Э.Бат-Үүл: Шаардлага хангасан ТҮЦ рүү хэн ч халдахгүй

2013-10-25 00:00:00
"Өдрийн сонин" "Асуух эрхийн танхим"-даа ТҮЦ ажиллуулдаг ир­гэ­дийн эрх ашгийг хөндөж хувийн өмчид нь төр хал­даад байгаа тухай хэ­лэлцүүлэг зохион бай­гуулсан билээ. Гэтэл уг хэлэлцүүлэгт хотын удирд­лагууд энэ чиглэ­лийн ажил хариуц­сан түшмэдийг урьсан ч ирээ­гүй юм. Үүний дараа нийт­лэлч Д.Мөнгөндалай "ТҮЦ-ийнхэн та нарт жи­жиг­дээд байгаа бол ард түмэн бас жижигдэх үү, хотын дарга аа" гэсэн нийтлэл бичсэн. 

Манай сонин удаа да­раа энэ асуудлыг хөнд­сөн нь ажил хэрэг болж, өчигдөр Нийслэлийн За­саг дарга бөгөөд Улаан­баатар хотын захирагч Э.Бат-Үүл "Хангарьд" орд­ны 14 дүгээр давхарт ТҮЦ-ийн бизнес эрхэлдэг 50 гаруй иргэнийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр Э.Бат-Үүл дарга тэдэнтэй юу ярьс­ныг хүргэе.

Э.Бат-Үүл: Та бүхэнд "Иргэн та дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмш­лийн зам талбайд хол­бог­дох заалтуудыг зөр­чин, зөвшөөрөлгүй, ариун цэвэр, стандартын шаард­лага хангахгүй, авто замын хөдөлгөөнд саад учруулсан ТҮЦ, павильон, ил задгай гар дээрээс худалдаа эрхэлж байна. Иймд уг ажилла­гааг зогсоож аравдугаар сарын 25-ны дотор өөрийн ТҮЦ, павильо­нуудыг нүүлгэн авч ний­тийн эзэмшлийн зам тал­байг чөлөөлж өгнө үү" гэсэн бичиг очсон байна. Миний гаргасан захирам­жаас өөр бичиг та нарт хүрсэн байгаа биз. Ойл­гож байна уу. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Тийм байна. Өөр байна. Ялгаатай юм байна. 

Э.Бат-Үүл: Хураамжаа төлөө­гүй шалтгаанаар буулгуулсан ТҮЦ байна уу.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Байх­гүй.

Э.Бат-Үүл: Байхгүй биз.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Байх­гүй. Хураамж, татвараа тө­лөөд явцгаадаг. 

Э.Бат-Үүл: Мэдээж бид хотын­хоо зүгээс шаардах ёстой арга хэмжээгээ авна. Гэхдээ сая үнэхээр харамсмаар юм болжээ. ТҮЦ-ийг нь буулгаад, эвдээд хаячихсан байх юм. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Бид­ний заримыг уйлуулж, орилуулаад л буулгачихсан ш дээ, цагдаа нар. 

Э.Бат-Үүл: Иргэдтэйгээ ярил­цаж, иргэдтэй хамтарч энэ ажлыг хий гэж миний гаргасан захирам­жид орчихсон байгаа биз дээ. Гэтэл энэ ажлыг нугалаад хаячих­сан, ийм л байдалтай байна.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Ажил­гүй болгоод амьдралыг минь зогсоочихлоо. Одоо бид яах юм бэ.

Э.Бат-Үүл: Өнөөдөр би та нартай нэг бүрчлэн уулзаж гомдлыг тань сонсъё гэхээр их түвэгтэй байна. Тэгэхээр одоо хэдүүлээ хуулийнхаа дагуу л явахгүй бол дахиад л асуудал үүснэ. Дүүр­гийн­хээ Засаг даргыг давж Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж бол­дог­гүй юм. Тийм учраас та бүхэнд эхлээд дүүргийнхээ Засаг даргад өргөдөл гаргаж өг. Ойлгосон уу.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Ойлго­сон.

