Буруу рультэй машин ХААШАА ЭРГЭХ ВЭ

2013-01-18 00:00:00

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Eagle” теле­визээс зохион байгуул­сан хэлэлцүүлэгт орол­цож буруу талдаа руль­тэй автомашиныг ням га­ригт явуулахгүй байх та­лаар ярилцлаа. Хэ­лэл­цүүлэгт “Үндэсний шуу­дан”, “Өдрийн со­нин”, MN-25, UBS, C1, MNC болон NTV телеви­зийн сэтгүүлчид оролц­сон юм. Энэхүү хэлэл­цүүл­гийг тоймлон хүргэе.

-Таны хувьд долоо хо­ногийн нэг өдөр буюу ням гаригт буруу талдаа рультэй автомашиныг хязгаарлах санал асуул­гыг хоёр дахь удаагаа явуулах гэж байна. Гэх­дээ энэхүү санал асуул­гыг анх явуулахад бүдэр­сэн байгаа. Харин хоёр дахь удаагаа явуулах гэж байгаагийн үндэслэл нь юу байна вэ?

-Энэ асуудлыг анх үндэс­лэл их муутай тавьсан. Өө­рөөр хэлбэл, үндэслэлээ то­дорхой тайлбарлахгүйгээр бүтэн сайн өдөр буюу ням гаригт буруу талдаа рультэй автомашиныг замын хөдөл­гөөнд оролцуулахгүй байя гээд шууд тулгачихсан юм. Ингээд үндэслэлээ сайн танилцуулах­гүйгээр нэгдүгээр сарын 3-5-ны хооронд 100 мянган хүний дунд санал асуулга явуулсан. Тэгэхэд 18.8 хувь нь буюу 18 мянган хүн хариу өгсөн байдаг. Үүний 74.5 хувь нь эсэр­гүүц­сэн. 25 орчим хувь нь дэмжсэн. Нэг үгээр хэлбэл энэхүү са­нал дэмжигдээгүй. Гэхдээ буруу талдаа рультэй авто­машиныг бүтэн сайн өдөр хязгаарлах саналыг энэ сарын 20-нд дахин явуулах гэж байна. Яагаад гэхээр анхнаасаа бид үндэслэлээ сайн тайлбарлаж чадаагүй. Харин энэ удаад иргэддээ үндэслэлээ сайн танилцуулаад дахин явуулж үзэе гэж шийдвэрлээд байна.

-100 мянган хүнээс 18 мянга гаруй нь санал асуулгад оролцсон гэж байна. Гэхдээ 18 мянга гэдэг тоо бол 100 мянган хүний тал ч хүрэхгүй тоо. Тэгэхээр дахин санал асуулга явуулахад ямар үр дүнд хүрэх бол. Өө­рөөр хэлбэл, 18 мянган хүнээс илүү хүн энэхүү санал асуулгад оролцох болов уу?

