Хөхүүл хүн коронавирусийн вакцин хийлгэж болно

2021-04-06 11:30:32

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 5-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.29 минут  байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 56 иргэн хандсанаас 21 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 143 буюу 36.1 хувийг машин ачилт, 61 буюу 15.4 хувийг төрийн үйлчилгээний талаарх дуудлага эзэлж байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудыг дөрөвдүгээр сарын 10, 11-ны бямба, ням гарагт ажиллуулахгүй байхаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Коронавирусийн вакцинтай холбоотой 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.

-Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Учир нь вакцин таныг коронавирусээр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, ойр дотнын хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

-Вакцинаас өвчин авах уу?

-Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцин хийлгэснээр халдвар авахгүй.

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу. Мөн удахгүй товлолт вакциндаа хамрагдах хүүхдэд нөлөөлөх үү?

-Хөхүүл эх вакцин хийлгэж болно. Мөн хүүхэд товлолт вакцин хийлгэхэд ямар ч асуудалгүй.

-В вирусийн эсрэг вакцины гурав дахь тунгаа ковидын вакцинтай зэрэг хийлгэж болох уу?

-Сарын зайтай хийлгэнэ. Нэг дор хийлгэж болохгүй. Уг нь уламжлалт товлолын вакцин нэг зэрэг  хийлгэдэг. Шинэ вакцин учраас болохгүй.

-Коронавирусийн вакцин хийлгэснээс болж үнэр мэдрэхгүй болох шинж илрэх үү?

-Түр хугацаанд тийм шинж тэмдэг өгч болно.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