Гэр хороолол хотжино

2013-11-21 00:00:00
Манай улсын хүн амын тал шахам нь буюу 1.3 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байгаа. Хүн амын шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо асар хурдтайгаар нэмэгдсээр байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр зургаан хувиар өссөн нь үүнийг илтгэнэ. Бид дээрх хэт төвлөрөл, амьдрах орон зайн бачуурлаас үүдэлтэй хотын утаа, автозамын түгжрэл, хөрс, усны бохирдлыг олон жил ярьсаар ирлээ. Харамсалтай нь гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Гэр хорооллын иргэд маань нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломжоор улам хязгаарлагдах болсон. Нийслэлчүүдийн том айдас болон хувирсан утааны гамшгийг арилгах гэж дээр дооргүй л зүтгэцгээсэн. Гэр хорооллын айлд зориулсан зуух, түлш, дулаалгыг нь хүртэл сольж үзлээ. 40, 100 мянган айлын орон сууц гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд оролдсон ч нийгэм-эдийн засгийн шалтгааны улмаас олигтой үр дүнд хүрсэнгүй. Улаанбаатар хотын хүн ам ирэх арван жилд 400 мянгаар нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ байдлаараа байвал утаатайгаа хөшилдсөөр, Улаанбаатар хот маань организмын хувьд зомби болон хувирна гэхэд хилсдэхгүй. Эндээс гарах хамгийн бодитой, үнэмшилтэй, үр өгөөж сайтай арга бол ердөө л гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах л ёстой юм байна гэсэн ойлголт хүн бүрийн уураг тархинд үндэслэх болов. Энэхүү асар том бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг төр дангаараа үүрээд явж чадахгүй нь өмнөх туршлагаас харагдлаа. Нийслэлийн удирдлагын зүгээс энэ ажлыг дангаараа үүрнэ гэж муйхарлалгүй хотын иргэдтэйгээ, хувийн хэвшлийнхэнтэй хамтраад нугална гэж шийдсэн нь алхам алхмаар амжилтыг дагуулж байна. Өөрөөр хэлбэл иргэний оролцоо, санаа бодол дээр тулгуурлаад, хувийн хэвшлийн ажиллах боломжийг бүрдүүлж, төр өөрөө зохицуулагчийн үүрэг гүйцэтгэхийг хэлж байна. Дээр өгүүлсэн зовлонг дэлхийн хотууд тойроод гараагүй. Тэдний туршлагаас харахад ч, манай хотын өнөөдрийн онцлог ч дээрх гурван талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээс өөр аргагүй гэдгийг ойлгуулаадахлаа. Энэ дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх 12 байршлыг энэ оны эхээр НИТХ-аас тогтоосон билээ. Эдгээр байршилд 52 250 хүн ам бүхий 11.161 нэгж талбарын 970.2 га талбай хамрагдсан. Эдгээр 12 байршлыг иргэдээс санал асуун тогтоосон гэдгийг хэлэх хэрэгтэй. “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банктай хамтарч 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй нь төр, засгийн дээд байгууллагуудаас дэмжлэг авахаар болсон таатай мэдээ нийслэлийн өдрийн өмнөхөн иргэдийн чихэнд хүрлээ. Үүнд баярлаж, бахдахаас өөр яах вэ. Энэ хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрөв. Уг гэрээг  УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Лавтайяа Азийн хөгжлийн банкнаас 224 сая, Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Тэгэхээр иргэд маань өөрт оногдсон эрх, үүргийн дагуу энэхүү хөтөлбөрт идэвхитэй оролцож, хувийн хэвшлийнхэн их бүтээн байгуулалтад хариуцлагатайгаар ханцуй шамлан орох л үлдэв. Хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичгийн зорилтуудад үндэслэн боловсруулсан юм билээ. Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төсөлтэй ч уялдуулан төлөвлөсөн гэж байгаа.