-Бидний хувьд яагаад бу­руу талдаа рультэй машиныг замын хөдөлгөөнд оролцохыг нь хязгаарлах гээд байгаа юм гэдэг талаараа эхлээд хэд хэ­дэн үндэслэлээ сайн танил­цуулъя гэж төлөвлөж байгаа. Ту­хайлбал, сүүлийн үед нийс­лэлд гарч байгаа авто ослын тоо харьцангуй нэмэгдсэн. Мэдээж эдгээр ослын дийлэнх нь хурд хэтрүүлсэн, согтуу байх үедээ машин барьсантай холбоотой. Гэвч осол гаргаж байгаа шалтгаануудыг нь байр эзлүүлээд харахаар буруу талдаа рультэй автомашин дийлэнхийг нь эзэлдэг. Үүнтэй холбоотой хэдэн баримт дур­дъя л даа. 2010 онд гарсан 50.2 хувь, 2011 онд 51.6, 2012 онд 59.2 гэх зэргээр буруу талдаа рультэй машинаас үүдэлтэй зам тээврийн осол дандаа өссөн байх жишээтэй. Нэг ёсондоо буруу талдаа рультэй автомашины тоо өсөх тусам зам тээврийн осол өсч байна. Ялангуяа нийслэлийн гаднах хурдтай явдаг томоохон за­мууд дээр гарч байна. Энэ мэтчилэн зам тээврийн осол гарах нэг шалтгаан нь буруу талдаа рультэй автомашин болж байна. Хоёрдугаарт, за­мын хөдөлгөөний тухай хуу­лийг хэрэгжүүлж байгаа байдал нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдгөө бидний мөрдөж байгаа замын хөдөл­гөөний дүрэм нь баруун гар талдаа. Мөн бүх жолооны сур­галтын газрууд нь дандаа баруун гарын дүрмээр заах жишээтэй. Нөгөө талаас бид Венийн конвенцид нэгдчихсэн улс шүү дээ. Венийн конвен­цид болохоор замын хөдөл­гөөний дүрмэнд заагдсан га­рын­хаа дагуу явна гэж заасан байдаг. Тэгэхээр бид хууль зүйн талаасаа асуулдалд ор­чи­хоод байгаа юм. Гурав­дугаарт, өдөрт нийслэлд 150-300 машин шинээр замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ бол Гадаад харилцааны яамны баруун талын замыг бүхэлд дүүргэх хэмжээний тоо. Ийм хэмжээний машин өдөр бүр замын хөдөлгөөнд орол­цоод байхаар зам нь ачааллаа дийлэхгүй нь тодорхой шүү дээ. Нөгөө талаас өдөр бүр Гадаад харилцааны яамны баруун тал шиг замыг өдөр бүр барьж байж үүнийг зохицуулах шаардлагатай тулгарч байгаа юм. Гэтэл бидэнд тийм бо­ломж бололцоо байна уу гэвэл байхгүй. Та нар анзаарсан бол нийслэлийн замын хөдөл­гөөний түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Үүнээс үү­дэлтэйгээр удахгүй болох Цагаан сарын баяраар бидний ярьдаг тэг зогсолт болох нь. Мөн замын хөдөлгөөний та­лаар авсан багц арга хэм­жээ­нээс хойш нийслэлд өдөр бүр 20 мянган автомашин шинээр орж ирж байна. Ингэхдээ өнөөх дугаарын хязгаарлалтын хяналтаа алдах гээд байна. Нөгөө талаас замын хөдөл­гөөний талаар авсан багц арга хэмжээг авахдаа хагас бүтэн сайн өдрийг оруулаагүй. Ту­хайн өдрүүдэд иргэд машинаа бариад түгжрэлд яваад орно уу, гэртээ сайхан амарна уу гэх зэргээр сонголтыг нь үл­дээ­чихсэн. Гэтэл хагас бүтэн сайн өдөр нь тэг зогсолт болдог бол­чихож. Энэ мэтчилэн асууд­лаас болж бүтэн сайн өдөр бу­руу талдаа рультэй машиныг хязгаарлах гээд байгаа юм.

-Эхний удаад явуулсан санал асуулгад оролц­сон 18 мянган хүний хэч­нээн нь буруу талдаа руль­тэй автомашин барь­даг байсан юм бол. Үүнийг судалж үзсэн үү. Иргэдийн эсэргүүцэж байгаа нэг үндэслэл нь хүний хувийн өмч рүү хэтэрхий халдаж байна гэж үзээд байгаа шүү дээ?

-Энэхүү санал асуулгыг явуулахдаа хүний хувийн өм­чид халдах гээгүй. Нөгөө та­лаас бусдынхаа эрхийг хам­гаа­лахын тулд хязгаарлалт, албадлагын арга хэмжээг аль ч нийгэмд авдаг. Тухайлбал, тамхи татах нь бусдад хортой байдаг учраас олон нийтийн газарт татахыг нь хориглодог. Яг л үүн шиг арга хэмжээг авах гээд байгаа юм. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд буруу талдаа рультэй автомашинаас үүдэлтэй зам тээврийн осол 10 хувиар өсчи­хөөд байна шүү дээ. Нэг ёсондоо манай эдийн засгийн өсөлтийн дараа л давхиж байна.

-Манай замын хөдөл­гөө­ний тухай хуулийн хувьд баруун гарын дүрэмтэй­гээр явж байгааг та хэл­лээ. Нөгөө талаас Монгол Ул­сын хүн амын нас ба­рал­тын гурав дахь шалт­гаан нь зам тээврийн осол болж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан. Ер нь зүүн талдаа рультэй ав­то­машины осол хэдэн хувийг эзэлдэг юм бэ. Энэ талаар ямар нэгэн су­далгаа байгаа юу. Үү­нээс гадна ням гаригт баруун талдаа рультэй машиныг явуулахгүй юм бол бямба гаригт зүүн талтайг нь явуулахгүй байя гэсэн барьцах сэт­гэл ир­гэдийн дунд байна.

