Хотынхоо эзэн болох боломжоо бүү алдаарай

2013-11-08 00:00:00
Нийслэл маань өргөжин тэлсээр Азийн 107 дахь “саятан хотоор” 2007 онд тодорсон. Энэ үйл явдал бахархах хэрэг мөн авч нийслэлчүүдээс хэд дахин илүү хөлс хөдөлмөр, зөв төлөвлөлт, нөөц бололцоог шаардаж байгаа нь эдүгээ хурцаар мэдрэгдэх болов. Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг хангаж дийлэхээ байсан. Агаарын болон хөрсний бохирдол гээд цээжинд хэвшсэн олон асуудал биднийг түгшээх болсныг хэн хүнгүй бие, сэтгэлээрээ мэдэрч суудаг болжээ. Үүнээс гарахын тулд хотоо эзэнтэй болгох, хот төлөвлөлтөө холын чиг баримжаатай гаргах гээд нийслэлийн иргэн бүрт хамаатай бодлогуудыг нийслэлийн удирдлагуудаас хэрэгжүүлсээр ирсэн авч тушаатай морь шиг дэгэнцсээр ирсэн билээ.

Энэ нь иргэн та бүхний оролцоонд тулгуурласан, эрх ашгийг тань зөв тусгасан бодлого хэрэгжээгүйд оршино. Өөрөөр хэлбэл таны төлсөн татварын мөнгөөр их хотын бүтээн байгуулалт хэрхэн өрнөж, юунд зарцуулагдаж буй нь бүрхэг байсан билээ. Хотын эзэн нь иргэд бид өөрсдөө юм, дарга нар, удирдлагууд гэдэг бидний үйлчлэгч, бидний хүсэл эрмэлзлийг биелүүлэгч юм гэдэг  онцгой эрхээ анзаардаггүй, эдэлдэггүй явж ирлээ шүү дээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг байгууллага үүнийг мэддэг, шийддэг биз дээ гэх юм уу эсвэл бидний үгийг дарга нар сонсдоггүй, сонслоо ч толгой дохихоос өөрийг юу хийгээ л аж гэх байдалтайгаар төлөөллийн ардчиллаа тодорхойлон явж ирсэн. Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ байдлыг халцгаая, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар шууд ардчиллыг хөгжлүүье гэсэн санаачлага гаргасан нь бий. Энэ дагуу нийслэлийн удирдлагын зүгээс гарах шийдвэрт иргэний санал бодлыг тусгадаг болох нь ардчиллын жинхэнэ амь сүнс юм байна гэдгийг  дээр дооргүй ойлгож эхэлсэн нь сайшаалтай.
Үүний үрээр нийслэлийн хороодод “иргэний танхим” байгуулж аливаа шийдвэр гаргахдаа иргэдээс санал асуудаг болов. Хүн амын олонх юуг хүсч байна, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө нийслэлийн удирдлагын бодлого, шийдвэр чиглэнэ гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд дугаарын хязгаарыг үргэлжлүүлэх тухай, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд нэг өдөр оролцуулахгүй байх тухай, зар сурталчилгааны самбаруудыг буулгаж байгааг дэмжих эсэх тухай зэрэг санал асуулгыг явуулсан. Иргэдийн саналын дагуу ч шийдвэрлэсэн. Энэ бол иргэд хотынхоо эзэн болох, хот төлөвлөлтөд биеэр оролцох, амьдрах орчноо сайжруулахад манлайлж болох юм байна гэсэн итгэл үнэмшил авчирсан билээ. Том ахиц  ч авчирсан. Өнгөрсөн оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэхээс өмнө анх удаа нийслэлийн иргэдээс санал авч нэгтгэсэн нь бий. Өнөөдрийн хотын тохижилт, үйлчилгээний хангамж, бүтээн байгуулалтын үр шим дээшилсэн нь дээрх үйл ажиллагааны шууд тусгал юм гэдгийг иргэд ойлгож байгаа байх. Энд байшин барина, та газраа чөлөөл хэмээн дээрээс захиргааддаг ёс үеэ өнгөрөөв. Харин эсрэгээр буюу иргэдийн зүгээс бидний татварын мөнгөөр ийм бүтээн байгуулалт хийнэ үү, хотын удирдлагууд та бүхэн үүнд бодлогоо чиглүүлнэ үү хэмээдэг болж байгаа нь жинхэнэ шинэчлэл, шууд ардчиллын жишээ юм. Үүний бодит тусгал болгон нийслэлийн удирдлагын зүгээс анх удаа 2014 оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог шингээж, санал авахаар шийдвэрлэлээ. Төсвийг үр ашигтай зарцуулж, амьдрах орчин, нөхцөлөө сайжруулах, эрүүл, амар амгалан хотыг бүтээхэд иргэн таны санал гол тулгуур, хамгийн үнэтэй нь байх болно гэдгийг мэдэгдлээ. Тэгэхээр нийслэлд анх удаа иргэдийн оролцоотой төсөв батална гэдэг миний саналаас шууд хамааралтай юм байна, нийслэл хотынхоо эзэн байх эрхээ эдлэе, шууд ардчиллыг хэрэгжүүлэх боломжийг гартаа атгая гэсэн хүсэл эрмэлзэл танд байхад л хангалттай гэсэн үг. “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил 12 хоног үргэлжлэх бөгөөд иргэдийн оролцоог идэвхжүүлж санал авахаар нийслэлийн өрх бүрт хаягласан ,тухайн хороонд нэн шаардлагатай таван чиглэлээр жагсаан бичсэн саналын хуудсыг 152 хороогоор тарааж эхлээд байгаа. Иргэд тухайн саналын хуудсыг зааврын дагуу бөглөж, хороондоо, ойр орчиндоо өрх гэртээ хамгийн хэрэгцээтэй гэж үзэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ зэргийг сонгон тэмдэглэгээ хийх юм билээ.

