Монголчууд дотооддоо нийтийн тээвэр үйлдвэрлэнэ

2013-10-16 00:00:00
Монголчууд дотооддоо орчин үеийн технологи бүхий шинэ төрлийн нийтийн тээврийн трамбай үйлдвэрлэж эхлэх гэж байна. Тодруулбал, цахилгаан тээвэр компанийн инженерүүд дэлхийд дөнгөж бий болж буй резин дугуйтай трамбайны шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэн үйлдвэрлэхээр техник зохион байгуулалтын бэлтгэл ажилдаа оржээ. Монгол инженерүүдийн үйлдвэрлэх энэхүү нийтийн тээврийг нь BRT систем гэж нэрлэдэг байна.  Энэ нь цахилгаанаар явдаг гэдгээрээ траллейбустай адилхан аж. Гэхдээ траллейбусыг бодвол хурдтай, дуу чимээгүй, тав тухтай, маш олон хүнийг тээвэрлэх хүчин чадалтай. Тодруулбал, нэг дор 300-450 зорчигч тээвэрлэх 30 вагонтай, арван цуваагаар явах боломжтой аж. Одоогоор энэхүү тээврийн үйлчилгээг Долоон буудлаас Шинэ нисэх хүртэлх 36 км урттай замд явуулахаар зураг төслийг нь гаргажээ. Манай нийтийн тээвэрт явж буй траллейбус хоёр шонтой бол шинэ тээвэр нь нэг шонтой аж. Бас pезинин дугуйтай тусгай замаар явдаг учраас хурдтай байх гэнэ.  Монгол инженерүүдийн тооцоолсноор энэхүү нийтийн тээвэрт зориулж тусгайлан шинэ зам тавих шаардлагагүй гэнэ лээ. Хуучин зам дээр  нарийхан хоёр төмөр тоноглол нэмж хийх шийдэл байгаа гэнэ.  Хотын захиргаанаас Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлж, дэлхийн хотуудын жишигт хүргэхийн тулд олон шийдэл, арга замыг эрэлхийлж буй. Тэгвэл энэхүү нийтийн тээврийн хэрэгсэл нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан юм байна. Азийн Хөгжлийн Банкны 212,0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөжсөн бөгөөд  2018 он гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхлэх гэнэ.