыг эр­чимжүүлж байгаа учир нь Улаан­баа­тарын хүн амын 70 хувь нь энд амь­дарч байна. Тэгэхээр гэр хо­рооллыг барилгажуулахын тулд эх­лээд зам тээврийг харилцааг нь сайж­руулж, инженерийн дэд бүтцүү­дийг барьж өгөх ёстой. Усан хан­гамж, бохир нь ямар байхыг шийдэж өгөхгүй бол болохгүйгээс гадна нийг­мийн дэд бү­тэц буюу сургууль, цэ­цэр­лэг, эмнэл­гийн асуудлыг шийдэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөнд иргэ­дэд төрийн үйл­чил­гээг ойртуулахыг голчлон авч үзсэн. Баянхошуугаар жишээлж хэлье. Энд 2030 он гэхэд 31255 өрхийн 111 мян­ган хүн байна. Үүнээс нь ажиллах нас­ны 41500 хүн байна. Энд 27630 хүүх­дийн сургууль, 13881 хүүхдийн цэ­цэр­лэг барих ёс­той. Биеийн тамирын 8600 м2 тал­байтай барилга, 1100 ортой эмнэлэг хэрэгтэй. Кинотеатр, номын сан, му­зей зэрэг соёл ахуйн үйлчилгээний байгууллага барих нь гарцаагүй гээд бид талбайнх нь тоо­цоог хийчихсэн. Энэ баримт бичгийг төрийн бусад байгууллага дагаж мөр­дөх учиртай. Бүх төлөвлөлт, хэсэг­чил­сэн болон мастер төлөвлөгөө, ажлын зургууд үүн дээр уялдаж хийгдэх ёстой.

-Улаанбаатарын алслагдсан гурван дүүрэг хот болчихож бай­гаа юм байна. Тэгвэл тө­вийн зургаан дүүрэг ямар за­саг захиргааны нэгжээр явах вэ?

-Одоо бол Улаанбаатар засаг за­хиргааны нэгжээрээ хуваагдаж бай­гаа. Олон улсад бол хот байгуулал­тын нэгж, засаг захиргааны нэгж нь нэг байдаг. Орон зайн төлөвлөлтөө бодохоор хот байгуулалтын нэгж нь хамтдаа байх шаардлагатай. Тийм учраас Улаанбаатар хотын зургаан дүүргийг найман дүүрэг болгохоор са­нал нэгдсэн. Төвөвлөлтөөр хуваа­сан найман дүүрэг нь 47 хороололд сал­на. Ямар хороололд цэвэр орон сууц байх, ямарт нь үйлдвэр үйл­чил­гээ байх вэ гэдгийг нь ялгасан. Хот тос­гоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хонхорыг Баянзүрх дүүр­гийн нэг хороо гэж нэрлэгдэж болох­гүй. Уг нь тосгон байхгүй юу. 2030 онд хүн ам нь хөгжөөд ирэхээр Хонхор хот болж өргөжих учраас тусдаа засаг захиргаатай байх нь зүйтэй гэж үзсэн.

-Нийслэлд хэдэн сургууль, цэ­цэрлэг барих шаардлагатай вэ. Намар болохоор хүүхдээ сурал­цуулах газар олдохгүй байна, эмнэлэг барих газаргүй байна гээд ярьдаг шүү дээ?

-Улаанбаатар хотод одоогийн байд­­лаар 106 мянган хүүхдийн суу­дал байдаг. Сургуулийг суудлын тоо­гоор хэлдэг. Зөвхөн өнөөдөр ярьж бай­гаа хугацаагаар 160 мянган суу­дал хэрэгтэй байна. 54 мянган суу­дал дутаж байна гэсэн үг. Үүнийг мян­ган хүүх­дийн суудлаар бодож үзэхээр ахиад 54 мянган сургууль нэмж барих ёс­той гэсэн үг. 2030 оны төвшинд гэхэд ахиад 100-аад сур­гууль шинээр барихаар байна. Яа­гаад гэвэл хэдэн хүүхдэд хэдэн сур­гууль хэрэгтэй, гэрээс нь сургууль тийм зайнд байна гэж нормд нь заа­сан байгаа. Тэгж байж бид аюулгүй, хүнлэг, хүнийхээ хөгжлийг дэмжсэн сайхан хот болж хөгжих ёстой. Яг барих гэхээр мөнгө­гүй гэж сууж болохгүй. Яагаад гэвэл хүнээр бол хоолтой, орон гэртэй, тэн­дээ унтах ёстой гэдэг шиг анхан шат­ны шаардлага нь ийм байна.

-Замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд олон шийдвэрийг хотын за­хир­гаанаас гаргалаа. Хэрвээ зам, гүүр олныг барьчихвал ин­гэж эсэргүүцэлтэй тулга­рахгүй биз дээ?

