Ё.ГЭРЭЛЧУЛУУН: ЭРХ АШИГ НЬ ХӨНДӨГДСӨН ХҮМҮҮС ДУРГҮЙЦЭЖ БАЙГАА. ГЭХДЭЭ БУУЖ ӨГӨХГҮЙ

2012-11-22 00:00:00

Хотод хийсэн өнөөгийн болон цаашид хийх ажлын талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунтай ярилцлаа.

 

-Хотын шинэ захиргаа ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сайн, муу янз бүрийн л шүүмжлэл сонссон байх?

-Шинэ Засаг дарга ажилдаа ороод гурван сар болж байна. АН таван А хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд эхний алхмуудаа хийсэн. Хийж байгаа ажлаа олон нийтэд ил болгож, НИТХ-ын үйл ажиллагааг эрс дээшлүүлэх зорилт тавьсан. Үүнийхээ хүрээнд ч  НИТХ өмнө нь жилд хоёр удаа хуралддаг байсныг сард хоёр удаа болголоо. Ингээд хотын нэг номерын асуудал болох авто замын түгжрэлийг бууруулахын тулд машины дугаарыг сүүлийн оронгоор нь хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцуулан, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулж эхэлсэн. Ингэснээр замын ачаалал 20-30 хувиар буурсан гэсэн тоо гарсан. Энэ мэт өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд маань иргэдийн санал санаачилга, дэмжлэгтэйгээр хийлээ. Ер нь, төрийн ажлыг иргэдэд ил тод, саналыг нь сонсч эргэх холбоотой ажиллах нь чухал гэж Иргэний танхим байгуулсныг мэдэж байгаа байх. Эл танхим нь хотод ямар үйл ажиллагааг явуулах гэж буйг олон нийтэд танилцуулахаас гадна хэлэлцүүлэх зорилготой. Цаашдаа хотын захиргаа иргэдтэйгээ хэлэлцэн асуудлаа шийдэж байх болно. 

-Хотын захиргааны үйлчилгээ хүртээмжтэй бус байна гэсэн шүүмжлэл гардаг шүү дээ. Хэдий санал бодлоо Засаг даргадаа хүргэж байгаа ч захын хорооллын Дулмаа гэхэд л хотын төв рүү ирээд байх боломж нь хомс?

-Төвөөсөө алслагдмал, төрийн үйлчилгээнээс  холдчихсон, орхигдсон хүмүүс үнэхээр бий. Орлого муутай, орон нутгаас шилжин ирсэн, хотын иргэн болж чадаагүй тэдгээр хүнд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс гэр хороолол дахь Захирагчийн алба байгуулах гэж байна. Өнөөдөр Ч.Бат гэдэг ерөнхий менежертэй, хоёр, гурван хэлтэстэй Захирагчийн алба доош хөлгүй. Тиймээс Амгалан, Баянхошуу, Толгойт, Нисэх, Био, Яармаг зэрэг 10 газарт Гэр хороолол дахь Захирагчийн алба байгуулахаар болсон юм. Эл алба нь алслагдсан гэр хорооллынхонд төрийн үйлчилгээг хүргэх, тэдний оролцоотойгоор асуудлыг нь шийдвэрлэж байх зорилготой. Миний амьдрах орчин ямар байх уу гэдэг өөрийнх нь оролцооноос шалтгаална гэдгийг ойлгож, бодлого, төлөвлөлтөд саналаа хэлж байна байх.

-Шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээс хотын хүн ам хурдацтай өсч тэр хэрээр нийгэм, эдийн засгийн олон асуудал босч ирдэг. Тиймээс хүчээр зогсоохоосоо илүү хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой гэж өмнөх удирдлагууд ярьж байсан?

