Хүүхдийн паркийн шинэчлэлд энэ зун багадна

2010-07-07 00:00:00

Өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхэд багачууд тэр байтугай томчуудын хөлд дарагдах учиртай. Одоогоос нэг сар 20 хоногийн өмнө хотын дарга Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажлын явцтай танилцах үеэр хүүхдийн парк наадмын өмнө буюу долдугаар сарын 8-нд эхний хэсэг нь ашиглалтад орно хэмээн төслийн удирдагч Б.Батнягт танилцуулсан.

Энэ үеэр хотын дарга уг ажлыг гардан зохион байгуулж буй хүмүүст хандаж та нар маш их хугацаа алдсан. Иргэдийн хүлээлтийг юугаар нөхөх юм. Магадгүй томоохон өртөгтэй тоглоомын газар тодорхой хугацаанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ёстой. Танайх дагуулсан хүүхдийн паркийн тоглоомын үнэ ханш ямар байх талаар сонирхож эхэлсэн. Ингээд манай сурвалжлах хэсэг эхний ээлжинд ашиглалтад орох 18 тэрбум төгрөгийн өртгөөр бүтэж буй найман га газрын шинэчлэгдсэн тоглоомууд болон үнийн талаар мэдээлэл авахаар бага үдийн хэрд Үндэсний соёл амралтын хүрээлэнд очлоо.

Тус газрын хаалгаар орвол урд талын хаалганы баруун талд явган хүний зам хийх гэж байгаа бололтой дүүрэн хавтан өрчхөж. Харин эсрэг талд нь замбараагүй овоолсон элс шороо газраар нэг хөглөрнө. Өнөөх нуурын дунд байрлах цайзын барилга дөнгөж л дүрсээ олсон төдий, үүдэнд баригдаж буй барилга ч мөн адил. Байгаагаас алсыг харагч, тойруулга, савлуур зэрэг гарын таван хуруунд багтаахаар тоглоомыг суурьлуулжээ. Бусад тоглоом нь сураг алга. Энэ хашаан дотор хаа сайгүй барилгын хог хөглөрч энд тэндгүй нэг ажил эхлээд орхичихсон нь бөмбөгдөлтөд өртчихөө юу гэлтэй.

Хамгийн наад захад газарт хавтан суулгаж буй ажилчнаас хүүхдийн парк хэзээ ашиглалтад орох юм бол хэмээн лавлавал мэдэхгүй гэлээ. Төслийг хариуцаж буй хүмүүстэй уулзах гэсэн боловч ажил армаг тармаг явж буй энэ газарт тэдний нэг нь ч байсангүй. Тиймээс уг төслийг удирдан ажиллаж буй Б.Батнягттай уулзахаар Бодь цамхагийн гурван давхарт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн төв оффист очлоо. Тэрээр ямар нэгэн тайлбар хийхийг хүссэнгүй. Урьд нь хүүхдийн паркийн асуудал газрын маргаан, хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж эхэл-дэггүй байсан хэмээх тайлбар өгдөг байсан.

Тэгвэл эхний ээлжинд ашиглалтад орох хэсэгт шаардлагатай 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэдийн хийчихээд байхад яагаад ажил урагш гишгэхгүй байна вэ. Төслийг хариуцан ажиллаж буй хүмүүс лав далан удаа худал хэлсэн байх. Ажлын явцыг харвал тэдний "гайхамшигт" бүтээн байгуулалтад энэ зун лав багадана. Эдүгээ 44 жилийн настай "Үндэсний соёл амралтын хүрээлэн" хэзээ ашиглалтад орох нь хүн бүхэнд сонин. Төслийн хугацаа хэтэрч ажил нь барагтайхан байгаа энэ газрын үйл ажиллагааг хянаж шаардлагатай гэвэл уг төслийг хэрэгжүүлэх эрхийг нь түтгэлзүүлэх цаг нь хэдийн болсон баймаар.

"Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн шинэчлэл цөөнгүй жил багагүй хэл ам дагуулсан. 2005 онд анх ИТХ-ын тогтоол гарч байсан. Түүнээс хойш паркд 35.7 га газар хамааралтай болжээ. Үүн дээр таван хэсэг газар маргаантай байсан учраас ажил нэлээдгүй саатсан хэмээх тайлбарыг холбогдох хүмүүс өгдөг. Үүний гурван га газар нь Улаанбаатар шангирилла компанийн мэдэлд "Шангирилла" зочид буудал барьж эхэлсэн бол хамгийн сүүлчийн газрын маргаан нь өнгөрсөн тавдугаар сарын эхээр Үндэсний соёл амралтын хүрээлэнд ашигтайгаар шийдэгджээ.

Өмнө нь төслийн удирдагчид Үндэсний соёл амралтын хүрээлэнг бүтнээр нь шинэчилж дуусахад 4-5 жилийн хугацаа шаардана хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ байдлаар бол 10 жил хэрэгтэй бололтой. Хотын дарга ирж ажилтай нь танилцахад ямар ч баримжаагүй худал залж байхыг бодоход уг төслийг хариуцаж ажиллаж буй хүмүүст итгэхэд бэрх мэт. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндэсний соёл амралтын хүрээлэн зуны цагт оюутан залуусыг түр ажлын байраар хангана хэмээн зар явуулж байсныг санаж байна.

Ямартаа ч бүтэн таван жил төмөр хашаагаар хүрээлэгдсэн хотын төвийн нийтийн эзэмшлийн талбайн хөрөнгө мөнгө буруу замаар будаа тээгчдийн халаас руу ороод байна уу гэх сэжиг төрүүлж байна.

Т.Сэлэнгэ