Хотын шинэ цогцолборын зураг төсөл бэлэн болжээ

2013-12-04 00:00:00
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. СХД-ийн 6-р хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм. 2013 оны 10 дугаар сараас эхлэн “Халла” групп хотын захиргааны цогцолборын барилгын зураг төслийг боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулан санал авсан байна. Харин өчигдөр барилгын зураг төслийн эцсийн хувилбараа нийслэлээс байгуулсан ажлын хэсэгт танилцуулж, талууд инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зэрэг дараа дараагийн нарийн төлөвлөлтийн ажлаа хэлэлцлээ.

“Халла” группын архитекторын танилцуулснаар хотын захиргааны шинэ цогцолборын барилгыг 50 400 метр квадрат талбайд барихаар төлөвсөн байна.  Цогцолборын ерөнхий загвар нь хүний нүд мэт хэлбэртэй байхаар төсөөлж боловсруулсан бөгөөд НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилгад, НИТХ-ын төлөөлөгчид, ажлын албадын барилга урд хэсэгт нь байхаар зураг төслийг гаргажээ. Харин энэ 2 барилгын дунд хэсэгт нийслэлийн Иргэд хүлээн авах төв болон  иргэдэд үйлчилгээ үзүүлэх газруудыг байрлуулах юм. Энэ нь иргэдээ нүдний цөцгий мэт хайрлан, хамгаалах, халамжлах гэсэн утга агуулгыг илэрхийлж байгаа юм байна.

Хотын захиргааны шинэ цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны эх үүсвэрийг шийдэхээр тооцоолж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.