Э.Бат-Үүл: Тэгээд бид хэлэл­цээд тэр өргөдлийн дагуу шийд­вэрээ гаргана. Та нар нэг юманд итгэлтэй байж болно. Ерөөсөө төрийн захиргааны байгууллага, Засаг дарга бол та бүхнийхээ хууль ёсны ашиг сонирхол, эрхийг хэрэг­жүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийг хүлээхдээ бид ямар шаардлага тавих вэ гэхээр бусдын эрүүл аюулгүй бай­далд амьдрах эрхийг нь битгий зөрчөөрэй. Зөрчвөл бид буулгаж л орхино. Асуудал байхгүй. Мэдэгдэх хуудас өгөөд шууд буулгана. Ямар нэгэн өршөөл байхгүй. Яагаад гэвэл дарга дургүй болохоор буул­гаад байгаа юм биш. Иргэдийнхээ эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг нь би хангах үүрэг­тэй байхгүй юу. Тэр үүргээ хэрэг­жүүлж байгаа юм. Тийм учраас тэр эрх рүү нь халдсан хэнбугайд ч за­хиргааны зохих арга хэмжээ авна. 

ТҮЦ гэдэг ийм нэр төрлийн үйл ажиллагаан дотор газрын харил­цааг хэрхэн зохицуулах талаар зохицуулалт байхгүй байна. Үүнийг бид ИТХ-аар оруулж дүрэм журам гаргахаас өөр аргагүй бай­на. Хэдүүлээ хоёр юм тохиръё. Тэгэх үү. 

Нэгдүгээрт та нар Засаг дарга­даа өргөдөл гомдол гаргах эрхтэй. Энэ өргөдөл гомдлоо гарга. Болж байна уу.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Болж байна. Гэхдээ өргөдөл гарга­хаар "Та нарт ямар ч газрын зөв­шөөрөл байхгүй гээд..."

Э.Бат-Үүл: Байж бай, би ярья. Та нарт газрын зөвшөөрөл байхгүй байсан бол Нийслэлийн Засаг дарга яах гэж захирамж гаргасан юм бэ. Яагаад тэр үед засаг захир­гаа захирамж гаргаад ТҮЦ эрхлэх зөвшөөрөл өгсөн юм. Хэрвээ ийм үйлчилгээ эрхлэхийг хоригло­чих­сон байхад та нар очоод буучихсан бол буулгах нь зүйн хэрэг болох байсан. Гэтэл Засаг дарга 2007 онд ТҮЦ эрхэлж болно гээд захирамж гаргачихсан байна ш дээ. Энэ захирамж одоо хүчин төгөлдөр. Тийм үү, үгүй юу. Ойлгосон уу.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Тийм, ойлгосон (Нэгэн дуугаар ингэж хариулцгаав).

Э.Бат-Үүл: Тэр үед засаг захир­гаа нь харин газрын харилцааны асуудлаа яах вэ гэдэг зохицуу­лалтаа хийж өгөх ёстой байсан. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Анх­наасаа төр тавьж өгсөн ТҮЦ-ийг бид нар орон байраа зарж л худалдаж авсан шүү дээ. 

Э.Бат-Үүл: Бүгд орон байраа зарсан юм уу.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Бүгд зарсан (Яаж ТҮЦ-тэй болсноо тус бүртээ тайлбарлаж шуугилдац­гаав).

Э.Бат-Үүл: Хэдүүлээ зарчмаа тохиролцож авъя. Та нар өргөдөл гаргаж өгөөгүй тохиолдолд би дүүргийн Засаг даргын захирам­жийг хүчингүй болгох эрхгүй хүн шүү. Ойлгосон уу. Үүн дээр тохир­сон уу.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Тохирсон.

Э.Бат-Үүл: Одоо ингэж хуу­лийн­хаа дагуу л явъя. Тэгэхгүй бол хаана хаанаа буруу ойлгодог явдлаа зогсооё. Харин хууль зөрч­вөл өршөөлгүй гэдгийг л би хэлнэ. 

Хоёрдугаарт, энэ асуудлыг шийдэхийн тулд хэдүүлээ хамтарч ажиллая. ИТХ-аар ТҮЦ эрхлэх тухай журам гаргая. Бүх дүрэм журмыг нь гаргана. Тэгэх юм бол энэ дүрэм журмууд нь ТҮЦ эрхлэх үйл ажиллагааны хуульзүйн үндэслэл нь болно. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Тэр дүрэм журмаа гаргахдаа иргэдийн оролцоотой...