                                 

-Зүүн талдаа буюу зөв руль нь зам тээврийн осол гарах шалтгаан болдоггүй. Нэг ёсон­доо руль нь зөв байгаад тэр нь ослын шалтгаан болно гэж хаа­на ч байдаггүй. Өөрөөр хэлбэл, зүүн талдаар рультэй машинд зориулж замын хөдөлгөөний бүх дүрэм нь хийгдсэн. Харин зам тээврийн осол гарах шалт­гаан нь буруу рультэйгээс болж байна гэдгийг дэлхий даяар мэднэ. Жишээ нь буруу талдаа рультэй автомашин гүйцэж түрүүлэхдээ бүтэн биеээрээ гарч түрүүлдэг. Гэтэл цаанаас нь машин орж ирсэн тохиол­долд ямар ч хариу арга хэмжээ авч чадахгүй бай­саар осолд орох жишээтэй. Хоёр­дугаарт, буруу рультэй машиныг ням гаригт, зөв рультэйг нь бямба гаригт хязгаарлах нь байж болохгүй зүйл. Нэг ёсондоо хуулиа хэрэгжүүлснийг нь, хэ­рэг­жүүлээгүйтэй нь барь­цуул­на гэдэг боломжгүй зүйл.

-Хэрвээ санал асуулга үр дүн эерэгээр гарлаа гэ­хэд одоо гарч байгаа ос­лын хэмжээ хэдэн ху­виар буу­рах вэ. Энэ та­лын тооцоо судалгаа хийсэн үү?

-Дээр хэлсэнчлэн сог­туу­гаар 20, хурд хэтрүүлсэн  30 хувьтай гээд бодоход буруу талдаа рультэй автомаши­наас үүдэлтэй зам тээврийн осол 50 хувьтай болоод бай­гаа юм. Харин санал асуул­гын үр дүнд хязгаарлахаар болвол энэ тоо буурна. Нэг ёсондоо буруу талдаа руль­тэй автомашинаас гардаг зам тээврийн осол гарах шалтгаан байхгүй болно. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд 100 мянган хүнээс 18 мянга санал өгсөн. Гэхдээ энэхүү санал асуулгад зөв талдаа рультэй машин барьдаг иргэд идэвхтэй оролцоохгүй байх гэж бодоод дахин найдаж үзэх гээд байгаа юм.

-Замын хөдөлгөөнд орол­­цож байгаа авто­ма­шины хэчнээн ху­вийг нь буруу талдаа ру­льтэй автомашин эзэл­дэг юм бол. Иргэ­дийн 74 хувь нь эсэр­гүүцсэн байхад да­хин санал асуулга явуу­лах шаардлага байгаа юм уу?

-Зарим сонин хэвлэлээр буруу талдаа рультэй авто­ма­шин 60-70 хувийг эзэлдэг гэж бичсэн байна лээ. Нэг ёсондоо зүгээр л нүдний барим­жаагаар хэлсэн бай­сан. Харин бидний хийсэн судалгаагаар нийс­лэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт авто­машины 48.9 хувь буруу тал­даа рультэй юм билээ. Энэ бол албан ёсны бодит тоо. Нэг ёсондоо 50, 50 хувь гэсэн үг.

-Гэхдээ иргэдийн бу­руу талдаа рультэй ма­ши­ныг ая тухтай байдал, үнэ хямд, байгаль ор­чинд харьцангуй ээл­тэй зэрэг олон шалт­гаа­наар сон­годог. Ийм машин сүү­лийн үед Япо­ноос их орж ирж байна. Тэгэхээр заавал хязгаарлалт хийж хо­риглож байхаар Япо­ны талтай гэрээ хэлэл­цээр хийгээд зөв талдаа рультэй машин оруулж ирэх боломжгүй юу. Хү­мүүс үүнийг л хүсээд байгаа шүү дээ?

-Мэдээж хязгаарлалтын арга хэмжээ аваад үүнд нь өртөж байгаа иргэддээ эргүү­лээд шинэ нөхцөл байдалд таа­руулах тал дээр дэмжлэг үзүү­лэх ёстой. Энэ нь ч бидний үү­рэг. Гэхдээ буруу талдаа рулийг зөв талд нь болгодог үйлдвэр байгуулах, түүнийг нь оруулж ирнэ гэж хэлж чадах­гүй. Нөгөө талаас манайх шиг зам муутай газар хамгийн тохиромжтой тээв­рийн хэрэгсэл нь Япон авто­машин. Гэхдээ би долоо хоногт ганцхан өдөр шүү дээ гэж иргэдээсээ гуйгаад бай­гаа юм. Тэгж ярих юм бол дулааны улиралд авто­ма­шин­гүй өдөр ч зохион байгуулж байсан биз дээ.

