Өнөөдөр: Хакухо аваргын нэртэй цагаан будаа Монголд тарина

2010-06-07 00:00:00

Арлын Япон орон цагаан будаагаараа Азид төдийгүй дэлхийд алдартай. Ялангуяа Хоккайдо арлын Такикава хотод тариалдаг будаа нь "Долоо од"-той буюу Япондоо хамгийн өндөр сортын, амт чанар сайтайд тооцогддог байна. Тавдугаар сарын башёд амжилттай барилдаад ирсэн Ёкозүна Хакүхо аварга энэхүү дээд зэргийн будааг Монголд ургуулах хүсэлтэй байгаа бөгөөд өөрийнх нь нэрээр нэрлэсэн "Хакүхо" цагаан будааны төслийг хотын Мээрт өчигдөр танилцууллаа. Түүний хамт Такикава хотын дарга Тамүра Хироши болон тус хотын Хөдөө аж ахуй, олон улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжлийн зөвлөл, Бэйсболын холбооны тэргүүн зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Хакүхо аварга тус хотын хүндэт иргэн, Аялал жуулчлалын элч сайдаар сонгогдсон юм байна.

Такикава хот нь Хоккайдо арлын нийт цагаан будааны 30 гаруй хувийг тариалдаг гэнэ. Өвөлдөө зарим нутгаар хасах 30 хэм хүртэл хүйтэрч цас ордог зэргээрээ манай орны уур амьсгалтай ойролцоо тул энэ будааг Монголд ургуулах боломжтой хэмээн тэд үзэж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Тамүра Хироши, Ёкозүна Хакүхо нар "Хакүхо цагаан будааг Монголд тарих" төсөлд гарын үсэг зурлаа. Такикава хотын дарга Тамүра Хироши "Монголд зөвөхн цагаан будаа тариалах бус Японы ХАА-н салбарт ашиглаж буй технологийг нэвтрүүлж, энэ салбарын мэргэжилтнүүдийг өөрийн оронд суралцуулж, мэргэжил дээшллүлэх, өөр олон төрлийн хүнсний ногоо тариалах сонирхолтой байна. "Хакүхо" цагаан будааг манай хотод тариалж эхэлсэн. Эхний ургац болох 600 кг будааг ирэх есдүгээр сард хураан авна. Монголд өмнө нь цагаан булаа тарьж байсан туршлага байдаг юм билээ. Танайд нартай өдрүүд ховор. Хөрсний шинжилгээ хийж, агаарын жилийн дундаж температур ямар байдаг гээд бүхий л талын судалгаа хийснээр хаана, ямар хэмжээгээр тариалах нь тодорхой болно" гэсэн юм.

Их аварга будаа тариалахаас гадна Монголд бэйсболыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Эхний ээлжинд хүүхдүүдэд бэйсболын бөмбөг, цохиур, бээлий бэлэглэж, бэйсболын холбооныхонтой уулзахаар төлөвлөжээ.