С.Үнэн: Манай байгууллагын алдагдал 90 тэрбумд хүрсэн. Энэ хэвээрээ явбал хэцүүдэх нь

2013-09-20 00:00:00
НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга С.Үнэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Усны замбараагүй хэрэглээг цэгцлэхийн тулд Хот суурины ус хангамж, ариутгах татуургийн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс суурь үнэ гаргасан. Гэвч
ШӨХТГ-аас үнэ тогтоох эрхгүй байгууллага гээд тогтоолыг хүчингүй болгочихлоо?
 
-Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэ нэмэхдээ бус суурь үнийн тарифыг мөрдөж эхлэе, гэр хорооллын хэрэглээний усны үнийг өсөхгүй гэж Хот суурины ус хангамж, ариутгах татуургийн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс энэ оны долдугаар 9-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Зохицуулах зөвлөлийн даргын долдугаар сарын 10-ны өдрийн А16 дугаар тушаалаар усны үнийн өөрчлөлтийг хавсралтаар батлаад наймдугаар сарын 15-наас мөрдөе гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ бол хэрэглээний усны үнэ тарифын нэмэгдэл биш. Хэрэглэгч цорго нээнгүүт ус гоожих бэлэн байдлын зардлыг нөхөх үүднээс суурь үнийн нэмэгдлийг нэмж, тооцож авъя л гэсэн шийдвэр. Учир нь,цорго нээхэд ус бэлэн байх байнгын ажиллагааг хангахад маш их зардал гардаг. Наад зах нь, хүн хүч, засвар үйлчилгээ, шугам сүлжээ, олон тооны шахуурга, хөдөлгүүр ажиллуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангах гэх мэт. Гэтэл энэ бүх үйл ажиллагааны зардал хаана ч тусгадаггүйгээс өнөөдөр ус хангамж, ариутгах татуурга, орон сууцны нийтийн үйлчилгээний салбарын эдийн засгийн чадавхи муудсан. Жишээ нь, УСУГ 2013 онд 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвтэй байна. Энэ бол тоглоом биш. Байнгын бэлэн байдлыг хангахын тулд суурь үнэ нэвтрүүлснээр ус хангамж  найдвартай болохын сацуу хүрсэн төвшнөө хадгална. Хэрвээ УСУГ энэ хэвээрээ яваад байвал ойрын хэдэн жилд хотын ус хангамжийн үйл ажиллагаа ноцтой байдалд хүрнэ.  
 
-Тэгэхээр жилээс жилд УСУГ-ын алдагдал нэмэгдэж байсан гэсэн үг үү?
 
-Саяхан эрчим хүчнийхний зөвлөлгөөний үеэр салбарын алдагдал нийтдээ 60 тэрбум байна гэсэн. Гэтэл манай байгууллагынх 90 тэрбум буюу бүхэл бүтэн салбарын алдагдлаас 30 тэрбум төгрөгөөр илүү. Дээр нь, валют өсч байгаа энэ үед өр нэмэгдэх магадлалтай болчихлоо. Бид ард түмнээ дарамтад оруулъя гэсэн бус байнгын бэлэн байдлаа хангахын тулд усны суурь үнэтэй болъё гэсэн хэрэг. Мэдээж, тооцоо судалгааны үндсэн дээр алдагдалтай ажиллаж буй үйл ажиллагаагаа сайжруулъя гэвэл үнэ тарифын өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. Энэ онд энэ асуудлаа шийдэхгүй бол жилийн дараа сонгуулийн компанит ажлууд эхэлнэ, дараалж болно. Тиймээс одоо л энэ хүнд байдлаас гарах цаг нь ирсэн. Тооцоо хэлэхэд, өнгөрсөн сарын 15-наас усны суурь үнийг мөрдсөн бол УСУГ-ын алдагдал жилдээ 1,5 орчим тэрбум төгрөгөөр багасах байсан. Нэг үгээр хэлбэл, борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх байв. Харин айл өрхийн сарын зарлага дээр 2000 төгрөг л нэмэгдэх байсан. Энэ бол тийм ч хүнд дарамт биш. Бид утсандаа харамгүй мөнгө зарцуулдаг биз дээ.
 