Харин хорооны ажилтнууд энэ сарын 10-наас өмнө саналын хуудсыг цуглуулан нэгтгэж, зориулалтын автомат машинд уншуулах үүрэгтэй. Эндээс л хамгийн олон санал авсан ажлуудын нэрс гарах юм. Үүнийг холбогдох ажилтнууд ач холбогдол, цаг хугацааны эрэмбэ дарааллаар нь жагсаана,дүгнэн шинжилнэ  гэсэн үг. Тухайлбал гэр хорооллын нэг хороонд худаггүй, гудамжны гэрэлтүүлэггүй байна гэж бодьё. Үүнийг бий болгоно уу хэмээн хорооны олонхи иргэн санал өгвөл тухайн бүтээн байгуулалтын ажил хэрэгтэй гэсэн үг. Үүнийг ирэх оны төсвийн төсөлд оруулах эсэхийг хороо бүрт зохион байгуулах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээр нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ зэрэгцэн суугаад хэлэлцэх юм. Нийслэлийн  төсвийн хөрөнгө оруулалт нь зөвхөн нийслэлийн төсөв төдийгүй улсын төсөв, орон нутгийг хөгжүүлэх сан, автозамын сангаас бүрддэг. Энэ үеэр үүнийг ч бас мэдэх боломжтой. Тухайлбал сургууль, цэцэрлэг барья гэвэл боловсролын салбарын хэрэг мэт боловч үүнд нийслэл ч гол ачаа үүрэлцдэг. Ажлын уялдаа холбоог бий болгохын гол тулгуур нь иргэдийн санал байх юм. Төсвийг оновчтой батлах, хамгийн хэрэгцээтэй зүйлд хөрөнгө оруулахад иргэн таны санал хамгийн чухал байж таараад байна.

Ер нь тухайн дүүрэг, хорооны иргэд л орчныхоо нөхцөл байдлыг гарын арван хуруу шигээ мэддэг, өөрт нь нэн тэргүүнд юу хэрэгтэйг ямар ч албан тушаалтан, судлаач, мэргэжилтнүүдээс илүү хэлж чадна шүү дээ. Таны төлсөн татвар хэрхэн оновчтой хуваарилагдаж, таны хүссэн хэрэгцээг хангаж буй эсэхэд хяналт тавих боломжийг алдахгүй байвал зүгээрсэн.
Таны ирээдүй таниас өөрөөс тань хамаарах тул санал асуулгад идэвхитэй оролцоно буй за. Энэхүү кампанит ажлыг цаашид жил бүр зохион байгуулж, уламжлал болгон хэвшүүлэх таатай мэдээ чих дэлссэн. Нийслэлийн засаг даргын зүгээс ч захирамж гаргасан юм. Нийслэл хотын иргэн таны тайван, аз жаргалтай амьдрах, ирээдүйгээ төлөвлөх, хотынхоо эзэн байх эрх таны гарт байна.
                                                                                                                           Б.Хангарьд