Ахмадуудаа хүлээж авлаа

2013-10-07 00:00:00

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадуудад алба хааж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудаа  дүүргийн Засаг даргын Тамгын газраас 10 дугаар сарын 4-ний өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт хүлээж аван хүдэтгэл үзүүллээ. Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадаас чөлөөнд гарсан 80 орчим ахмад байдгаас 46 ахмад тус хүлээн авалтад хүрэлцэн иржээ.

Ахмадуудыг Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Тамгын газрын хэлтсийн дарга нар хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Залуу нас, хүч хөдөлмөрөө дүүргийнхээ хөгжилд зориулсан эдгээр ахмадуудаас Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Янжив, Аж ахуйн тасгийн анхны дарга Г.Цогжавхлан нар өнөөдөр ажиллаж байгаа залуу үедээ  сайхан дурсамж ярьж  мөн үнэтэй зөвлөгөөг өгсөн юм.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүүн сувилалын газарт энэхүү хүлээн авалт болсон бөгөөд  ахмадууд маань хамт ажиллаж байсан үеэ дурсан ярьж, дуулж хуурдан, бүжиглэж нэгэн өдрийг сайхан өнгөрөөлөө. Жаргалант тосгон дахь дүүргийн Соёлын ордны хамт олон ахмадууддаа зориулж урлагийн тоглолт хийж баяр дээр баяр нэмлээ. Мөн 11 хүнийг  Монголын ахмадын холбооны  хүндэт тэмдгээр шагнасныг гардуулсан юм.

Харьж цуцашгүй гал дөлтэй сэтгэлд түм хүндлэн мэхийюү

Халуун залуу нас, хүчээ төрдөө өргөгсдийг бум хүндлэн өргөюү

Өтгөс ахмадууд, ихэс дээдсийн сургааль дор цагийг засалцюу

Өөрийн Монгол эх орноо өвлөн хамгаалж өргөн залалцюу

Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээ эх орондоо зориулсан ахмадууддаа урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.