Д.Оросоо: Сургууль, нутгийн удирдлагын ордныг ч барина

2013-11-15 00:00:00
Төсвийн хэлэлцүүлэг дүүрэг, хороодоор өрнөж буй энэ үед Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо сургуулийн газрыг булаалаа гэсэн мэдээлэл тарлаа. Бодит байдалд ямар үйл явдал болсон талаар түүнээс тодруулсан юм.

- 38 дугаар сургуулийн газарт та нутгийн удирдлагын ордон барих гэж байгаа юм уу ?
Сургуулийн барилгын асуудлаас болж хэл ам гарсан. Он цагийн эрхээр элэгдэж, эвдэрсэн энэ сургуулийн хичээлийн 1, 2 дугаар байрыг нурааж сургууль барих төлөвлөгөө бий. Барилгыг Хятадын Засгийн газрын хөрөнгөөр барихаар 2-3 жилийн өмнө ярьж байгаад бүтэхгүй болсон. Одоогоор энэ сургуульд 400 гаруй хүүхэд хичээллэж байна. Уг нь 800 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Нэг байр нь хичээл хийх боломжгүй болж хаагдсан. Нэгдүгээр байранд ахлах ангийнхан хичээллэж байна. Энэ нь мөн л 1960 оны барилга учраас хүүхдүүдээ бусад сургууль руу явуулж хичээллүүлэх шаардлага гарсан. Холбогдох байгууллагуудаас “Хөрөнгө оруулах боломжгүй боллоо. Дүүргийн хөрөнгөөр сургуулийн барилга барих асуудлыг шийдээч” гэсэн санал ирүүлсэн.

- Танай дүүргээс энэ асуудалд ямар хариулт өгөв ?
Бид 900 гаруй хүүхдийн багтаамжтай сургууль барихаар зураг төслийг нь хийсэн. Дүүрэг маань нутгийн удирдлагын ордон барихаар мөн ярьж байсан. Бид нийслэлийн ЗДТГ-т “38 дугаар сургуулийн барилга, нутгийн удирдлагын ордноо ч бас баримаар байна. Эдгээр барилгын асуудлыг цогцоор нь шийдэж өгөөч” гэж санал гаргасан. Дүүргийн зүгээс 1000 ам метр газрын зөвшөөрөл өгөх юм бол багш нартай уулзан зөвшилцөлд хүрсэн. Сургуулийн газрыг булаагаагүй. Бид төлөвлөлтийн дагуу ажлаа хийж байгаа. Түүнээс нутгийн удирдлагын ордон гол биш. Хүүхдүүдийн ирээдүйг ч бодно. Төрийн үйлчилгээ үзүүлэхэд багтаамж муутай байрнаас болоод хүндрэлтэй байдгийг иргэд мэднэ.

Ирэх оны нийслэлийн төсөвт  иргэдийн саналыг тусгахаар төрийн албан хаагчид хороод, айлуудаар орж байгаа. Иргэд хороондоо ямар бүтээн байгуулалтын ажил хийх саналыг гаргав ?
Баянгол дүүрэг 192 мянган хүн амтай, 45 мянган өрхтэй. Иргэн бүрийн саналыг төсвөөр хийх ажилд тусгах кампанит ажлыг зохион байгууллаа. Манай 700 гаруй албан хаагч долоо хоногийн турш ажиллаж, үр дүнгээ нэгтгэлээ. Ажлын хэсгийн гишүүд өрх бүрээр орж саналын хуудсыг бөглүүлж зориулалтын автомат машинд уншуулж хамгийн олон санал авсан ажлыг жагсаасан. Нэгтгэсэн саналаа нийслэлд хүргэсэн. Манай дүүрэг орон сууцны хороолол ихтэй. Иргэд орчин тойрноо ногоон байгууламжтай болгож, камержуулах ажлыг хийгээсэй хэмээн илүүтэй дэмжсэн. Бид өнгөрсөн онд камержуулах ажлыг тодорхой хэмжээнд хийсэн учраас ирэх жил дүүргийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээхэд анхаарна.
 

Т.Батсайхан