-Энэхүү  шийдвэрийг заа­­вал хэрэгжүүлэх гээд байгаагийн цаана хэн нэгний ашиг сонирхол яваад байна уу гэсэн хардлагыг төрүүлж бай­на л даа. Өөрөөр хэлбэл, Япон машиныг нэг мөр хориглоод Солонгосоос машин оруулж ирэх хэн нэгэн улстөрчийн шахаа яваад байна уу?

-Буруу талдаа рультэй автомашиныг хязгаарлах гээд байгаагийн цаана ямар нэгэн хүний эрх ашиг байхгүй гэдгийг бардам хэлье. Тийм эрх ашигт хөтлөгддөг хүн би биш. Нөгөө талаас буруу талдаа рультэй автомашиныг хязгаарлалтад оруулж байгаа нь ерөөсөө л зам тээврийн ослыг бууруулах арга хэмжээний нэг.

-Иргэдийн хувьд одоо­гоор айдастай байгаа. Тэр нь юу вэ гэхээр бу­руу талдаа рультэй ав­томашиныг хязгаарлах замаар оруулж ирэхийг нь нэг мөр хориглох оролдого яваад байна гэж. Үүнээс болж буруу талдаа рультэй машин авснаараа хохироод үл­дэх нь гэсэн болгоомж­лол хэдийнэ үүсчихсэн байгаа шүү дээ?

-Долоо хоногийн нэг л өдөр машинаа барихаа больчих. Тэр тусмаа амралтын өдөр гэдгийг иргэддээ би хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ буруу талдаа руль­тэй машин барьдаг иргэдийг бол ойлгож байна. Тэр битгий хэл энэ асуудлыг тавьснаас болж манай намын зарим нөхдүүд “Биднийг маш хүнд байдалд орууллаа” гэх зэргээр дарамт их байна. Гэхдээ би хотын дарга болохдоо иргэ­дийн оролцоотой бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг шийдвэр гаргалаа гэхэд зөвхөн иргэдийн оролцоотойгоор шийднэ. Үүнд ямар нэгэн улстөрийн нөлөө байхгүй. Бид гаргасан шийдвэр гаргасан шиг гаргаж чадахгүй олон жил боллоо шүү дээ. Харин гадаадын улс орнуудад нэг л шийдвэр гаргадаг. Ту­хайл­­бал, А болон В бүс гэж ан­гилаад түүнд нь төлбөр тогтоо­дог. Бид ч үүнийг ярил­цаж үз­сэн. Гэхдээ ингэж төлб­өр тог­тоо­вол ядуу иргэддээ цохилт болчих гээд байгаа юм. Нэг ёсондоо хөрөнгийнх нь байд­лаар ялгаварласан шийд­вэр бол­чих гээд байгаа юм. Тий­мээс үүнээс аль болох зайлс­хийх талаас ажиллаж байна. Дугаарын хязгааралтын хувьд тухайн иргэний нийг­мийн байд­лыг ерөөсөө ялга­равлаагүй. Зөвхөн дугаарын ялгаа байгаа. Түүнд нь баян байна уу, ядуу байна уу ял­гаагүй.

Гэхдээ түгжрэлээс ангижрах хамгийн энгийн арга нь нийтийн тээврээ хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл, гэрээсээ гарахад нийтийн тээвэр нь хүлээгээд байж байх жишээтэй. Хэрвээ хөрөнгө мөнгөнийх нь боломж бололцоо бүрдчихвэл удахгүй дэлгүүрүүдийн үүдэнд дугуй болон цахилгаан машин тавина. Энэ мэтчилэн нийтийн тээврийг бүх хүнд хүртээмжтэй болгож байж замын түгжрэлээс гарна. Тэгэхээс бус заавал машин унаад арчлаад явна гэдэг бол төвөгтэй. Нөгөө талаас бүтэн сайн өдөр буруу талдаа рультэй машиныг хязгаарлахаар хүн амын 50 хувь нь хөдөлгөөнд оролцож чадахаа больж байгаа юм. Тэгэхээр энэ өдөр нь нийтийн тээврийн шинэ менежмент оруулж ирэх зайлшгүй шаардлага тулгарна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ аль болох иргэдэд хүр­тээмжтэй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллах юм.

