Ч.Батсайхан: Угаар үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан

2013-11-22 00:00:00
НЗАА-ны Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхантай ярилцлаа.  
 
-Энэ жил агаарын бохирдлыг бууруулах дорвитой ажил хийгдэхгүй нь. Ажлаа хийж байгаа хүн байна уу гэж хүмүүс их асуух юм?
 
-Хэн тэгж дүгнэсэн юм бол. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж заасан ч тодорхой тоо баримт үндэслэлтэйгээр ярих нь зөв байх. Би тэр хүнтэй санал нийлэхгүй байна. Аливаа ажил 100 хувь ногоон гэрлээр дардан явж, шууд үр дүнд хүрчихдэггүй биз дээ. Яахав, нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй компаниудаас болж  асуудал үүссэн нь үнэн. Гэхдээ аль болох зохицуулахыг бодно. Зохицуулах гэж ч ажиллаж байна. Хэдхэн хүний хариуцлагагүй үйлдлээс болж агаарын бохирдлыг бууруулах ажил муу байна гэж дүгнэж болохгүй.
 
-Гэхдээ агаарын бохирдлыг бууруулах талаар хийсэн ажлын тань мэдээлэл иргэдэд очихгүй байна. Тийм болохоор юу ч хийхгүй байна гэж ойлгосон байх л даа?
 
-Хэвлэл мэдээлэл хариуцдаггүй болохоор мэдэхгүй юм. Тамгын газрын хэвлэл мэдээллийн алба л мэднэ. Уг нь, олон сурвалжлагч өдөр болгон ирээд асуудаг. Тэгээд өөрсдөдөө хэрэгтэйгээ мэдээллээд хэрэггүйг нь цацдаггүй юм уу, бүү мэд. Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулах чиглэсэн бүх ажил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд зангигдаж байгаа.
 
-Жишээ нь, агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар, ямар ажил хийсэн юм бэ?
 
-Агаарын бохирдлыг бууруулах ажил зөвхөн Агаарын чанарын албаны ажил биш шүү дээ. Улаанбаатар хотын хэмжээнд яригдаж буй энэ асуудлыг шийдэхийн тулд НЗАА, НЗДТГ, Улсын агаарын чанарын мэргэжлийн алба, ЗТЯ, БОНХЯ –наас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Жишээ нь, ногоон байгууламжийн тоог нэмэх, дугаарын хязгаарлалттайгаар автомашин зорчуулах гэх мэт. Гол үндсэн ажлыг би амаа хаттал ярьсан шүү дээ. Гэр хорооллын 189 мянган өрхийг түлшний хэмнэлттэй сайжруулсан зуухаар хангах зорилтын хүрээнд энэ жил 45 мянган өрхөд өгөхөөр ажиллаж байна. Нэг өдөр л бүр айлд тараачихдаг юм биш. 200 мянга гэдэг чинь их тоо шүү дээ. Нэг л өргөс авахын дайтай агаарын бохирдлыг бууруулчихна гэж ойлгох юм. Тийм амархан буурчих юм биш.
 
-Энэ жил гэр хорооллын 45 өрхөд тараах зуух өнгөрсөн жилийн дуусаагүй ажлын үргэлжлэл. Тиймээс ч нэг ажил нь гараас нь гарахгүй байна гэсэн шүүмжлэл гарсан?
 
-Хүн яаж ярих нь эрхийнх нь асуудал. Чи тэгж ярьж болохгүй гэх эрх бидэнд байхгүй. Гэхдээ ажил хийвэл дуустал, давс хийвэл дуустал гэдэгчлэн эцсийг нь үзэх л гэж бид элдвээрээ хэлүүлэн ажиллаж байна. Үнэндээ, агаарын бохирдол үнэхээр хүнд асуудал. Зам, барилгын ажил хүний нүдэнд харагдаж сайн, муу үнэлгээгээ авдаг. Тэгвэл агаарын бохирдол нүдэнд харагдахгүй, гарт баригддаггүй юм болохоор харагдаж, үзэгдэх талбайгаар нь буурахгүй байна гэж манайхан ярьдаг. Мэдээж, бид нэг ажлаа дуусгаж байж, дараагийн ажлаа хийх ёстой. Өөр яах юм. Нэг жилд 10, 20 их наядаар нь гаргах хөрөнгө мөнгө Монгол Улсын Засгийн газарт байгаа юм уу. Дахиад хэлэхэд, нэг жилийн дотор хийчихдэг ажил биш. Ямар ч гэрлийн хурдаар ажиллаад 1-2 жилийн дотор шийдчихгүй. Үе шаттайгаар шийдэх ёстой юм. Тийм ч учраас эхлээд гэр хорооллын өрхүүдийг зуух, түлшээр хангах гэж оролдоод байгаа хэрэг.
 
