ААНБ-уудын үл хөдлөх хөрөнгийг тоолж байна

2013-10-15 00:00:00
Нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үл хөдлөх эд хөрөнгийн тооллогыг анх удаа Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гаран хийж байна. Одоогийн байдлаар 6494 обьектыг тооллогод хамруулсанаас 5029  обьектыг материалыг шалгаж, хүлээн авчээ. Тооллогоор мөн ажлын байрны талаарх судалгаа хийж буй төдийгүй  242 үл хөдлөх хөрөнгө, 326 ажлын байрыг шинээр бүртгэсэн байна. 

Тооллогын явцад тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч эзэн холбогдогч тодорхойгүй, бичиг баримт бүрдүүлэлт муу байгаа нь саад учруулж буйг албаныхан хэллээ. 

Ийнхүү анх удаа нийслэлийн ААНБ-уудын үл хөдлөх хөрөнгийг тоолж байгаа нь үл хөдлөх хөрөнгийн тоо, ашиглалт, хэчнээн хүн ямар ажлын байранд ямар ажил эрхэлдэг талаарх цогц мэдээллийн сан бий болгох зорилготой юм байна. Энэ нь цаашдаа ажиллах хүч, үл хөдлөх хөрөнгийн асуудлаар цогц бодлого боловсруулахад үндэс болж өгөх тухай албаныхан онцоллоо. 
Тооллогын ажлыг есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд дүнг нийтэд танилцуулах ажээ. 

 
 У.БОЛОР