Н.Батаа: Таны газрыг орон сууцаар тулж авна

2012-12-04 00:00:00

Нийслэлийнхэн ирэх оны төсвөө хийхдээ анх удаа иргэд, байгууллагуудын санал, бодол, санаачлагыг тусгасан билээ. Улмаар цахим хуудсаар санал авч олонд нээлттэй, ил тод хэлэлцэж түүхэнд байгаагүй том хөрөнгө оруулалт татсан онцгой төсвийг баталсан. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаатай ярилцлаа.

-Улаанбаатар хотын шинэчлэлийн баг анхны төсвөө баталлаа. 2013 онд нийслэлд их хэмжээний бүтээн байгуулалт хийнэ гэж төсөөлж болох уу?
-Нийслэлийн шинэ засаглалын хөтөлбөр, ирэх жилийн санхүүгийн төлвийг нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж баталлаа. Э.Бат-Үүл даргын хэлснээр, манай мөрийн хөтөлбөр шинэчлэлийнх болсон. Тиймээс ирэх жилийн хотын санхүүгийн төсөв шинэчлэлийг авчирна. Ирэх жилийн төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээхэн онцлогтой.
-Юугаараа онцлогтой төсөв гэж үзэж байгаа юм бол?
-Төсөв маань хэмжээгээрээ өмнөх оныхоос нэлээд томорсон. 2011 оныхтой харьцуулахад хөрөнгө оруулалт, төсвийн хэмжээ 65 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Нэг жилийн дотор хотын төсөв 22,4 хувиар өсч, томорчээ гэж дүгнэж болно. ДНБ 17 хувиар өсч байхад нийслэлийн төсөв 22,4 хувиар өссөн дүн гарч түүхэнд байгаагүй чухал үйл явдал боллоо. Цар хүрээ, агуулга сайтай төсөв боллоо. Иргэдийн дуу хоолой, санал бодол хаана ч үнэ цэнэтэй, хүчтэй байдгийг энэ удаагийн төсвөөр харлаа.
-Ямар учраас энэ жил хот төсвөө ингэж өсгөв. Нуруун дээрээ ихээхэн ачаа үүрнэ гэж ойлгож болох уу?
-Улс орны хөгжил манай төсөвт эерэгээр нөлөөллөө. Уул уурхайн хөгжлийн эрч бас тусна. Үүний үр өгөөж Улаанбаатар хотод нөлөөлж буй нь төсвөөр гарч ирлээ.  Монгол Улсын санхүүгийн эргэлтийн 64 орчим хувь нь Улаанбаатарт эргэлдэж байна. Улс орны хэмжээнд санхүүгийн боломж, чадвар өсч байгаа. Үүнийг дагаад Улаанбаатар хотын байгууллага, компани, иргэдийн төлж буй татвар өсч байна. Улаанбаатарын ирэх оны санхүүгийн дүр, зураг сайхан харагдаж байна. Ирэх жилийн төсвийн чиглэл иргэдийг ая тухтай, аюулгүй орчинд аж төрүүлэхэд оршиж байна.
-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг Үндсэн хуулиар тунхагласан. Амьдрал дээр энэ эрх хангагдаагүй. Ирэх жил хийх ажилд үүнийг яаж шийдэв?
-Бид таван А хөтөлбөр дэвшүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Иргэд эрүүл орчинд аж төрөх ёстой. Угтаа агаарын болон орчны бохирдолгүй байхыг хэлж байгаа хэрэг. Утааг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Хүрээлэн байгаа орчноо хамгаалах, сайжруулахаар ирэх онд ихээхэн ажил хийхээр төлөвлөсөн. Ногоон байгууламжийн хэмжээг нэмэх ажлыг хийхэд зориулж тусгайлан төсөв гаргана. Өмнө нь хотын төсвөөр ийм ажил хийж байгаагүй. Боломж нь ч байгаагүй. Ногоон хот руу чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг бид хийнэ. Энэ маань зам тавьж, барилга барих дайны хүндхэн ажил. Чимхлүүр нямбай ажил шаардсан тул хүн, хүчээр энэ ажлыг гүйцээнэ. Ирэх жилээс Улаанбаатарт цэцэрлэгчийн тушаалыг шинээр бий болгоно. Ногоон байгууламжийг ерөнхий дендерлогич хариуцдаг. Харин цэцэрлэгч нь хаягдчихсан.
 