Ерөөс хот байгуулалт талаас нь авч үзвэл газар шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэх нь томоохон хоёр давуу талтай юм. Нэг нь оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх нь бага байдаг. Нөгөө нь газар эргүүлэн авах нөхөх олговрыг хэмнэснээр өртгөө нөхөх боломжтой гэсэн үг. Ямар ч хотод ийм төсөл олон тооны эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байдаг. Тэгэхээр олон түмний эв нэгдэл, хамтын хичээл зүтгэл шаардлагатай болно. Иргэн таны эх оронч, бусдыг хүндэтгэх сэтгэлгээг шалгана гэсэн үг.  Эдүгээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл явц сайнтай, саартайгаар урагшилж л байна. Тухайлбал бидний сайн мэдэх 100 айл орчмын зарим иргэн хотын А зэрэглэлийн бүс гээд газраа чөлөөлөхдөө тэнгэрт тулсан үнэ хэлэх нь бий. Уг нь иргэдтэйгээ сайн ажиллаж, зөв ойлголцсон аж ахуйн нэгжүүд дор нь асуудлаа шийдэж болно л доо. Иргэнд орон сууц өгөх үү, газрыг нь зах зээлийн үнээр үнэлээд авах уу гэдэг тухайн компанийн хэрэг юм. Зөрүүгээ тохирч авах эсэх нь ч чөлөөтэй. Хотын удирдлагын зүгээс аль аль тал нь зөрчилгүй, хэн нэгнээ хохироохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд ямар эрхзүйн орчин хэрэгтэй, юуг шийдэх ёстой вэ гэдгийг ерөнхийдөө зохицуулж байгаа билээ. Тодорхой өгүүлбэл хэрэгжүүлэгч байгууллагад хамаатай журамдаа газар чөлөөлөх, барилга барих, бүх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч компани хариуцна, улс, хотын захиргаанаас инженерийн шугам сүлжээний зардал, сургууль, эмнэлэг барих асуудлыг хэрэгжүүлнэ гэж заачихсан нь бий. Өнөөдөр иргэд нэг зүйлийг ойлгохгүй байж магадгүй. Албадан нүүлгэх асуудлыг хотын удирдлагын зүгээс эхэлж тавихгүй байгаа. Хамгийн гол нь иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ гэсэн гол зарчмаа дагах хэрэг. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд заасан 12 байршлын орчимд амьдардаг иргэд ямар ч атугай энд бүтээн байгуулалт бий болно гэдгийг ойлгочихсон. Гэхдээ хэт болгоомжлоод байгаа тал гарч байна. Бүтээн байгуулалт өрнөөд эхлэнгүүт өөрт буй бага талбайг хэт үнэлж байгаа явдал бий. Аж ахуйн нэгж, иргэн хоёр энэ тал дээр харилцан ойлголцох нь чухал болоод байна. Харин аж ахуйн нэгж тухайн оршин суугчдын 75 хувийн саналыг авбал бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ гэсэн бодлогыг барих юм. Өөрөөр хэлбэл үлдсэн 25 хувьд нь аж ахуйн нэгж ч, хотын захиргаа ч шаардлага тавина гэсэн үг. Дэд бүтэц сайжраад, барилгууд жигдрэн орчин нь тохилог болж байхад ганц нэг шавран байшин дунд нь байж байвал утгагүй шүү дээ. Нөгөөх “Аман хуур” кинонд гардаг шиг хошин, сургамжтай үйл явдал гарахаас хэтрэхгүй биз. Магадгүй, бусадтайгаа нэгдэхгүй бол удалгүй өөрийн газар нь үнэ цэнгүй болж ч мэдэх юм. Үүнд иргэд маань ухаалаг хандана байх.
УИХ-аас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталчихсан болохоор хотын захиргаанаас хот байгуулалтыг нэгдсэн бодлогоор зангидаж таарна. Тухайн төсөл хэрэгжиж байгаа газарт иргэн “өөрийн хөрөнгөөр ийм байшин босгочихсон. Инженерийн шугам сүлжээг нь оруулаад өгнө үү” гэсэн саналтай байж болох. Гэхдээ хотын нэгдсэн төлөвлөгөөгөөр тэнд нь хаус, байшин барих учиргүй байвал иргэний санал боломжгүйд хүрэх юм. Харин хотын ерөнхий төлөвлөгөөнд орсон хаус бүхий хороолол руу шилжүүлээд зохицуулах хувилбар л байгаа юм билээ.
Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах, бичил санхүүжилтийг дэмжих төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадваржуулах зэрэг зорилготой дээрх хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын зургаан дэд төв бий болно гэдэг нийслэлчүүдийн хувьд түүхэн үйл явдал юм. Арван жилийн хугацаатай энэ хөтөлбөрийн эхний үе шат нь 2014-2016 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулах явдал. Баянхошуунд байгуулах хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харьяа агентлагууд гэсэн дөрвөн блок барилгаас бүрдэнэ. “Гэр хорооллын гүнд хотын захиргаа нүүж ирнэ чинээ санасангүй, шинэчлэл гэдэг үүнийг л хэлнэ байх” хэмээн иргэд ярилцаж байна. Долоон буудалд Дарханаас том болох Сэлбэ төвийг байгуулах болсонд зөвхөн тэр орчмын иргэд төдийгүй нийслэлчүүд бүхлээрээ алга ташицгааж байгаа билээ. Цаашилбал бидний мэдэх Гандан, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Жанжин клуб орчим, Цэргийн их сургуулийн орчим, Амгалан, Улиастай, 100 айлын иргэд ч энэхүү бүтээн байгуулалтад оролцохоор итгэлтэйеэ хөдөлж эхэлжээ. Утаатай, униартай Улаанбаатар хот уушгиа тэлж, улс Монголынхоо шинэ нүүр царай болох нь ээ.

 
Б.ХАНГАРЬД