-Алдагдлаа багасгана гэхээр үнэ нэмнэ гэсэн ганц гарцтай юм шиг манай төрийн байгууллагын удирдлагууд хэлдэг.  Гэтэл нэмэх бус алдагдлаа багасгах ёстой юм биш үү?
 
-Усны алдагдлыг багасгах гэдэг чинь усныхаа нөөцийг нэмнэ гэсэнтэй урвуу хамааралтай.  Хэдий чинээ усны алдагдал багасгана, төдий чинээ усны нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Яахав бололцоогоороо техник зохион байгуулалт, санхүү эдийн засаг, хууль зүйн арга хэмжээ авч байна. УСУГ-ын хэмжээнд усны алдагдал ойролцоогоор 18-20 хувь байдаг. Нэг үгээр хэлбэл, нийт шахсан усныхаа 20 хувийг нь борлуулалтын орлого болгож чаддаггүй гэсэн үг. Гэтэл алдагдал юунаас үүсч байна вэ гэхээр шугам сүлжээний хоцрогдол, хэрэглэсэн усныхаа төлбөр төлдөггүй, тоолууржаагүйгээс болдог. Тухайлбал, УСУГ 4070 гаруй хэрэглэгчтэй гэрээтэй ажилладгаас орон сууцны конторуудаас гурван тэрбум төгрөгийн авлагатай. Гэтэл манай байгууллагын нийт зардлын ердөө 2,7 орчим хувь нь шугам сүлжээний засвар үйлчилгээнд зориулагддаг. 10 тэрбумын алдагдалтай ажилладаг байгууллага үүнээс их мөнгө зориулж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Манай шугам сүлжээ аль 1950 оноос ашиглалтад орсон вааран, ширмэн, ган, хуванцар шугам хоолойнууд. Ирэх жил хотын төвийн олон жил болсон хуучирч муудсан шугам сүлжээндээ засвар хийж сайжруулахаар нийслэлийн захиргаанд хандсан байгаа. Нэг зүйлийг онцлоход, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шинээр шугам сүлжээ тавихдаа маш чанаргүй гүйцэтгэж байна.
 
-Ашиглах байгууллага гүйцэтгэлд нь хяналт тавимаар байна гэж байгууллагын удирдлагууд ярьдаг юм билээ л дээ?
 
-Үнэн л дээ. Бодит байдалд худалдан авах ажиллагаа, барилга байгууламжуудын төлөвлөлт, сонгон шалгаруулалтын ажлыг өөр байгууллага шийддэг нь асуудал үүсгэж байна. Жишээ нь, Засгийн газрын 118 дугаар тогтоолтой холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлын захиалгыг БХБЯ-ны дэд бүтэц төслийнхөн гүйцэтгэж байгаа. Гэвч ашиглалтын үед гарах хүндрэлийг тооцох буюу зураг төсөлд  хяналт тавих, гүйцэтгэлийн явцад тавих хяналтыг өөр газар хийдгээс эцэст нь шаардлага хангахгүй барилга байгууламж, шугам сүлжээг хүлээж ав гээд тулгачихдаг. Хүлээж авъя гэхээр ашиглалтын наад захын  шаардлага хангадаггүй. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 24 дүгээр коллекторын барилгын ажлын техникийн болон гүйцэтгэлийн хяналтыг шаардлагын түвшинд хийгээгүйгээс  шугам хоолой нь хучлагын ачааллаа даагаагүйгээс  хавчиг болсон байдаг. Мөн Налайхаас нааш явдаг Туул 1 коллектор гэхэд битүүмжлэл муутай дутуу хийгдсэн учраас хүлээж авах боломжгүй. Улсын комисс ажилласан байхад УСУГ ав гэдэг. Гэвч битүүмжлэл байхгүй шугам хоолойг ашиглавал их хэмжээний бохир нь хөрс рүүгээ нэвчинэ. Одоо яг ийм байдал үүссэн. Төв цэвэрлэх байгууламж хоногт 190000 шоо метр бохир ус хүлээж авдаг нь түүхэнд байгаагүй хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна гэсэн үг. Энэ байдлаа яриад хүлээж авахгүй гэхээр УСУГ ажил гацаалаа, хойш нь чангааж байна гэж шүүмжилдэг. Анхнаасаа ийм байдал үүсгэхгүй гэвэл яам бодлогынх нь хэмжээнд бүтээн байгуулалтаа төлөвлөөд хөрөнгө санхүүг нь шийдээд худалдан авах ажиллагааг нь үгүй ядахдаа гүйцэтгэгчтэй хийх гэрээ, зураг төсвийн хяналтыг мэргэжлийнх нь байгууллагаар хийлгээч дээ. Энэ маань бүх ажлыг өөр дээрээ авах гэсэн бус Улаанбаатар хотын олон мянган иргэнийн эрх ашиг хөндөгдөж буй учраас бусдад ад үзэгдэн байж хэлээд байгаа хэрэг.
 