-Ер нь, хотод хүн ам механикаар өсч байгаа. Ганц тоо хэлэхэд, машиных нь сүүлийн оронгоор хязгаарлан автозамын хөдөлгөөнд хяналт тавихад өдөрт 180 машин нэмэгдэж байна шүү дээ.  Тэгээд бод доо. Сард, жилд хэд болох уу. Механик өсөлтөд захиргааны аргаар хязгаарлалт тавьж болохгүй л дээ. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгоно гээд заачихсан.  Тиймээс  УИХ-д хотын эрх зүйн байдлын тухай хууль, татвар, хотын ерөнхий төлөвлөгөөний тухай, дахин төлөвлөлтийн тухай гээд 11 хуулийг цогцоор нь өргөн барина. Эдгээр хуулийн хүрээнд эдийн засгийн арга хэмжээ буюу хотын иргэн болохын тулд татвар төлдөг байх юм.  Үнэхээр хотын ачааллыг даах орлоготой, ажилтай юу гээд. Тэрнээс механик өсөлтийг тас гээд хаачихаж болохгүй учраас эдийн засгийн аргаар хязгаарлахаас өөр аргагүй. Өнөөдөр дэлхий дээр хотын оршин суугчийн татваргүй, хамгийн муу замтай мөртлөө замын хураамж авдаггүй хот бол Улаанбаатар. Нэг ёсондоо байх ёстой юм нь байхгүй хот.

-Хот төлөвлөлт алдагдсан гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ төвдөө шигдээд тэлж өгөхгүй байна гэж ярьдаг?

-Хотын ерөнхий төлөвлөгөөгөөр хот хоёр тийшээгээ тэлнэ. Гэхдээ дулаан, эрчим хүчний хангамжаа бодвол зүүн тийшээ илүү хөгжих байх.  Энэ хүрээнд ч  Багахангай, Багануурын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг энэ онд багтаан хийх гэж байгаа.  Эл дүүрэг нь дагуул хот болж, Улаанбаатар олон хотын нэгдэл болох юм.  Улаанбаатар хотын хоёр захад барилгын материал ачаа эргэлтийн том төв байгуулна гээд газар авъя гэхээр Эмээлт хотын суурьшлын бүс болчихсон. Ерөнхий төлөвлөгөөг яаралтай батлуулах гээд байгаа учир нь ч тэр. Хотод хаашаа хөрөнгө оруулалт, дэд бүтцээ татах уу гээд шийдэх асуудал их бий. Яагаад тодорхой хэлж чадахгүй байна вэ гэхээр мэргэжлийн хүмүүс санал зөрөлдөөнтэй байна. Хот Налайх руу тэлнэ гэхээр судлаачид Улаанбаатар-Налайхын хооронд заавал экологийн бүс буюу  агаарын урсгал явдаг коридор байх ёстой гэж хэлэх жишээтэй. Тэгэхээр Улаанбаатар хот орон зайны хувьд хязгаарлагдмал байдалд орчихсон л доо. Гэхдээ газар бага гэж хэлэхгүй. Гэр хороолол гэхэд нийт газар нутгийн 60 гаруй хувийг эзэлчихсэн. Дахин төлөвлөн хөгжүүлэх ёстой. Зөвхөн Баянхошууг цэгцэлбэл 200 хүний сууршлын бүс болох боломжтой байна гэсэн.

-Хотын ерөнхий төлөв­лөгөөг удахгүй батлуулна гэж сонссон. Ер нь, газар олголт, барилгажилтаа хэр­хэн хослуулж байгаа вэ?

-Цогцоор нь хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр баригдаж буй барилгын 130 нь ямар нэгэн зөвшөөрлийн зөрчилтэй. Хот хөгжихөд замбараагүй барилгажилт нь хумиад байна. Хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулах ёстой. Яагаад гэвэл, ерөнхий төлөвлөгөөгөөр аль хэсэгт нь ямар байгууллага байх, ямар чиглэлээр хот хөгжих вэ гэдгээ тогтоогүй, батлаагүй байхад барилга барих зөвшөөрөл олгоод байдаг. Ерөнхий төлөвлөгөөнд экспертиз хийгээд энэ сард багтаагаад УИХ-д өргөн барина. Их хурал хэдий чинээ хурдан батална, хот төлөвлөлтөө түргэн хэрэгжүүлнэ. Эл хот төлөвлөлтөөр газар олголт, барилга барих зөвшөөрлийг нэгтгэж байгаа. Өмнө нь, газар олголт нь тусдаа хийгдэн түрүүлээд, барилга барих нь 2-3 жилээр хоцордог байж. Үүнээсээ болоод газрын наймаа үүсдэг. Тэнгис кино театрын хажуу талын барилга гэхэд усан оргилуурыг шинэчилнэ гээд  хашаа хатгангуутаа оффисын барилга болгосон. Тэгэхдээ заасан хэмжээнээсээ илүү шунан явган хүний замыг хааснаас оюутан залуу амиа алдлаа. Аюулгүй, амгалан Улаанбаатарыг бий болгох зорилгын нэг нь энэ. Өнөөдөр иргэн, хот ямар үүрэгтэй талаархи журам байдаггүй. Хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчөөд газрын зөвшөөрөл өгсөн даргад ямар хариуцлага хүлээх юм. Энэ тухай нэг ч мөр заалт байхгүй. Энэ бүхнийг цогцоор нь шийдэх гээд хуулиудын шинэчлэл хийгээд ажлын хэсэг ажиллаж байгаа  нь тэр.