-Ул суурьтай үе шаттайгаар шийдэх ёстой юм бол шилжилт хөдөлгөөнөөсөө эхлэх ёстой юм биш үү?
 
-Яагаад агаарын бохирдол үүсээд байна вэ гэхээр хүн амынхаа шилжилт хөдөлгөөнийг шийдэж чадахгүй байна. Энэ нь дан ганц хотын захиргааны ажил биш. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Гэтэл хүн амын шилжилт хөдөлгөөн, макро төвшингийн асуудлаа шийдээгүй байж бид микро төвшингийн асуудлаа шийдэх гээд байвал сонин юм болно шүү дээ. Өнөөдөр жилд хөдөөнөөс 10-15 мянган айл хотод шилжин ирж, уулын орой дээр буудаг. Юу түлдэг вэ гэхээр бакрышик. Тиймээс холбогдох байгууллага нь шилжилт хөдөлгөөнийг шийдмээр байна. Тэгэхгүй бол боловсруулсан түлээгээр агаарын бохирдлыг бүр мөсөн арилгахгүй. Ирэх жилээс Агаарын чанарын албаны бүтцэд өөрчлөлт орж, хяналт тавьдаг чиг үүргээ л гүйцэтгэнэ. Түлш нь, зуух нь яана уу бидэнд хамаагүй. Яагаад гэвэл, НИТХ-ын төлөөлөгчид хэтэрхий бизнесийн үйл ажиллагаанд оролцлоо, хутгалдлаа гэж зэмлэсэн.
 
-Тэгэхээр агаарын бохирдлыг хэн мэдэх болж байна аа?
 
-Уул уурхайн яам. Өнөөдөр  иргэд хоттой шууд харьцдаг гэдэг утгаар хотын захиргааны байгууллага оролцоод хутгалддаг болохоос биш түлш хариуцсанаараа УУЯ мэдэх ёстой. Иргэд  мэдээлэл дутмагаас хаана очиж, хэнтэй харилцах вэ гэдгээ мэдлэггүй л байхгүй юу. Эрчим хүчний яаманд ч түлш зохицуулалтын газар гэж бий. Тэгэхээр энэ газрууд ажлаа хийх ёстой. Тэр түлш нь байвал  дүүрэг, хороодод хуваарилах, чанарт нь хяналт тавих ажил нь хотын үүрэг шүү дээ.
 
-Агаарын бохирдлыг бууруулахад хууль эрх зүйн орчныг нь бий болгох ёстой гэж Агаарын төлбөрийн тухай хуулийг баталсан. Гэвч хууль нь гарлаа гээд өөрчлөгдсөн юм алга шив дээ?
 
-Байгаль орчны талаархи нэгэн зарчимд хэн бохирдуулж байна, тэр хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Энэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд гадаадын улс орнууд эдийн засгийн аргаар буюу төлбөрийн механизмаар дамжуулан арга хэмжээ авдаг. Харин манай улсын
эдийн засгийн тогтолцоо тийм механизм руу шилжээгүй. Угтаа, утаа гаргаж л байгаа бол гэр хорооллын айл өрх төлбөр төлөх ёстой юм. Гэвч их хурлаар ороод унадаг. Хуулийг бол шинэчлэх шаардлага байхгүй.
 
-Хотын захиргаа ч гэсэн татвараар хөдөө орон нутгаас хот руу нүүдэллэх шилжилт хөдөлгөөнийг зогсооё гэж ярьж байгаа. Гэвч цаг нь болоогүй бололтой?
 
-Хотын татвар гэж байх ёстой. Аль ч хотод татвар байж гэмээнэ нийгэм, эдийн засгийн асуудлаа шийднэ. Манай нийгэм, эдийн засгийн тогтолцоо сонин шүү дээ. Улаанбаатарт хүн амын 50-иас илүү хувь нь амьдардөг мөртлөө нийслэлээ аймагтайгаа адилтгачихдаг. Тиймээс нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай гаргаж байж нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон ажил урагшилна. Энэ хуулиа баталж, статусаа тогтоохгүй бол нэг л сулбагар, хүчгүй, үр дүн муутай яваад байгаа юм.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн татварын тухай хуулийг батлах ёстой. Энэ байдлаараа яваад байж болохгүй.
 
-Хотын бүрэн эрхт статусаас гадна хотын төвлөрлийг сааруулбал агаарын бохирдол бага ч атугай буурна гэдэг л дээ?
 