НИЙСЛЭЛ АНХ УДАА ИРГЭДИЙН НҮДЭН ДЭЭР ТӨСВӨӨ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА
 
-Иргэдийн төсөвт хандах, хандлага, оролцоо, идэвх хэр байв?
-Хот иргэдийн оролцоог бүх төвшинд, бүх үйл ажиллагаагаараа дэмжин, явуулж байгаа. Ажил авангуутаа л бид “Иргэний танхим”-ын ажлыг идэвхтэй болгосон. Хотын сайтыг шинэчлэн амьдрууллаа. 1200, 1234 тоот утсаар иргэдийн санал, хүсэлтийг авч байгаа. Олон хүн хотын хөгжлийн төлөө санал хэлэхээр ирж “Иргэний танхим”-д багтахгүй байсныг та бүрхэн харсан байх. Оршин сууж байгаа гудамж, хашаа, хороогоо яаж тохитой болгох вэ. Ногоон орчинд аж төрмөөр байдаг. Энэ том зорилтот ажлын нэг салбар нь амины орон сууцтай тохилог хороолол болж байна.
-Таван А-гийн нэг нь амины орон сууц. Гэр хорооллынхон энэ ажлыг яаж, ямар хугацаанд хэрэгжүүлэх бол гэж хүлээж байгаа болов уу?
-Хотын төсөвт гэр хорооллын дэд бүтэц, инженерийн шугамыг барих төсөв багтсан. Дахин төлөвлөсөн гэр хорооллыг инженерийн шугаманд холбоно. Айл бүрийг орон сууцтай болгох ажлыг шат дараатай хийнэ.
-Бүтээн байгуулалтын ажлыг орхиогүй биз?
-Хотын бүтээн байгуу­лалтын ажлыг далайцтай хийнэ. 97 км замыг ирэх жил шинээр тавьж, заримыг нь өргөтгөж, шинэчлэнэ. Хоёр давхар гүүрийг зургаан газарт барих жишээтэй.  Явган хүний төмөр хийцтэй гарцуудыг олон газар барина.  Хотын төсвөөс авто тээврийг шуурхай болгох, замын түгжрэлийг багасгахаар олон санаа хэлсэн. Энэ төсвийг хийхэд төлөөлөгчид идэвхтэй, эрчтэй ажилласан.
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид шинэ хүмүүс. Тэднээс ямархуу санаа, үзэл гарч байх юм бэ?
-АН анх удаа нийслэлд олонх болсон. Төлөөлөгчид маань голдуу улс төрд шинээр орж ирж байгаа залуус. Энэ нь чадваргүй гэсэн үг биш. Тэд иргэдийг төлөөлж, жинхэнэ дороосоо, буцалсан амьдрал дундаас шинээр орж ирж байгаа тул санаачлага нь шинэ. Тэдний хэлж байгаа үг үнэн, ямар нэг лоббигүй, амьд, хаана чхэрэгцээтэй байлаа. Их ч эрчтэй ажилласан бид. Турайлбал, нийгмийн чанартай үйлчилгээнээс хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ таарууг эцэг, эхчүүд сайн мэдэх байх. Энэ хэрэгцээнд дөрөөлөн ирэх онд Улаанбаатарт шинээр есөн сургууль, 11 цэцэрлэг, спортын дөрвөн цогцолбор барина. Хотын төсвийн мөнгөөр 4-5 цэцэрлэг барина. Намаржин эцэг, эхчүүд цэцэрлэг хайж, дугаарладаг болсон. Энэ бол цэцэрлэгийн хэрэгцээ, эрэлт өссөний дохио. Төлөөлөгчид маань энэ ажлыг сэдлээ. Дээр нь бага сургуулиудыг хороо бүрт байгуулна.