-Гол нь, тендер нэрээр өөрийнхөө, найз нөхдийнхөө компанийг сонгож, авлига, хээл хахуулийг цэцэглүүлж байна гэсэн үүднээс худалдан авах ажиллагааны газар гэж байгуулсан байх?
 
-Мэргэжлийнх нь байгууллагаар гүйцэтгэлийг нь хянуулаад дууслаа гэвэл бид асуудал үүсгэхгүй. Бүх юмыг мэргэжлийн байгууллагаас нь салгачихаар л буруугаар эргээд байна. Ядаж гэрээ хийх шатанд нь мэргэжлийн байгууллагад хандаж гүйцэтгэлд нь хяналт тавьбал захиалагч, гүйцэтгэгч, хяналтын компанид ч амар. Гэтэл нэг хүний сонирхлыг 10 хүнийхээр сольчихоор нөгөө сайн хийх ёстой зүйл муу, муу нь бүр муухай болж буй хэрэг. Иймэрхүү ажил манайд зөндөө. Жишээ нь, Чулуун овооны ус хангамжийн сүлжээ, Баянгол Найрамдлын чиглэлд хийгдсэн шугам сүлжээний ажил  гэх мэт. Ашиглачихъя гэхээр зураг төсөвтэйгөө таардаггүй. Үндсэн шугам сүлжээтэйгээ таарахгүй юм авчихвал тэртэй тэргүй алдагдалтай ажилладаг байгууллагад засах, сэлбэх хөрөнгө байхгүй. Тэгэхээр үндсэн шаардлагадаа зохицуулж шугамаа хүлээж авах ёстой. Бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд ашиглалтын байгууллагын зардал, хүн хүчийг төсөвтөө суулгах ёстой. Энэ асуудлыг ярихаар хүндрэл учруулж байна гэж яриад байх юм.
 
-Хотод энэ жил бүтээн байгуулалт эрчимтэй өрнөлөө. Эрчим хүчнийхэн ирэх жилээс шинэ хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай хангана гэдэг хэцүү болох нь гэж байгаа бол УСУГ-ын хувьд байдал  ямар байна вэ?
 