Э.Бат-Үүл: Харин тэгэх гээд байна ш дээ. Одоо хэдүүлээ хам­тарч Ажлын хэсэг байгуулаад та нарын саналыг авна. За юу. 

Энүүхэндээ гэж хэлэхэд ний­тийн эзэмшлийн зам талбайг чө­лөөлж, автобусны орчны тохижил­тод уялдуулах шаардлага байна. Мөн ТҮЦ ажиллуулж байгаа орчныг сайжруулах шаардлага бидэнд байгаа. Жишээ нь, наад зах нь бие засах газар байгуулах шаардла­гатай. Тийм биз дээ. Энэ бүхнийг зөвхөн дарга нар шийдээд байхгүй. Та нартай ярилцаж байгаад шийд­нэ. Хамтарч Ажлын хэсэг байгуул­на. Та нар энэ Ажлын хэсэгт орох төлөөлөгчөө сонго. Ингээд тохир­лоо шүү. 

Нэг юм нэмээд хэлэхэд ТҮЦ-ийг та бүхэнд ашигтай, хотынхоо өнгө үзэмжид тохирсон байдлаар бид шийдвэрээ гаргана. Навсайсан ТҮЦ байлгахгүй шүү. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Стандартыг нь гаргаад өгчихвөл бид тэрийг мөрдөнө. 

Э.Бат-Үүл: Бид нар навсайсан ТҮЦ байлгахгүйн тулд стандартыг нь гаргана. Жишээ нь бусад хотуу­дад ТҮЦ байдаг. Хот дог зардаг гээд л янз бүрийн үйлчилгээ байдаг. Манайд ТҮЦ ихэвчлэн битүү бай­даг. Энэ нь хотын өнгө үзэмжид муу нөлөө үзүүлээд байна. Эрс тэс уур амьсгалтай учир задгай байх бо­ломжгүй. Ийм зүйлүүдийг хангасан дизайн, зургийг гаргана. Тэгээд ТҮЦ-ийн доторх үйлчилгээний стандартыг гаргана. Нэг ТҮЦ-т хүн нас барсан явдал бий. Тийм ээ. Хаана билээ.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Тийм ээ. Талбайн урд талд.

Э.Бат-Үүл: ТҮЦ-тээ хоногло­дог, өнждөг явдал байх ёсгүй. ТҮЦ-ээр шагийн архи зардаг байж болохгүй.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Ёстой тийм юм байхгүй. Байдаггүй ш дээ. Тэрийг ёстой зуун хувь хэлж чадна. Үнэхээр тийм юм байхгүй. Хэвлэл мэдээллээр тийм худлаа юм цацаад байгаа байхгүй юу (шуугилдацгаалаа). 

Э.Бат-Үүл: ТҮЦ-ийн орчинд аюулгүй байдлыг хангасан, эд хөрөнгийг хамгаалсан камер суулгана. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Стан­дартыг нь л гаргаад өгчих. Түүний дагуу бид ажиллая.

Э.Бат-Үүл: Мөн нийтийн бие засах газар хэрэгтэй. ТҮЦ-ийн хавь орчимд ийм газар байгуулна. Энэ бүгдийг щ уялдуулна.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Тийм ээ. Тэгэлгүй яахав. 

Э.Бат-Үүл: Тэгээд ийм дүрэм журамтай болохгүй бол та нар чинь "Нэг дарга шийдвэр гаргалаа. Одоо яадаг бол" гээд л хүлээдэг. Намайг Засаг дарга болсноос хойш энэ асуудал хоёр дахь удаагаа яригдаж байна. Та нар маань өөртөө ажлын байр бий болгоод төрийн үүрэх ачаанаас үүрэлцээд амьдралаа авч яваа нь үнэн. Та нарын бий болгосон ажлын байрыг ингээд дураараа нураагаад байж болох­гүй ээ. Стандарт шаардлага ханга­сан ТҮЦ рүү хэн ч халдахгүй. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Яг тийм. Тийм болгомоор байгаа юм.

Э.Бат-Үүл: Хэдүүлээ ийм иргэншсэн харилцаа руу оръё. Зөв харилцаанд оръё. 