-Яагаад заавал бага сургууль байгуулна гэж?
-Багачуулыг хол газар унаагаар удаан явуулахгүй. Дээр нь гэр, эцэг эхэд нь ойрхон сургуультай болговол аюул бага гэж тооцлоо.
-Бага сургуультай болоход газрын асуудал гарна биз дээ?              
-Газрын асуудлыг шийднэ. Шинээр бага сургууль барьснаар дунд сургуулийн хэтэрсэн ачааллыг бууруулж, анги, танхим сулрана. Сурагчдын 40-50 хувь нь бага ангийнхан байдаг учраас ингэж зохион байгуулна. 
-Засаг даргын мөрийн хөтөлбөрт 16 их наяд төгрөг суулгасан. Энэ мөрөөдөл үү. Мөнгө яаж босгох вэ?
-Энэ бол хотод хийх ёстой ажлын санхүүгийн төсөөлөл гэж ойлгоорой. 16 их наяд төгрөгийг ирэх дөрвөн жилийн дотор олж зарцуулан цаашаа найман жил үргэлжлэх төсөл юм. Улаанбаатарт улсаас 273 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна. Хот өөрөө 233,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Энэ мөнгийг хотын аж ахуйн нэгж, иргэд болон олон төрлийн татвараас олж авна. Энэ бүхнийг нийлүүлэхэд 600 орчим тэрбум төгрөгийн төсөв гарч байна. Хөгжлийн банкны зээл, Хятадын Засгийн газрын удаан хугацаатай зээлийн санүүжилт зэргээр 600 орчим тэрбум төгрөгийн төсөв бүрдэнэ. Засгийн газраас гадаад зах зээлд сая 1,5 сая ам.долларын бонд гаргалаа. Үүнээс Улаанбаатар хэрэгжих төсөл, хөтөлбөр бий байх. АХБ, Дэлхийн банк зэрэг санхүүгийн байгууллагаас хоттой харилцах хандлага эерэг байгаа. Тодорхой төслүүдийг санхүүжүүлэхээр амласан. 
-Ирэх онд зам барихад их мөнгө төсөвлөжээ. Тендерт ялаад замаа бариагүй тохиолдол өмнө нь гарч байсан, ирэх жил хэрэгжиж чадах уу?
-Улаанбаатарт ирэх жил 100 гаруй км зам барина. Улсын төсвөөр 86 км, хотын төсвөөр 40 ор­чим км зам тавина. Гол нь гэр хороолол болон орон сууцны доторх замуудыг засч, шинэчлэнэ. Хот зай багатай тул шинэ зам тавихад хэцүү. Налайх хүртэл, Нарантуулын урдуур Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэл зургаан км зам тавина. Богд Уулын арын 17 км, Яармагийн 13 км замыг барина. Аль ч улс, хотод зам сайн тавихад түүнийг дагаад нийгэм, эдийн засгийн байдал илт сайжирдэг. Бараа, бүтээгдэхүүний үнэ буурдаг.
 