-Би нэг тоо хэлье. УСУГ дөрвөн эх үүсвэрээс ус олборлож, нийслэлийн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Энэ дөрвөн эх үүсвэрийн хүчин чадлыг 1980 оны үед судлаад 237 мянган метр. куб усыг Туул голын сав газраас өөрийнхөө шугам сүлжээнийхээ байгууламжуудаар дамжуулан авч нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэх бололцоотой гэсэн судалгаа хийсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 160-170 мянган метр.куб ус олборлож байна. Өөрөөр хэлбэл, нийт нөөц усныхаа 60 хувь дээр явж байна гэсэн үг. Мэдээж, сүүлийн үед бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ өсч байна. Яармаг, Зайсан гээд хотын хаа сайгүй байшин барилга баригдаж байна. Хотын Засаг дарга мөрийн хөтөлбөртөө тусгасан гэр хорооллыг тохилог амины орон сууцтай болгоно гэсэн амлалтаа хэрэгжүүлж буй.  Тэгэхээр гэр хороолол бүхэлдээ дэд бүтцэд холбогдвол одоо байгаа 237 мянган метр.куб гэдэг нөөц маань хүрэхгүй болж эхэлнэ. Тэслээ гэхэд 2016 он хүртэл хүрнэ. Тиймээс манайхаас Солонгосын “Койка” байгууллага, Засгийн газрынх нь буцалтгүй тусламжийн хүрээнд шинэ Яармаг хорооллын ундны усны хангамжийн төслийн хүрээнд 20 мянган метр.куб шинэ үүсвэрээ энэ жил ашиглалтад хүлээн авахаар зорьж байна. Мөн 2014 оны тавдугаар сард Гачуурт орчимд “Жайка”-гийн төслөөр 22 мянган метр.куб усны шинэ эх үүсвэр нээгдэнэ. Нисэхийн цаад талд шинээр 20 мянган метр.куб хүчин чадалтай шинэ эх үүсвэр барьж байгуулахаар ажиллаж байна. Гэвч энэ их олон нөөцийг ашиглалтад оруулна гэхээр ашиглалтын зардал, хүн хүч, эрчим хүчний гээд  зардал нэмэгдэнэ. Ингээд л бэлэн байдлаа хангахын тулд суурь үнээ нэмэх болж байгаа юм. Ер нь, энэ төлөвлөж буй эх үүсвэрүүдийг барьж байгуулсан ч   бүтээн байгуулалт энэ эрчээрээ яваад  асуудлаа шийдэхгүй байвал 2016 оны түвшинд хэцүүхэн байх нь гэсэн дүр зураг харагдаад байгаа. Тиймээс аль 1980 оны үеэс ярьж, судалгаа нь хийгдсэн Туул, Тэрэлж голын сав газарт ус цуглуулах далан барьж, усныхаа хэрэгцээг гадаргууг усны нөөцөөр хангадаг болох асуудлыг шийдэх ёстой юм.
 
-Ус хуримтлуулах далан барих ажил хоёр жилийн нүүр үзсэн байх шүү. Ярьснаас биш хуруугаа хөдөлгөсөн нь үгүй байх?
 
- Монгол, Солонгос, Япон, Оросын компаниуд энэ талын судалгааг хангалттай хийсэн. Хамгийн эхлээд уг ажлын санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ  концессоор уу эсвэл өөр ямар зарчимаар барьж байгуулах вэ гэдгээ шийдэх гэрээ хэлцлүүдээ хийж, ТЭЗҮ болон нарийвчилсан судалгаа  зураг төсвөө гаргаад ирэх онд сонгон шалгаруулалтаа эхлүүлэх  ёстой. Тиймээс нийслэл, БОНХЯ, БХБЯ, ЭЗХЯ, ЗГ энэ ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Өнөөдөр ус хэт их үнэ цэнэгүй, хямдхан байгаа нь ус чандмань эрдэнэ гэгддэг утгыг нь алдагдуулж байна. Ус хангамжийн асуудлыг ярихаар эргээд төв цэвэрлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжуудын технологи, тоног төхөөрөмжүүдийн одоогийн байдлыг бас ярих ёстой л доо.
 
-Хотын удирдлагууд УСУГ-тай “Харгиа” цэвэрлэх байгууламжийг нэгтгэх шийдвэр гаргасан. Төсвийн мөнгийг хэмнэх зорилгоор нэгтгэсэн гэж ойлгосон?
 