-Нийслэл рүү чиглэсэн төвлөр­лийг багасгах хамгийн оновчтой зүйл засаг захиргааны байгууллагыг хотын зах руу нүүлгэх гэж ярьдаг ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Таны хувьд нийслэлийн засаг захиргааны бай­гууллагыг хотын зах руу нүүлгэх асуу­далд ямар байр суурьтай явдаг вэ? 

-Бид Баянхошуунд эмнэлэг цэцэр­лэг барих замаар хотын төвлөрлийг сааруулна гэж тооцоолж байгаа. Бүр цаашлаад хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ. Гэхдээ энэхүү шийдвэр хараахан гараагүй. Удахгүй Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал­даанаар танилцуулна. Тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулаад хэрвээ аль аль нь зөвшөөрөх юм бол хотын захиргааны шинэ төвийг Баянхошуу буюу Ханын материалд байгуулна. Нөгөө талаас японууд хамгийн сүүлийн тусламжаа дэлхийн жишигт хүрэх эмнэлэг баръя гэсэн. Харин энэхүү эмнэлгийг Баянхошуунд бариулая гэж төлөвлөж байгаа. Мөн Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Баянхошууны эцсийн буудал, Долоон буудлын эцсийн буудалд Дархан шиг том хот байгуулахаар болсон.

-Ирэх ням гаригийн санал асуулгыг ямар зарчмаар явуулах гэж байна вэ. Өмнөх шигээ санамсаргүй байдлаар сонгогдсон 100 мянган хүнд хандах уу?

-100 мянган хүнийг сонгохдоо тэр энэ гээд сонгоод явуулсан гэж бодохгүй байна. Энэ бол төвөгтэй хэцүү ажил. Ирэх ням гаригийн санал асуулгын хувьд ч өмнөх шигээ 100 мянган хүн рүү явуулна. Яагаад гэхээр анх яаж санал авсан тэр хэвээрээ л авах ёстой. Тэгэхгүйгээр өөрчлөөд явуулбал будлиантай болчихоно.

-Өөр нэг зүйлийг нэмж асуухад сүүлийн үед иргэдээ хэтэрхий хянаж цагдах бодлогыг төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх гээд байна. Тухайл­бал, сайтуудын сэтгэгдлийг хориг­лох, хэвлэл мэдээллийн хэрэгслийг эздээс нь салгах гэх зэргээр. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд дээд төвшинд Засгийн газрын сайд, агентлагийн зарим дарга нар хийж байгаа үйлдэл өдөр ирэх бүр сэтгэл зовинох болсон. Ерөнхий­лөгчтэй уулзахад ч надтай адилхан бодолтой байна лээ. Тухайлбал, хэвлэлийн, бизнесийн эрх чөлөө рүү дайрч байна. Хүний өмч хөрөнгүй рүү дайрах үйл явц маш идэвхтэй болж байна. Үүний хоморгонд нь би ч өртөөд байна. Уг нь хууль ёсыг сахиулах арга хэмжээ бол нэг тусдаа ойлголт. Зүгээр л хүмүүс рүү дээрэнгүй хандаж байна гэдэг нь нөгөө тусдаа. Харамсалтай нь, хууль ёсыг сахиулах арга хэмжээ бүрхэгдээд байна.

-Та нийслэлийн 373 жилийн ойгоор телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Энхтайваны гүүрийг хувийн өмчид шилжсэн, бүр цаашлаад хувь хүний нэр дээр байдаг гэж хэлсэн. Үүнээс болж гүүрэнд засвар үйлчилгээ хийхээс эхлүүлээд дорвитой шинэчилж чаддаггүй гэсэн. Энэ үнэн юм уу?

-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, Энхтай­ваны гүүрийг хувийн компанид эзэм­шүүлчихсэн юм билээ. Гэтэл өнөөх компани нь юу ч хийгээгүй хамаг газрыг нь зарчихсан. Нэг ёсондоо хувьдаа авсныхаа дараа газрыг нь зараад үрэн таран хийчихсэн.

-Үүнд ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Одоогоор шалгалт хийж байгаа.

-Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн дарга Д.Баттүвшингийн нэр байдаг гэл үү?

-Тийм.

С.ГАНДӨЛ