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРСОН АЙЛУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
 
-Гэр хорооллыг тохи­лог сууцтай болгох ажлыг ирэх жил хийж амжих уу?
 
-Утааны эх үүсвэр нь гэр хороолол юм. Том улстөрч хүн том зорилт тавьдаг. Малыг нь иргэдэд өгье гэсэн. Орон сууцыг нь хувьчлая гэлээ. Иргэдийг гадаад паспорттой болгоё гэсэн шиг Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулна. Энэ бол улс төрийн болон нийгмийн том зорилт юм. Ийм зорилтыг зориглон гаргаж тавьж хэрэгжүүлэх гэж байгаа нь бусдаас давуу тал юм. Бүтээн байгуулалтын энэ том төслийг иргэд дэмжиж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудад дэмжлэг үзүүлнэ. Инженерийн шугам сүлжээг нь ойртуулж өгнө. Ажилтай болоход туслаж, моргейжийн зээл олгоно. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил маань иргэдийн санаачлагаар л урагш ахиж байна. Зургаан газар дахин төлөвлөлтөд ороод инженерийн шугам сүлжээгээ барих ажил эхлэхэд бэлэн болсон. Дахин төлөвлөлтөөр гэр хороололд хэсэг газрыг чөлөөлөх шаардлага гарна. Орон сууцны байруудыг тэнд барина. 
-Өмнөх Засаг даргын сүр дуулиантай эхлүүлсэн долдугаар хорооллын ажил яагаад сураг алдрав. Та бүхний бодлого зөрөөд дэмжсэнгүй юу?
-Тэр ажил завхарсан. Иргэдээс ам метр газрыг нь 100 мянган төгрөгөөр үнэлж авсан. Газрыг нь аваад үнэтэй орон сууцанд оруулж иргэдээс нэмж мөнгө авчээ. Тухайн иргэн мөнгө нэмж төлж чадахгүй тул байшингүй, бүр газаргүй болж орох оронгүй хоцорсон тохиолдол байна.
-Та бүхний бодлого яаж ялгарах вэ?
-Газрын үнэд тохирсон байшинг нь үнэ төлбөргүй өгнө. Тэр газраар нь байшинг бид тулж авч буй том ялгаа бий. Таны энэ ярилцлагыг уншаад хүмүүс хоёр даргын ажлын ялгааг ойлгох байх. Таны газрыг бид орон сууцаар сольж, худалдаж авна. Бид иргэдийг хохироохгүй.
-Барилгын компаниуд та бүхний энэ ажлыг дэмжих үү?
-Барилгын компаниуд энэ ажлыг дэмжихгүй байх үндэс алга.
-Яагаад ийм итгэлтэй байна вэ?
-10 айлын газарт 15 давхар 150 айлын орон сууц барина гэж бодъё. Тэр компани 10 айлын газрын үнэд тааруулсан байр өгөөд үлдсэн нь тэдний ашиг болно. Тэд газрын үнийг тэгж төлж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Орон сууц олноор босгох юм бол цахилгаан, дулааны хангамж, эрэлт нэмэгдэх байх. Дэд бүтцийн асуудлыг ирэх онд хэрхэн шийдэх вэ?
-Дэд төвүүдийг бай­гуул­на. Өндөр байшинтай жижиг хорооллыг ирэх онд барина. Инженерийн бүх шугам сүлжээгээ тийш татна. Зам тавина. Түүний доогуур цэвэр, бохир усны шугамыг хангалттай хэмжээгээр барина. Тэндээс салаалан гэр хорооллын бичил шугамыг татах юм. Энэ бүхнийг нэг амьсгаагаар хийчихгүй. Манай сөрөг хүчин энэ их эрчтэй ажлыг өөдрөг бус байдлаар хараад байгаа юм. Мөрөөдлөө ажил хэрэг болгодгийг харуулна. Саяхан болсон орон нутгийн сонгуулиар бидний явуулах бодлого бүрэн дэмжигдлээ. Энэ сонголтод бид урамшиж гэр хорооллын дахин төлөвлөлтийг ойрын жилүүдэд улсад хийгээгүй гайхалтай бүтээн байгуулалт болгоно.
-Газаргүй иргэдэд та бүхэн ямар боломж олгох вэ. Хашаагаа хатгаагүй цаасан дээр өмчилсөн, эзэмшиж буй газрыг нь хотын дарга хуу хамж авна гэсэн мэдээлэл явах юм?
-Тийм юм байхгүй. Засгийн газраас газрын үнэлгээг тогтоосон. Хотын төвд нэг га газар 440 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл олон компани хотын төсөвт мөнгө төлөлгүй А зэрэглэлийн бүсэд хэдэн га газар авчихсан байна. Хууль бусаар авсан газрыг хураана. Яагаад төсөл сонгон шалгаруулаагүй юм бэ. 440 сая төгрөгөө ямар учраас тэд төлөөгүй мултрав. Мөнгө төлөлгүй хотын төвд авсан газрын судалгааг бид хийгээд 80 хувьтай явж байна. Үнэхээр тухайн газраа зориулалтаар нь ашиглаж байвал газрын үндсэн үнийг төл гэж шаардана. Урьдчилсан тооцоогоор 2011 оны төсвийн хэмжээний мөнгийг газраас бид хурааж авах боломжтой. 110-120 орчим тэрбум төгрөгийн газрыг арын хаалгаар өгчихсөн байна. Иргэнд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрыг буцааж авах ямар ч үндэс байхгүй.
Эх сурвалж: Polit.mn Д.Мягмар