Аюул учруулж болзошгүй цамхагийг буулгажээ

2013-10-01 00:00:00
Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан дөрвөн гэрэлтүүлэгч цамхагийг аюулгүй ажиллагааны хяналтын дор буулгаж дууслаа. Эдгээр цамхагийг 1990 онд Спорт комплексыг гэрэлтүүлэх зорилгоор суурилуулсан бөгөөд түүнээс хойш ашиглагдалгүй өнөөг хүрчээ.

Тус бүр нь 43 метр өндөртэй, 50 орчим тонн жинтэй уг цамхагуудыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас суурь бэхэлгээгүй, эрэг боолтнууд нь тоногдож хазайлт өгсөн, орон сууц хүүхдийн тоглоомын талбайтай хэт ойрхон тул аюул учруулж болзошгүй хэмээн дүгнэжээ. Иргэдийн аюулгүй байдалд хохирол үзүүлж болохуйц эдгээр гэрэлтүүлэгч цамхагийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хяналтын дор “ОАКС экспресс Монголиа” компаниар буулгах ажлыг гүйцэтгүүлсэн байна.