Цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

2013-10-15 00:00:00
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер Б.Баянмөнхөөс тодрууллаа.

-2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээ эхлэх вэ?
-Нийслэлийн Засаг даргын А/872 дугаар захирамжийн дагуу 2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явагдана. Харин 2012 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан дайчид маргааш /өнөөдөр/ халагдаж байгаа.

Сүүлийн жилүүдэд халагдаад ирсэн дайчдыг ажлын байраар хангах, сургалтад хамруулах үүднээс олон ажил зохион байгуулж байгаа. Тухайлбал, нийслэлийн болон дүүргийн цэргийн штабууд дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажлын байраар хангах өдөрлөгийг зохион байгуулна.

Тиймээс маргааш цэргээс халагдсан дайчид маань харьяа дүүрэг дээрээ очоод, бичиг баримтаа бүрдүүлэн ажлын байр олгогч байгууллага эсвэл мэргэжлийн төвүүд дээр очиж ажлын байраар хангагдах, сургалтад хамрагдах зэрэг үйлчилгээ авах боломжтой.

-Нийслэлийн цэрэг татлага бүх дүүргүүдэд явагдах уу?
-Нийслэлийн цэрэг татлага орон нутагтай адилгүй. Учир нь цэрэг татлагыг орон нутгуудад аймгийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн хэмжээний цэрэг татлагыг нийслэлийн Засаг даргын захирамжаар дайчдыг цэргийг албанд татна. Энэ удаагийн нийслэлийн цэрэг татлага найман дүүрэгт зохион байгуулагдана. Харин ирэх тавдугаар сард үлдсэн Багануур дүүрэгт цэрэг татлага явагдах юм.

-Сургуульд суралцдаг иргэдэд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн тохиолдолд асуудлаа хэрхэн шийдүүлэх вэ?
-Цэргийн зарлан дуудах хуудас авсан иргэд харьяа дүүргийнхээ цэрэг татлагын байранд заавал өөрийн биеэр очиж асуудлаа шийдүүлж байх ёстой. Их, дээд сургуульд суралцаж байгаа иргэд тухайн сургуульд суралцаж байгаа гэдгээ нотлох бичиг баримттай цэрэг татлагын товчоогоор орж асуудлаа шийдүүлнэ. Тодруулбал, зарлан дуудах хуудас авсан иргэний оюутны үнэмлэх, сургалтын төлбөрөө төлсөн гэсэн баримт бичиг мөн цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтаа бүрдүүлж ирээд, цэрэг татлагын товчоогоор орох ёстой.

-Иргэд цэрэг татлагын байранд очих хуваарийг хаанаас мэдэх боломжтой вэ?
-Нийслэлийн хэмжээнд энэ удаагийн цэрэг татлагаар 20 орчим мянган цэргийн үүрэгтнүүдэд зарлан дуудах хуудас тараасан. Эдгээр иргэд цэрэг татлагын гурван өдөр хуваагдаад өөрийн харьяа дүүргийн цэрэг татлагын товчоогоор асуудлаа шийдүүлэх юм. Цэргийн зарлан дуудах хуудсанд тухайн иргэнийг хэдний өдөр, хэдэн цагт, хаана очсон байх ёстойг тодорхой зааж өгсөн.

-Цэргийн зарлан дууда хуудас авсан ч цэрэг татлагын байранд очоогүй иргэдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Цэргийн зарлан дуудах хуудас аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр завсардсан буюу цэрэг татлагын товчоонд очоогүй иргэдэд Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ буюу торгуулийн арга хэмжээ авна. Тодруулбал, дүүргийн Засаг дарга, цэргийн штабын дарга 50 мянга хүртэл, багийн Засаг дарга нар 10 мянган төгрөг хүртэл хэмжээний мөнгөн торгууль ногдуулах эрхтэй байдаг. Харин нэгээс дээш удаа завсардсан иргэдийг цэрэг татлагын үеэр болон цэрэг татлага дууссаны дараа мэдэгдэх хуудсаар дуудаж шалтгаан нөхцөлийг нь тогтоодог.

-Цэргийн зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын товчоон дээр очихдоо ямар материал бүрдүүлж очих шаардлагатай вэ?
-Зарлан дуудах хуудас аваад цэрэгт явах иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний цахим үнэмлэх зэрэг бичиг баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Энэ талаар зарлан дуудах хуудсан дээр тодорхой заагаад өгчихсөн байдаг.

-Сүүлийн үед цэргийн алба хаах хүсэл сонирхолтой иргэд хэр их байна вэ?
-Сүүлийн цэрэг татлагын дүн мэдээг харж байхад цэргийн алба хаах иргэдийн сонирхол эрс өссөн байгаа. Үүнд нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл байгаа. Тухайлбал, төрийн албаны тухай хуульд орсон өөрчлөлт, цэргийн албанд татагдаж ирж байгаа залуусын боловсролын байдал зэргээс ийнхүү дүгнэж болохоор байна.

Өмнө жилүүдэд цэргийн албанд ирж байгаа иргэдээс дээд буюу тусгай боловсролтой иргэд дөнгөж 10 хувь байсан. Харин одоо 20 гаруй хувь нь тусгай буюу дээд боловсролтой иргэд байна. Тэгээд ч урд жилүүдэд байсан сөрөг үзэгдлүүд ерөнхийдөө арилсан. Энэ мэт асуудлууд иргэдийг цэргийн алба хаах хүсэл сонирхлыг төрүүлж байгаа.

Ж.Отгонмягмар