Чингис хааны талбайд мөсөн гулгуурын талбай байгуулна

2013-12-05 00:00:00
Улаанбаатар хотод өвлийн улиралд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, зориулалтын соёл амралтын газрууд дутагдалтай байдаг. Дүүргүүд нутаг дэвсгэртээ мөсөн гулгуурын талбай байгуулдаг ч стандарт, шаардлагад нийцсэн талбай байхгүй байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн,  хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар боллоо. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулах бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийднэ. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн байна. Талбайн ашиглалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хариуцаж, талбай бүрт 3-4 ажилтан ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын 2 талбай 12 сарын 15-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.