УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН:БУРУУ ТАЛДАА РУЛЬТЭЙ АВТОМАШИНЫ ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАХ ЦАГ БОЛЖЭЭ

2013-01-08 00:00:00

                        Дэлхий дахинд зам тээв­рийн осол зүрхний шигдээс, сэтгэлийн дарамтын дараа хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж бай­гаа тухай НҮБ-аас онцлолцон байдаг. Өөрөөр хэлбэл дэл­хий нийтэд жилд зөвхөн зам тээврийн ослоос болж 1.2 сая хүн амиа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа аж. Энэ тоо жил ирэх тусам өсөлттэй байгаа бөгөөд ялангуяа буурай болон хөг­жиж байгаа орнуудад зам тээврийн ослын тоо тас­ралтгүй өсч байгаа гэнэ. Ма­най улсад зам тээврийн осол үндэсний аюулын байдлын хэмжээнд хүртлээ том асуудал болчихоод байгаа энэ үед дийлэнх ослын шалтгаан болж байгаа буруу тал­даа жолооны хүрдтэй авто машиныг импортоор оруулж ирэхгүй байх, аажмаар замын хөдөлгөөнөөс хасах санал газар авч байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ийм төрлийн тээврийн хэрэгслийг ням гарагт тодорхой цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар санал асуулга явуулахад иргэдийн дийлэнх олонхи нь буюу 74.5 эсэргүүцсэн байна. Арга ч үгүй биз. Учир нь одоо замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн тавиас илүү хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байгаа. Уг тоог 42 хувь байгаа гэх боловч энэ бол хоёр гурван жилийн өмнөх дүн юм. Дээр нь ашиглалтаас гарч буй тээврийн хэрэгслүүдийг ялангуяа хөдөө орон нутагт бүртгэдэггүй. Тэгэхээр авто машинтай иргэдийн дийлэнх нь буруу талдаа рультэй тээврийн хэрэгсэлтэй гэсэн үг болж байна. Би ч гэсэн ийм машинтай. Гэхдээ хэрвээ надаас миний машиныг ням гарагийн өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй байх нь зөв үү гэж асуусан бол би тийм гэж хариулах байлаа. Яагаад гэвэл манай улс эмх замбараагаа алдсан энэ асуудлыг яаралтай цэгцлэх цаг нь нэгэнт болсон. Хугацаа алдах тусам улам олон асуудал гарч олон хүнийг хадан гэр рүү нь үдэх хэрэг гарах бий вий. Уг нь дэлхийн улс орнууд энэ мэт асуудал гарахаас сэргийлж анхнаасаа замын хөдөлгөөний чиг­лэлдээ тохирсон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулдаг байна.

Олон улсын замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал нь замын хөдөлгөөний эсрэг байх ёстой гэж заасан байдаг аж. Манай улс баруун гарын дүрэмтэй. Тийм учраас зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох ёстой. Гэтэл дээр өгүүлснээр манайд явж байгаа тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь баруун буюу буруу талдаа рультэй байгаа юм. Ер нь манайх шиг зөв, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн тоо нь тэнцүү шахам болчихсон улс дэлхийд бараг байдаггүй юм байна. Нэг бол зүүн эсвэл баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хөдөл­гөөнд оролцуулдаг. 

Замын цагдаагийн газрын хийсэн судалгаагаар зам тээврийн ослын 52 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй авто машинтай холбоотой гардаг гэнэ. Зарим судлаач ийм төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол үүнээс их хувьтай байдаг гэж байгаа юм.

Ямар ч байсан асуудал байгаа нь тодорхой болсон. Бид хүнээр бол өвчнийг нь оношлочихлоо. Өвчтэй гэдгийг нь мэдсээр байж эмчилгээ хийхгүй бол ужгирсаар улам хүндэрч мэднэ. Үүнтэй адил буруу талдаа жолооны хүрдтэй авто машиныг хөдөлгөөнд оролцуулах нь осол аваар гарах гол шалтгаануудын нэг нь болж байгааг мэдсээр байж юу ч хийхгүй байвал цаашид ямар ч ноцтой зүйл болохыг үгүйсгэхгүй. Зөв талдаа жолооны хүрдтэй машинаар дадлага хийж байгаад жолооч болонгуутаа шууд л эсрэг талдаа рультэй машин жолоодохоор осол гарахгүй гээд ч яах билээ. 