Үүнийг яаравчлуулъя. Та нар мэдээж хамгийн их яарч байгаа хүмүүс.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Яарч байна. Бид амьдралаа алдах нь. "Киг" гэдэг хувийн компани 25 сая төгрөгөөр стандарт хангасан гэх ТҮЦ шахаад байна. Зарим газар энэ ТҮЦ-ийг байрлуулчихсан байгаа. ТҮЦ эрхлэгчдээс урьдчил­гаа мөнгө аваад захиалга аваад эхэлчихсэн. Худалдаж авахгүй бол худалдаа эрхлүүлэхгүй гээд байгаа (ТҮЦ эрхлэгчид "Киг" гэх компанийн талаар өөр өөрсдийн бодлоо ярьж, хэтэрхий үнэтэй ТҮЦ оруулж ирж байгааг ам уралдан ярьцгаав)

Э.Бат-Үүл: Нэг тийм яриа гараад байгаа. Одоо тэгэхээр бүгдээрээ дундуураа хүн оруулал­гүй. Шууд харьцъя.

ТҮЦ ажиллуулдаг иргэд:Орох гээд байна ш дээ.

Э.Бат-Үүл: Мэдээж та нар бололцоо байвал аль болох ТҮЦ-ээ сайхан байлгахыг л бодно шүү дээ. Яагаад гэвэл тийм болговол борлуулалт сайжирна. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Мэдээж шүү дээ. "Киг" компани дээр очиж тэр зарж байгаа ТҮЦ-үүдийг нь харсан. Таны захирамжтайгаар ийм ТҮЦ оруулж ирж байгаа гэсэн ш дээ. Бадрал даргын гарын үсэгтэй цаас ха­руул­сан. Зарим ТҮЦ эзэмшигчдээс тав, зургаан сая төгрөг хурааж авсан. (Шуугилдац­гааж, хэн нь юу яриад байгаа нь мэдэгдсэнгүй. Ганц нэг хүн "Манайхаан нэг нь ярья. Зэрэг зэрэг битгий шуугилд. Арай гэж нэг уулзаж байж. Үр дүнгүй болчихвол яах юм" гэж байлаа).

Э.Бат-Үүл: Энэ чинь залилан­гийн хэрэг байна. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Гурав­дугаар эмнэлгийн урд, "Ард" кино театрын буудал дээр "Киг" компанийнхан тэр ТҮЦ-ээ байр­луул­чихсан байна лээ ("Киг" компа­нийн Хятадаас оруулж ирж байгаа 25 сая төгрөгийн үнэтэй ТҮЦ-үүдийг хаана хаана байрлуулсныг хэлцгээв)

Э.Бат-Үүл: Энэ бүх асуудлуу­дыг хэлэлцэх төлөөлөгчдөө дундаа­саа гаргаж өгөөрэй. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Бид Нийтийн тээврийн зогсоолын үйлчилгээний цэгт ажиллагчдын Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан. 

Э.Бат-Үүл: Энэ асуудлыг маш хурдан шийдье. Дүрэм журамтай болоод авъя. Дүрэм журмынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулъя. 

Гэхдээ би шаардлага дээрээ хатуу шүү. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Тэр тусмаа сайн.

Э.Бат-Үүл: Нэг юманд битгий эргэлзээрэй. Бидний ажиллаж байгаа зарчим бол иргэддээ үйлч­лэх үүрэгтэй. Бид захирч, дарамт­лах ёстой юм биш. За юу. Та нарыг хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээд явж байхад бид нөхцөлийг нь хангах ёстой. Үндсэн хуулинд ингээд заачихсан байгаа. Тийм учраас манай захиргаа иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгуул­лага болж байгаа юм. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Таны ингэж ярьж байгаагаасаа ажил тэс өөрөөр явагдаад байна. ТҮЦ-ээ нураалгачихсан хүмүүс одоо яах вэ. Бид стандарт батлаг­дана гээд л хүлээгээд байх уу. 

Э.Бат-Үүл: Бид та нарт зөвлөж байна ш дээ. Уг нь нийслэлийн Засаг дарга ингээд зөвлөөд бай­даг­гүй юм. Та нарын хуулийн мэдлэг үнэхээр тааруу байна аа. Эвдэлж нураалгасан ТҮЦ-ийнхээ хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан уу. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: "Өд­рийн сонин"-д болсон хэлэл­цүүл­гийн үеэр ирсэн албаны хүмүүс манайх ч мэдэхгүй, бид мэдэхгүй гээд байсан.