-Эмнэлэг, сургууль барих газар олдохгүй байна гэх юм. Тэр байтугай эмнэлгийн хашааны газраас хумсалсан гэхээр хот газраа мэдэхээ больсон гэсэн  үг үү?

-Саяхан НИТХ-аар Улаанбаатар хотын газар олголт, барилгажилтад гарч байгаа зөрчлүүдийг таслан зогсоох тухай тогтоол гарсан. Тэр тогтоолын дагуу Засаг даргын захирамж гарч, эмнэлэг, сургуулийн талбай руу орсон, нийтийн эзэмшлийн зам хаасан, улаан шугам, дэд бүтэц дээр барилга барьсан газрын захирамжийг хүчингүй болгосон. Ажлын хэсгийг БХБЯ, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар, газрын албатай хамт байгуулсан. Эрүүл мэндийн яаманд энэ талын гомдол байгаа бол ажлын хэсэгт хандаж болно.

-Гэхдээ сургууль барих газар байхгүй гэж ярих юм. Нөгөөтэйгүүр, Сүхбаатарын талбайн хажууд буй хэвлэх үйлдвэрийн балгасыг хэзээ нэг мөр шийдэх вэ?

-Энэ жил бага сургуулийг бололцоотой бүх газарт барина. Яагаад гэхээр, хотын түгжрэлийг багасгах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах гол зангилаа нь хотын захад төрийн үйлчилгээ очихгүйтэй холбоотой.  Тиймээс төсвийнхөө боломжоор сургуулийг олон газарт,  бага сургуулийг хүүхдийн гэрт нь ойртуулан барина. Стандартаараа ч хүүхэд сургууль руугаа хоёр км-ээс илүү явах ёсгүй юм билээ. Тэгэхээр  бага сургуулийг олноор байгуулбал бага насны хүүхдүүд, замын хөдөлгөөний ослоос сэргийлэгдэнэ. Дээр нь, дунд сургуулийн ачаалал багасна. Мөн гэр цэцэрлэг буюу хүүхэд харах үйлчилгээг олон газар санаачлан хийх байх аа. Хотын захиргаа хийж байгаа ажлынхаа үлгэр дуурайлал байх ёстой. Тиймээс НЗДТГ өөрийнхөө ажилчдын хүүхдийг хүмүүжүүлэх гэр цэцэрлэг байгуулах бэлтгэлээ хангаж байгаа. Ажилчдаас судалгаа авахад цэцэрлэгээр хүмүүжих 310 хүүхэд байна гэсэн. Харин Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн тухайд шүүхээр шийдэгдэнэ биз ээ. Үнэндээ Улаанбаатар хотод санаснаас хавьгүй илүү хууль зөрчсөн үйлдэл их байна.

-Хотоо нүүлгэх шаардлагатай юу?

-Хотыг нүүлгэх тухай асуудал байхгүй. Нийслэлийг нүүлгэх бол байж болно. Цаг хугацаа харуулах биз. Улаанбаатар хот өөрийгөө дахин шинэчлээд явах бүрэн боломжтой. Парисаас ирсэн мэргэжилтнүүд ирээд юу ч хийж болно, залуу хот учраас дахин хөгжих бүрэн боломжтой гэсэн.

-Хотын авто замын түгжрэлийг бууруулах, иргэ­дийн амгалан тайван амьд­рах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нарантуул захыг нүүлгэх шаардлагатай гэж ярьж байсан. Гэвч гэрээ нь сунгагдсан гэсэн?