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бараг дийлэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа учир замын хөдөлгөөнийхөө дүрмийг өөрчлөөд Япон зэрэг улс шиг зүүн гарын дүрэмтэй болчихвол яасан юм бэ гэсэн санал гаргах хүн цөөнгүй байдаг. Гэхдээ ингэж дур зоргоороо өөрчлөөд байж бас болдоггүй юм байна. Учир нь олон улсын Замын хөдөлгөөний тухай конвенцид тухайн орны замын хөдөлгөөний чиглэл нь хөрш зэргэлдээ орнуудынхаа замын хөдөлгөөний чиг­лэлтэй адилхан байх ёстой гэж заасан байдаг байна. Тиймээс Орос, Хятад хоёулаа баруун гарын дүрэмтэй байхад манай улс зүүн гарын дүрэмтэй байж болохгүй.

Замын хөдөлгөөний чиглэлээ өөрчилж болохгүй учраас хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлдээ зохицуулалт хийх л үлдэж байна. Зарим оронд тээврийн хэрэгслийн жолооны хүрдийг өөрчлөх үйлдвэр байдаг. Гэхдээ жолооны хүрдийг ингэж өөрчлөх нь дэндүү үнэтэй бөгөөд зарим газар бараг шинэ машин авах хэмжээний өртөгтэй байдаг аж. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх цор ганц арга буюу “амь тариа” нь буруу талдаа жолооны хүрдтэй авто машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал юм. Гэхдээ хөдөлгөөнд оролцуулахгүй гээд өнөөдөр явж байгаа машиныг мар­гааш хүчээр зогсоочихож байгаа хэрэг биш. Харин аажмаар замын хөдөлгөөнөөс хасна. Өөрөөр хэлбэл би “pruis” маркийн авто машинаа ашиглалтын хугацааг нь дуустал унаж болно гэсэн үг. Харин ийм төрлийн тээврийн хэрэгслийг манай улс дахин импортлохгүй. Энэ талаар Зам, тээврийн яамнаас судалгаа хийж байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэ ажил дуусаагүй байгаа учраас тодорхой хариу өгөх боломжгүй аж. Гэхдээ энэ ажил ойрын хугацаанд эхэлж магадгүй юм.

Зарим хүн энэ асуудлыг хурцаар шүүмжилж байгаа. Буруу талдаа жолооны хүрдтэй авто машиныг ням гарагт хөдөлгөөнд оролцуулахгүй байх саналыг гаргаснаараа хотын дарга Э.Бат-Үүл олон хүний хэл амны бай болж байна. Өөрөөр хэлбэл тэр үүнээс болж өөр дээрээ “гал дуудлаа”. Гэхдээ одоо л эхэлж байгаа болохоос биш энэ асуудлыг хоёр гурван жилийн өмнөөс ярьж байсан. Дээр нь энэ ажлыг хэн ч хүчээр хийх гээгүй. Буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг хязгаарлаж одоо явж байгаа ийм төрлийн тээврийн хэрэгслийг нас­жилт нь дуусах хүртэл хөдөлгөөнд оролцуулна. Мөн энэ бол ганц нэгхэн хүний эрх ашгийн төлөө хийж байгаа ажил биш бөгөөд нийтийн эрх ашиг сайн сайхан, эрүүл саруул амьдралын төлөө хийж байгаа алхам. Энэ өөрчлөлтийг хийхэд эдийн засгийн хохирлоос эхлээд олон сөрөг нөлөө гарна гэх хүн бий. Хамгийн чухал нь замын хөдөлгөөний аюулгүй байдал буюу хүний амь, нас эрүүл, мэнд. Эрдэнэт хүний амь наснаас илүү үнэтэй баялаг гэж өөр юу байх билээ. Тэгээд ч зөвхөн зам, тээврийн ослоос болж дэлхийн улс орнуудад ганцхан жилийн дотор 65 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Ялихгүй юманд ямааны гарз гэгчээр багахан зүйлээс болж ирээдүйд томоохон хэмжээний хохирол учир ч мэдэх юм. Тэгээд ч өөрчлөлт, шинэчлэлд хэзээд багахан эрсдэл байдаг шүү дээ. Мөн дизель түлш хэрэглэдэг авто машины импортыг хязгаарлах талаар яригдаж байгаа. Утаа, агаарын бохирдлоос болж олон хүн уушигны өвчтэй болж, төрөлхийн эмгэгтэй хүүхэд олноор төрж байгаа үед энэ ч бас цагаа олсон ажил юм. Дизель зарцуулдаг авто машиныг хязгаарласнаар агаарын бохирдол тодорхой хувиар буурах тухай судалгаа ч байдаг. Тиймээс эдгээр ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа юм.

Н.САНЖААСҮРЭН