Э.Бат-Үүл: Би та нарт ийм арга замаар явбал зүгээр юм гэж зөвлөж байна. Дүрэм журам гар­чих­вал түүгээр л бүх юм явна. ТҮЦ-ийг буулгахаар болвол шат дараал­сан арга хэмжээ авдаг байхгүй юу, уг нь. Түүнээс биш шууд очоод буль­дозердчихно гэж юу байдаг юм. 

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Гурав­хан хоногийн дотор л юутай, ийтэй нь бүгдийг нь хамаад хаячих­сан ш дээ. Анх Ардчилал ялаад гарч байхад зурагтаар та ингэж ярьж байсан шүү дээ. Бүх дэлгүү­рүүд орой ес, арван цаг гээд хаа­чих­даг байсан бол манай ардчил­лын буянаар ТҮЦ-тэй боллоо. Одоо та гараад шөнө ч хамаагүй дуртай юмаа авдаг боллоо гэж ярьж байсан.

Э.Бат-Үүл: Миний ярьж байсан юмыг яасан сайн санаж байна аа (инээлдэцгээв)

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Тоглоом биш шүү.

Э.Бат-Үүл: Тийм ээ. Тоглоом биш. Би тоглоогүй байна. Та нар надтай хувийн гомдол, хувийн бодлоо яриад байх юм бол өнөө­дөржингөө л ярина. Өмнө нь бид ингэж яриад тэр яриа хэрэгжээгүй, өнгөрчихсөн. Хоёр тийшээ салаад явсан. Та нар ТҮЦ-ээ аваад үлдсэн. Та нар өөрсдөө мартсан шүү дээ.

ТҮЦ ажиллуулдаг иргэд: Мар­таагүй ээ. Бид бүтэн жилийн турш явсан. Таны ажлыг доод албан тушаалтнууд тань цалгардуулаад байна. 

Э.Бат-Үүл: Би захиргааны нөхөдтэйгээ хариуцлагаа тооцно. Та нар Үйлдвэрчний эвлэлтэй юм байна. Өргөдлөө хурдан гаргаа­рай. Ажлын хэсгээ байгуулъя. Ингээд яриад суугаад байвал яриад л байна. Би одоо энэ асууд­лаар Ажлын хэсгийн гишүүдтэйгээ ярих гээд байна. Тэдэнд ч алдаа оноо байна гэлээ. 

Иргэд өөрсдийнх нь асуудлыг шийдэхээр хүлээн авч нааштай хариу өгсөн Э.Бат-Үүл даргад талархаж байгаагаа илэрхийлж алга ташсанаар уулзалт өндөрлө­сөн юм. 

"Киг" компанийн захирал Д.Мөнх­­­баттай холбогдож 25 сая төгрөгөөр зарж байгаа ТҮЦ-үү­дийнх нь талаар тодрууллаа. Тэ­рээр "Э.Бат-Үүл даргын гарын үсэгтэй захирамжаар 24 цэгт ТҮЦ-үүдээ байрлуулаад байгаа. Тур­шил­тын журмаар байрлуулсан. Бид дөч гаруй хүнээс ТҮЦ-ийн захиалга аваад үйлдвэрт хийлгэж байгаа. Захиалгаар үйлдвэрлүүлж байгаа тэр ТҮЦ-үүдийг зөвшөөрөх­гүй гэвэл бид нар яах юм бэ. Би бор зүрхээрээ яваа хүн. Хотоос ганц ч төгрөг аваагүй. Нийслэл хотынхоо хөгжилд зохих хувь нэмрээ оруулах зорилт тавиад явж байгаа шударга зах зээлийн зарчмаар ажиллаж бизнесмэн шүү. Хадгаламж зээ­лийн хоршоодыг хэсэг бүлэг хүмүүс дампууруулж өөрсдөдөө ашигтай нөхцөл байдал үүсгэсэн шиг үйл­дэл манайх дээр давтагдах нь уу гэж бодогдож байна" гэсэн юм.


 
Д.САРУУЛ