Суурьшлын шинэ бүсийг тогтоолоо

2009-07-24 00:00:00

Нийслэлийн Газрын албанаас Улаанбаатар хотноо зөвшөөрөлгүй, аюултай бүсэд суурьшсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх суурьшлын шинэ бүсийг тогтоолоо. Нийслэл хотноо болсон хоёр удаагийн үерийн сэргээн босголтын талаар хэлэлцсэн хурал дээр тус газрын дарга энэ тухайгаа таницлууллаа.

Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт долдугаар хэсгийн задгайд 220 га, Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын 324, 335, 347-р зөрлөг орчимд нийт 50 га, Жаргалант тосгонд 100 га, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Нисэхийн цэргийн ангийн урд талд 300 га газарт төлөвлөсөн байна. Суурьшлын шинэ бүсэд дэд бүтэц бий болгох, аюултай бүсэд байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгоход урьдчилсан байдлаар нийтдээ 39 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдлийн улмаас нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо, нягтрал ихсэж, замбараагүй, хяналтгүй тэлэлт бий болсноор байгалийн болзошгүй гамшигт өртөх эмзэг байдлыг нэмэгдүүлж, учрах хохирлын хэмжээ жил ирэх тутам нэмэгдсээр байгаа юм. Улаанбаатар хот дахь үерийн далан хамгаалалтын байгууламжийн нэлээд хэсэг нь эвдэрсэн, зарим газруудад шинээр барьж байгуулах, хуучныг нь сэргээн засварлах зайлшгүй шаардлагатай болсон байна. Нийслэлийн газрын албаны гаргасан мэдээгээр Улаанбаатар хотноо үерийн хамгаалалтын бүсэд 2702 өрх, 78 аж ахуйн нэгж, байгууллага байгаа бөгөөд хотын төвийн хэсгийн үерийн хамгаалалтын далан суваг шуудууг хааж, дураараа зөвшөөрөлгүй буужээ. Мөн нийслэл хотноо тулгамдсан нэг асуудал бол өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүсэд бий болсон суурьшил. Энд 993 өрх амьдарч байна. Сүүлийн жиүүдэд хот орчимд нягтрал ихэссэний улмаас иргэд уулын хяр, тэр ч бүү хэл хүний эрүүл, аюулгүй байдлын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй оршуулгын газрын бүсэд суурьшиж, чимээгүй хоттой хаяа дэрлэн амьдрах болсон. Одоо энд 429 өрх, 32 аж ахуйн нэгж, байгууллага байна. Ингээд нийтдээ 4124 өрх, 110 ААН , байгууллага аюултай, эрсдэлтэй бүсэд амьдарч, үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.