Улаанбаатарын өдрүүд Улаан-Үдэд болно

2013-10-07 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын Захирагч Голков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, хоёр хотын  хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.  ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хоттой Улаанбаатар хот найрсаг харилцаатай байж, олон талын салбарт хамтран ажиллаж ирсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж байгаа үйлсэд Улаан-Үд хотын оруулж буй хувь нэмэр их юм гээд хотын дарга нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, зам барилга ажлын талаар танилцуулж бүтээн байгуулалтын ажилд Улаан-Үд хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм. Харин Улаан-Үд хотын Захирагч халуунаар дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, ойрын үед Улаан-Үд хотод Улаанбаатарын өдрүүдийг зохион байгуулах саналтай байгаагаа хэлж, Улаанбаатар хотын Захирагчийг Улаан-Үд хотод айлчлахыг урьлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.