-Тийм. Улаанбаатарын маш бо­ги­нохон буюу 711 км замаар 200 мян­ган машин явдаг. Гэтэл ирээдүйд 600-700 мянган машин явах тооцоо гар­сан. Үүнд дор хаяж 3000-4000 км зам шаардлагатай байгаа. Энэ олон ма­шиныг явуулахын тулд замын асууд­лыг төлөвлөгөөнд нарийн сайн тусга­лаа. Одоо бол зүүнээс баруун руу чиглэсэн нэвт гардаг ганц зам­тай. Бид нэрв гардаг зургаан зам тө­лөв­лөсөн байгаа. Хот руу ороод нэг­дү­гээр хо­роол­лоос Хамбын овоогоор дамжиж Хайлаастаар дайрч Моне­лийн замаар ордог нэг зам байна. Та­хилтаас Баян­хошуугаар дайрч До­лоон буудлаар ордог бас нэг зам хий­нэ. Урдуураа гэ­вэл, цахилгаан станцуудын хажуугаар Үйлдвэр ком­бинатын урдуур яваад Сонсголон­гоор огтлолцоод Энхтайв­ны гүүрний тэрүүгээр Нарны замтай холбогддог зам барина. Бүр урдуур нь гэвэл Туул голын хойгуур явдаг зам бас ба­ри­хаар төлөвллөлтөд тусгалаа. Түү­нээс гадна Туулын даланг өргөс­гөөд зам тавьж Налайх хүртэл зогсох­гүй хурдны зам тавихаар болж бай­гаа. Босоо тэнхлэгт Дархан, Сэлэн­гээс ордог замыг улсын чанартай бол­гож Нисэх, яармагтай холбож Туул голын гүүр давж Төв аймагтай хол­богд­дог замтай болгоно. Мөн Сонсго­лонгийн замыг нэгдүгээр хорооллын дээгүүр Хамбын овоотой холбодог зам ч байж болно. Энэ том замууд той­рог мая­гаар хоорондоо холбогдо­но. Жи­жиг замууд бол тусдаа асуудал уч­раас нарийвчилсан төлөвлөгөөнд оруулна. Мөн Баянголын амнаас нэвт гараад Яармаг руу ордог зам бас бай­на. Одоо бол хөдөөнөөс хот руу хоёр цагийн зайтай газраас орж ирээд хотын төв рүү нэг цаг түгжирч байж орж ирдэг. Тэгвэл замууд ашиг­лалтад орсны дараа 10-20 минут л зар­цуул­на. Нэвт гардаг ганц зам дээр зургаан нэмж баривал долоо дахин цаг хэм­нэнэ гэж ойлгож болно.

-Эрчим хүчний шинэ эх үүсвэ­рийг хаана барихаар хотын ерөнхий төлөвлөгөөнд оруул­сан бэ?

-Тавдугаар станцыг зайлшгүй ба­рих ёстой. Барихдаа өмнө нь явж бай­сан зарчмын дагуу III цахилгаан стан­цын хажууд барина гэж тусгасан бай­гаа. Засгийн газар бол Налайх, Хон­хор хавьцаа барихаар ярьж бай­гаа. Тэнд барихын тулд нарийвчил­сан судалгаа хийхгүй бол доороо цэв­дэгтэй, хөрсний устай, дархан цаа­зат газар оршдог байрлал шүү дээ. Тав­дугаар цахилгаан станцыг барихаас гадна Улаанбаатар хот нь дан ганц төвлөрсөн дулаанаар хан­гагдах нь өөрөө буруу.

-Яагаад?

-Тэр станц дээр аваар гарахад хот тэр аяараа байхгүй болно шүү дээ. Бензинийг ОХУ-аас хангаж бай­гаа­тай яг адилхан. ОХУ гэдийчихвэл бид таг бол­дог шиг. Түүнтэй адилхан нэг юм­наас хамааралтай байх нь аюулгүй байдлын хувьд болохгүй. Нө­гөө та­лаар үнийн өсөлтийг дийлэ­хээ боли­но. Тийм учраас дэлхийн бусад улсад биеэ даасан станцуудыг өндөр техно­логиор барьж байна. Бид биеэ даа­сан, хэсэгчилсэн, өндөр тех­нологийн станцуудыг олон барихаар төлөвлө­гөөнд тусгасан байгаа. Өө­рөөр хэл­бэл, хог, ялгадасыг бөөг­нүүлж бай­гаад нано төвшинд ша­таа­гаад эрчим хүч гаргачихдаг ийм стан­цуудыг Улаанбаатарт оруулж ирэх цаг бол­сон. Тэгж байж Улаанбаатар утаанаа­саа салах боломжтой. Зураг төсөл дээрээ V станцыг барих нь зөв, хотын зүүн талд байгаа УС-15-ыг том­руулж хотын зүүн хэсгийг дулаа­наар ханга­даг станц болгож, хотын баруун талд хэд хэдэн биеэ даасан хэсэгчилсэн станц барих нь зөв гэж оруулсан байгаа.

-Бас яам агентлагийг хотын зах руу нүүлгэе гэсэн саналыг иргэд гаргадаг. Улаанбаатар хо­тыг 2030 он хүртэл хөгжүү­лэх ерөнхий төлөвлөгөөнд энэ талаар тусгасан болов уу?