-Яах аргагүй хотын төвлөрлийг сааруулах ёстой. Ярьж байсан шиг ээ оюутны хотхоныг Налайх руу, Багахангайг үйлдвэрлэлийн хот болговол ч... Ийм хүч муутай арга хэмжээ аваад байвал хөдөөнөөс хүн шилжиж ирээд л байна шүү дээ. Улаанбаатар хот хэдэн жилийн дараа өнөөх л бахь байдгаараа байж л байна.  
 
-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолд хэдэн төгрөг зарцуулчихав ?
 
-Мэдэхгүй. Би мэдэхгүй.
 
-Тэгвэл энэ жил хэдийг зарцуулсан юм?
 
-Мэдэхгүй. Би мөнгө, төгрөгийн зарцуулалтыг мэддэг хүн биш. Наад асуултаа Цэвэр агаарын сангаас л асуу. Манай албыг хүмүүс мөнгө мэддэг юм шиг яриад байдаг. Гэтэл бидэнд үйл ажиллагааны зардлаас өөр юм байхгүй. Төсвийн байгууллага шүү дээ. Цалингаас өөр юм байхгүй. Манай хэвлэл мэдээлэлд хэдэн төгрөг тусгасан байдаг гээч.  250 мянган төгрөг. Инээдэмтэй байгаа биз дээ. Тэгэхээр бид төслүүдэд хяналт тавих үүрэгтэй болохоос хэрэгжүүлдэггүй.
 
-Хязгаарлалтын бүсийн айлуудаа түлшээр хангах үүргийг дүүргийнх нь захиргаа хүлээгээд удаж буй байх аа. Боловсруулсан түлш нь байхгүйгээс түүхий нүүрсээ түлж байгаад танайх хяналт тавьсан юм уу?
 
-Аль өнгөрсөн тавдугаар сард дүүргийн удирдлага  хязгаарлалтын бүс хариуц гээд хотын мэрийн захирамж гарсан шүү дээ. Дүүрэг хариуцах ёстой. Бид үүргийнхаа дагуу шаардлага тавихаар бид туршлагагүй, мэдлэггүй та нар хариуц. Эхнээсээ хариуцсанаараа хариуц гэдэг л дээ.. Дүүргүүдэд эрх мэдлийг нь өгөхөөр хийж чадахгүй. Асуудалтай шүү дээ.
 
-Боловсруулсан түлш нь дутагдалтайгаас хэцүү байдаг байх л даа?
 
-Ирэх долоо хоногоос түлшний нийлүүлэлт нь эхэлнэ. Ер нь, нийт хангагдах ёстой хангамжийн 10 хүрэхгүй хувь нь түүхий нүүрс түлж байгаа.
 
-Эргээд түүхий нүүрсээ түлэхээр өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийсэн ажил маань салхинд хийсч байгаа юм биш үү?
 
-Угтаа, хотын гэр хорооллын бүх өрхийг боловсруулсан түлшээр хангах хэрэгтэй. Эсвэл
огт больчих хэрэгтэй. Ирэх жилээс бараг түлш тараахаа болих байх. Яагаад гэвэл, холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авахгүй байгаа болохоор.
 
-Больчихоор юу хийх үү?
 
-Өөр л юм хийх байлгүй дээ. Уул уурхайн яам мэднэ. Түлшний бодлогыг уул уурхайн яам хариуцана. Тэд нараас асуу. Агаарын чанарын албаныхан энэ түлшийг больчихъё гэнэ  ярьж байна, яах уу гээд. Уг нь, агаарын бохирдлыг бууруулах арга зам нь яах аргагүй гэр хорооллын 180 гаруй өрхийг боловсруулсан түлшээр хангах байхгүй юу. Тэгээд  юм хийх гэхээр яамдууд нь дэмжихгүй. Бүх ачааг хотод үүрүүлээд муу нэр зүүлгээд явуулж байх санаатай. Ингэж болохгүй шүү дээ. Ухаалаг төр рүү шилжье гээд Ерөнхийлөгч яриад байгаа биз дээ. Тийм учраас ирэх жилээс түлшний асуудлыг шийдэх байх.
 
-Боловсруулсан түлшээс гадна бүрэн шаталт зуух  агаарын бохирдлыг бууруулах оновчтой арга гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ дамын бизнес болох шахсан зуух маань зорилтот хэсэгтээ хүрсэн гэхэд хэцүүхэн санагддаг?
 
 
- Сэтгэл байвал заавал хөнгөлөлттэй гэлтгүй үндсэн үнээр нь авч болно шүү дээ. Бид чинь хүний төлөө амьдраагүй биз дээ. Яагаад өөрийнхөө эрүүл мэндийн төлөө авч болдоггүй юм.  Заавал хязгаарлалтын бүс гэлтгүй зуслангийн байнгын оршин суугчид авч болно шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хоёр, гурваар нь аваад ах дүүдээ бэлэгчихсэн, дамлаж худалдсан хэрэг өчнөөн гарсан. Хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна.
 
-Дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн байгуулсан боловсруулсан түлшний үйлдвэр байна. Бас л ашиглалтад орж өгдөггүй, улсын мөнгөөр тэжээгдсэн газар?
 
-Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Дахин хэлэхэд, Уул уурхайн яамнаас асуу. УУЯ-ны түлшний бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд энэ талаар маш сайн мэдэж байгаа. Угаасаа тэр үйлдвэрийг хуулийн хяналтыхан шалгаж байна. Дүн нь ч гарч байгаа байх. Авсан 10 тэрбумдаа техник технологио авсан юм билээ. Овоотол идсэнийг би харахгүй байна. Гэхдээ хууль хяналтынхан үнэн мөнийг олох биз ээ. Миний хариуцдаг ажил биш учраас хүний  урдуур орж  яриа байх нь утгагүй байна. Уучлаарай.
 
-Ер нь, агаарын бохирдлыг бууруулах ажил мухардалд орчихлоо гэж ойлгож болох уу?
 
-Та яагаад мухардалд орчихлоо гэж ойлгов...
 
-Яахав, гэрээт байгууллага нь түлшээ нийлүүлэхгүй, иргэд нь хөнгөлөлттэй зуухаа дамлаж зараад л. Нэг л бүтэл муутай санагдсан болохоор?
 
-Та 10 жилд байхдаа дандаа онц сурдаг байсан уу. Сайн дүн авч байгаагүй юү. Амьдрал баян шүү дээ. Баяр цэнгэл, гомдол хослоод. Ажил дандаа цэлийтэл дардан замаар явахгүй. Муу байх нэг үе байхад сайн болох цаг ирнэ. Ирээдүйдээ итгэх хэрэгтэй. Түлшний хоёр, гурван ч үйлдвэр байгуулагдах тухай сураг дуулдаж байна. Гэтэл энэ ажил бүтэхгүй нь, агаарын бохирдол буурахгүй  нь гэж ойлгож болохгүй. Аливаа ажилд болох,  болохгүй ч юм бий. Тэрийгээ ил тодоор хэлээд алдаагаа засч л явах учиртай юм.
 
-Ер нь, ажил хийдэггүй хүнээсээ хийдэг нь зэмлүүлдэг байх шүү?
 
-Яг тийм. Ажил хийдэггүй хүн хэзээ ч загнуулдаггүй байхгүй юу. Ажил хийдэг хүн алдаа гаргана, загнуулна. Гэхдээ ямар миний алдаа биш. Төр засгийн, яамдуудын. Үнэндээ дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн байгуулах боловсруулсан түлшний үйлдвэрийн тендерийг Эрчим хүчний яам зарласан шүү дээ.
 
-Таны хэлснээр нүдэнд харагдаж, гарт баригддаггүй агаарын бохирдлыг бууруулахын тулд  өнгөрсөн хугацаанд багагүй мөнгө зарцуулсан. Агаарын бохирдол хэдэн хувиар буурсан бэ?
 
-Буурсан гэж хэлэхэд эрт байна. Бууруулахын төлөө явж байна. Агаарын бохирдлыг нүдэн баримжаагаар тэдэн хувь буурсан гэж хэлж болдоггүй байхгүй юу. Баянхошуу, Амгалан, хотын төв гэх мэт байршлаасаа хамаарч өөр өөр байна шүү дээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил агаарын бохирдол нэмэгдээгүй. Хүмүүст угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан. Удахгүй манай албаны хэмжилтийн баг 35 цэгтээ хэмжилт хийхээр тодорхой болох байх аа.
 
-Ямар бүрийн л тоо сонсогдох юм. Барагцаагаар хэлж болохгүй юм уу?
 
-Манайхан том тоонд дуртай. Тоо хэлчихвэл тэрийгээ бариад бичиж, яриад байдаг. Тооноос араас хөөцөлдөх хэрэггүй шүү дээ.
 
-Ямартай ч, ирэх оноос танай албанд бүтцийн өөрчлөлт хийснээр агаарын бохирдлыг бууруулах ажил бүх нийтийн ажил болох байх аа гэдэгт итгэж байна?
 
-Удаа дараа яригдаад байгаа л даа. Ирэх оноос бүтцийн өөрчлөлт хийхээр агаарын бохирдлыг бууруулахын тулд хот, яамд яаж ажиллах нь тодорхой болох биз.
 
                                                                                                                      
 
  Т.Оюунбаяр