-Энэ талаар ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Гэрээг нь цуцлах бо­ломжтой. Судалгаа хийж байна. Урьдчилсан байд­лаар хоёр жилийн дараа нүүл­­гэнэ гэсэн бодолтой бай­гаа. Учир нь,  эл зах орчмын хөрс, агаар бохирдчихсон, гэмт хэргийн гаралт ихтэй, эрүүл мэндийн наад захын шаард­лага хангадаггүй.  Дээр нь, наймаачдынхаа эрүүл мэн­дийг анхаардаггүй. Түүгээр ч зогсохгүй хажууд нь  Халдвартын эмнэлэг байна. Эсэргүүцэх юм байхгүй. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргах байх.

-Хот бие даасан байх ёстой гэж өнгөрсөн жилүүдэд их яригдсан. Энэ асуудал юу болж байна вэ?

-Эдийн засгийн хувьд хот бүрэн биеэ даах чадвартай. Тиймээс хотоос улсын төсөв рүү төвлөрүүлж байгаа мөнгөнд ганцхан зарчим буюу өгөх, авах нь тодорхой байх ёстой. Энэ жил гэхэд тэр зарчим алдагдлаа. Саяхан төсвийн тодотголоор улсын экспортын орлого буурч, эдийн засаг сульдаж байна гээд хотоос төвлөрүүлэх мөнгийг нэмчихэж байгаа юм. Иймэрхүү маягаар цаашид явж болохгүй. Дорнод тивийн зарчмаар төсвөө нарийн зохион байгуулах ёстой. Монгол том учраас улсын хэмжээнд дэд бүтэц татахын тулд хөрөнгө мөнгө төвлөрүүлэхээс өөр аргагүй л дээ. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн чадавхиа дээшлүүлэхийн тулд хот улсын төсвийн гар хараад сууж болохгүй. Улаанбаатар хот эдийн засгийн бие даасан эх үүсвэрүүдээ бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хот хөгжлийн бонд гарган борлуулаад түүгээрээ дэд бүтэц, орон сууц, моргейжийн асуудлаа шийднэ. Дээр нь, гадаадын хөрөнгө оруулалт, концессод хувийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Ингэснээр дарга нар мөнгө өгөөгүйгээс хот хөгжиж чадахгүй байна гэж ярьдаг цаг үе ард хоцорно.

-Гол нь, яаж санхүүгийн хувьд бие даах уу?

-Нийслэлийн татвар хураамжийн дэд хороо гэж байгуулсан. Улаанбаатар нь хот учраас зайлшгүй татвар авах ёстой. Өнөөдөр хотод орж, гарч байгаатайгаа нийлээд автозамын хөдөлгөөнд хагас сая машин оролцож байна. Зам нь байнгын арчилгаа шаардах ч хураамж авдаггүй. Мөн Улаанбаатар хотод байгаа үл хөдлөх хөрөнгийн татварын асуудал байна. Хотод хүмүүс том, том объектууд яагаад бариад байна вэ гэхээр татвар байхгүй учраас. Уг нь, авах ёстой. Энэ татварын асуудлыг ойрын үед НИТХ-аар хэлэлцүүлнэ. Хотод ус, цахилгаан, дулаан хамгийн хямдхан. Тиймээс хүн өөр хотод үйлдвэр барих шаардлагагүй байна шүү дээ. Яагаад гэвэл, хотдоо баривал өртөг хямдхан барьчих юм чинь. Дээр нь, Замын хөдөлгөөний удирдлагын төвд автомашины хөдөлгөөнийг хянадаг 26 камер байдгаас 11 нь бичлэг хийдэг. Гэтэл өдөр бүр 1600 хүн замын хөдөлгөөний зөрчил гаргаж байна шүүү дээ. Тэр хүмүүст торгууль тавиад авч чаддаггүй. Учир нь, машины, жолоочийн болон хаягийнх нь бүртгэл өөр өөр газарт бүртгэлтэй байдаг. Гэтэл хотод 88 мянган машин татвар төлөөгүй явж байна гээд бод доо. Тэгэхээр шинэ юм бий болгохоосоо илүү өөрийнхөө захиргааныхаа нөөцийг ашиглавал авах ёстой зөндөө татвар бий. Тиймээс ЗТЯ, хот, Хууль зүйн яамны хамтарсан шийдвэрээр гаргаад торгуулийн системд оруулах гэж байна. Торгуулийн хуудсыг гэрт нь хүргэж өгдөг механизм, мэдээллийн баазаа байгуулчихаад хэрэгжүүлнэ. Ингэхээр хотын орлого дээшилнэ, замын хөдөлгөөний зөрчил гарах нь ч багасна.