-Хотын төвд шавсан бүх сургууль цэцэрлэг, яам, тамгын газрыг дүүрэг дүүрэгт нь нүүлгэнэ. Бага тойруу ор­чим бол хотын хуучин төв болж үл­дэ­нэ. Харин нисэх, яармагийн орчим га­зар хотын шинэ төв болно. Тийм бо­лохоор Баянхошууны хүн хотын төвд Сүхбаатарын талбайд зураг даруулах гэж, театрт орох гэж л ирнэ. Өөрт нь хэрэгтэй бүх газар хажууд нь нүүгээд ирэхээр тэр хүнд хотын төвд ирэх шаардлагагүй болно. Зас­гийн газрын гол гол яам, функциудыг Нисэх, Яар­магт байх нь зүйтэй гэж үзсэн. Дүүрэг, дэд төвүүддээ орон нутгийн захир­гааны байгууллага нь оччихно.

-Төлөвлөгөөнд иргэдийн амрах газар, аялал жуулчлалын цог­цол­бор зэргийг хэр зэрэг тусга­сан бол. Орон нутгийн зорих­гүйгээр нийслэлдээ гэр бүлээ­рээ зугаалах газрууд байх уу?

-Амралтын бүсэд өчнөөн байр­шил тогтоосон. 2-3 хоногийн амралт бол Тэрэлж, Цонжин болдогт байж болно. Бид Биокомбинат, Сонгино, Шувуунфабрикт аялал жуулчлалын маш том бүс байхаар тооцоолсон. Зун нь энд усан паркт тоглож, Туул голд завиар аялдаг, улсын хэмжээний уралдаан тэмцээнийг тэнд зохион байгуулдаг болно. Туул голын эрэг да­гуулж үлгэрийн хотхон, Тоорил ван­гийн ордон, түүх соёлын цогцолбор байгуулна. Өвөлдөө тэнд гулгаж, мо­рин чарга, нохойтой чаргаар зугаалж болно. Энд гэр бүлээрээ зугаалдаг байхаар тусгасан. Мөн Баянхошуу, Дамба, Дарь-Эхийн нүцгэн уулуудыг парк, цэцэрлэгт хүрээлэн болгож тохи­жуулна. Тэгвэл хүүхдийн парк, Үн­дэсний цэцэрлэгт хүрээлэн орох гэж махаа идэх шаардлагагүй болно.

-Ерөнхийлөгч 2040 оны зуны олимпийг Монголд зохион бай­гуулах боломж бий гэж хэлсэн. Тэр хүртэл олимпийн хотхон барьж, метрополитан хотын хөгжлийн зэрэгт хүрэх боломж бидэнд байна уу?

-Бид нар Ерөнхийлөгчийг ярихаас өмнө төлөвлөчихсөн байсан. Монгол наадмаа бид Хүй долоо худаг, Төв цэн­­гэлдэх, хотын төв гэсэн гурван га­зар зохион байгуулдаг. Наадмын өд­рүү­дэд ингэж гурван газар хэсч, түг­жирч байх шаардлагагүй гэж үзсэн. Дээр үед даншиг наадмаа хийж бай­сан Хүй долоон худагт 100 мянгаад хү­ний суудалтай цогцолбор барих ёс­той гэж төлөвлөсөн. Тэнд ямар ч тив, дэлхийн тэмцээн, оддын шоу тог­лол­тыг зохион байгуулах боломжтой. Олим­пийн наадам дотроо олон тө­рөл­­­тэй. Тийм учраас томоохон төр­лүү­­дийг нь Хүй долоон худагт, жижиг тэм­цээ­нүүдийг хотын төвдөө ч хийх бо­­ломжтой байгаа. Гэхдээ үүн дээр тө­лөвлөлтийг бүр нарийн гаргаж хийх ёстой. Бид гурван жилийн хугацаанд хотын ерөнхий төлөвлөгөөг тодотгох­доо Жайка олон улсын байгууллага, Герман, Францийн зөвлөхүүдийн тус­ламжтайгаар гайгүй сайн төлөвлөгөө гаргалаа. Өмнө нь байсан 2020 оныг хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө ч сайн бай­сан. Гэхдээ энэ төлөвлөгөө гар­чих­­­лаа гээд бүх зүйл бүтчихгүй. Улс мөн­­гөтэй боллоо гээд бодлогыг нь то­дорхойлж өгөөд байхад бодоогүй зүйл­дээ мөнгөө зарцуулж болохгүй. Бид ирээдүйгээсээ асар их мөнгийг зээлчихсэн явж байна. Хэрвээ төлөв­лөгөөгүй зүйлд мөнгө үрвэл өр зээл­тэйгээ үлдэнэ. Тийм учраас нарийв­чилсан, хэсэгчилсэн деталь юмаа хийс­нийхээ дараа мөнгөө зарцуулах хэрэгтэй.

 

Г.Улсболд