-Өнгөрсөн жилүүдэд ажлаа чанаргүй хийдэг мөртлөө тендер авдаг хэд хэдэн компани байгааг хотын удирдлагууд ярьж байсан. Ер нь, ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Энэ талаар судалж үзсэн. Хот гурван жилийнхээ дүгнэлтээ гаргасан. Ажлаа чанаргүй хийдэг компаниудыг дахин тендерт оролцуулахгүй гээд хотын хар дэвтэрт тэмдэглэсэн байгаа. Голчлон замын салбарт  ийм компаниуд байдаг юм байна. Нэг компани гэхэд мөнгөө авсан мөртлөө юу ч хийгээгүй байсан. Бид юу гэж тайлж ойлгож байна вэ гэхээр мөнгөө аваад сонгуульд өгчихсөн, тэрийгээ хэлж чадахгүй юм байна уу гэж бодоод байна. Хуулийнханд шалгуулъя, гэмт үйлдлийн шинжтэй байж магадгүй гээд  хандсан байгаа. Хийгээгүй мөртлөө мөнгө нэхээд сууж буй газрууд ч бий. Энэ жил зам засварыг хэн хариуцаж байгааг ил тод олон нийтэд мэдээлсэн. Хяналт сайн тавьсан болохоор муу зам барьсан гэх компани байхгүй байх.

 -Засаг солигдсоноос хойш халгаа сэлгээ хийлээ гэсэн мэдээлэл мэр сэр дуулдах юм. Хотын захиргаанд халаа сэлгээ хэр хийгдэв?

-Бүтцийн өөрчлөлт хийгээгүй байгаа. Ажил төрлийн шаардлагаар халах, солих бол бий. Хотын мэдэлд 29 агентлаг байдаг. Үүнээс долоон агентлагынх нь даргыг сольсон. Цөмөөрөө өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн. Авто замын газар, Газрын алба, НМХГ гэх мэт. Тэдний оронд хүмүүсээ тавих ажил хийсэн. Харин тамгын газрын хувьд 10 хэлтэс бий. Дарга нар нь ажлаа хийгээд явж байна. Халагдаж, солигдсон хүн байхгүй. Зарим хэлтсийг нь томруулах, багасгах шинэ бүтэц бий болгох шаардлага бол байна. Тухайлбал,   хотод ерөнхий дизайнерийн алба гэж алга. Энэ замбараагүй зар сурталчилгаа, самбар, авцалдаагүй загвар, өнгөтэй байшин чинь ерөнхий дизайнер байхгүйтэй холбоотой. Замын хашлага хайсыг гэхэд орны цагаан толгой шиг юм хийгээд тавьчихаж байна. Улаанбаатар хотод цогц арга хэмжээ авах ёстой гэдгийг  урд дарга нар анхаардаггүй байв уу, ач холбогдол өгдөггүй байсан уу. Үүл даргын хэлдгээр дэндүү хүнийрхүү маягаар буюу хоноцын сэтгэлээр хандаж.

Өмнөх удирдлагууд нь сэтгэл багатай ажиллаж байжээ гэж дүгнээд байгаа.

-Дарамт, сүрдүүлэг их ирснээс хотын мэр хам­гаалагчтай болсон гэх юм. Хэр дарамт ирж байна вэ?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бидний хийж байгаа ажлыг үгүйсгэсэн, захиалгат нэвтрүүлэг, нийтлэл гараад байгаа. Мэдээж, алга ташиж хүлээж авахгүй нь ойлгомжтой. Эрх ашиг нь хөндөгдсөн, хууль зөрчсөн хүмүүс дургүйцэж байгаа. Гэхдээ бууж өгөхгүй. Бидний хамгаалалт бол иргэд шүү дээ. Хийж буй ажлаа ил тод болгоно гэдэг маань ч үүнтэй холбоотой. Наад зах нь Засаг даргын гадаад томилолтын зардлыг олон нийтэд тайлагнасан. Түүнээс биш ажил төрлийн шинжтэй маргаан хаана ч байдаг  л асуудал. Ийм маргаан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч байгаа. Хамгийн гол нь, Улаанбаатар хотоо өөрчилье, шинэчилье, хот шиг болгоё гэдэг дээр иргэд маань хамтдаа зүтгэх ёстой.

 Эх сурвалж: “Ардчилал” сонин