-Урьдчилан цэвэрлэх байгууламжийг УСУГ-тай нэгтгэх шийдвэр гарч, хүлээж авах комисс ажлаа хийгээд дуусч байна. Энэ хоёр байгууллагыг нэгтгэсэн нь мөнгө хэмнэх үүднээс хийсэн юм биш. Урьдчилан цэвэрлэх байгууламж ашигтай ажиллаж чадаагүй нь түүхий эд боловсруулагчидтай харилцан ашигтай бизнесийн орчин зөв үүсгэж чадаагүйгээс үйл ажиллагаа нь доголдсон хэрэг. Энэ алдааг нь л залруулах үүднээс мэргэжлийнх байгуулагатай нь нэгтгэсэн. Нөгөөтэйгүүр, Улсын мөрдөн байцаах газарт усны бохирдолтой холбоотой тусгай тасаг ажиллаж эхэлсэн байна лээ. Энэ нь, арьс ширний үйлдвэрийн бохирдол гол руу орвол байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэн удирдлагуудтай нь хариуцлага тооцох юм. Өдгөө дэлхийн хотуудаас Улаанбаатар хамгийн таагүй хүйтэн, нойтон орчинд өвөлждөг нь. Гэтэл цэвэрлэх байгууламж нь гадна агаарын тодорхой хэмд ажиллах ёстой. Манайх шиг хасах 40 хэмд ажилладаг байгууламжийн технологи ховор, өндөр үнэтэй байдаг. Тиймээс дэлхийн жишгийн дагуу урьдчилсан байдлаар цэвэрлэх байгууламжаа газар доор бариад дээр нь удирдлагынх нь оффисийг барих талаар ярьж байна. Энэ нь газар талбайн хувьд,  эрчим хүчний зардлын хувьд хэмнэлттэйгээс гадна цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг багасгах ач холбогдолтой.  Ямар ч байсан хотыг айхтар үнэр танараас нь салгах ёстой.
 
-Шинээр цэвэрлэх байгууламж барина гэхээр хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдэх вэ?
 
- Засгийн газрын 118 дугаар тогтоолын хүрээнд Нисэхэд хоногт 20 мянган метр.куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж гадна төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шийдвэр гарсан. УСУГ бүх төрлийн судалгаагаа хийгээд дууссан, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэх боломжийн саналууд ч хүлээж авсан.  Өндөр технологийн цэвэрлэх байгууламж асар үнэтэй байдаг. Эдгээр цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг  дөрөвдүгээр цахилгаан станцын ус хангамжийн сүлжээтэй холбож өгөх нь маш чухал  юм. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд рашаан ус, байгалийн  нөөц ашигласны татварын хэмжээг тогтоосон хуулиа хатуу чанд мөрдмүүлмээр байна. Хэрвээ энэ хууль хэрэгжвэл байгалийн нөөц, рашаан усаа ашиглахаа болино. УСУГ ч нийгмийн хариуцлага хүлээсэн байгууллага учраас улс орны тэргүүлэх салбар эрчим хүчний салбараа дэмжин цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усаа хямд үнээр нийлүүлнэ. Өнөөдрийн үнийн зөрүүгээрээ эрчим хүчний зардлаа эргүүлээд олох боломжтой. Морин давааны ойролцоо барих нисэхийн цэвэрлэх байгууламжийг маш их бодож, зөв шийдлээр барих ёстой. Гэвч хууль зүйн хүрээнд хийсэн сонгон шалгаруулалтыг БХБЯ эрх мэдлийнхээ хүрээнд өөрчлөөд, өөр шийдвэр гаргаж байгаа гэж сонссон. Гэхдээ энэ бол баталгаатай мэдээлэл биш.
 
-Барилгажилт нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ огцом өсч байна гэлээ. Тэгвэл саарал усаа ашиглах талаар ямар ажил хийж байна вэ?
 
-Нэг зүйл шулуухан хэлэхэд, монголчууд усаа хэмнэх үүднээс хэрэглээгээ зөв зохистой болгох шаардлагатай. УСУГ-ын санхүү, эдийн засгийн байдал хүнд байгаа учраас саарал ус ашиглах асар үнэтэй технологийг нэвтрүүлж чадахгүй байна. Одоо бидний ашигласан усыг цэвэршүүлнэ гэдэг маш өндөр зардалтай. Энэ чиглэлээр ажилладаг компаниуд аятайхан бололцооны технологи оруулж ирэхээр ярьдаг ч, хотынхоо цар хүрээг тооцохоор эргээд сөхөрдөг. Өнөөдөр бохирдлоо Туул гол руу хаяад байх уу, эргүүлээд ашиглах уу гэсэн асуудал бидний өмнө  тулгарч байна. Төв цэвэрлэх байгууламж хоногт 170 мянган метр.куб усыг хагас дутуу цэвэрлээд гол руу хаяж байна. Хаяж байна гэдэг асар их мөнгө урсаж байна гэсэн үг. Тиймээс энэ баялгаа ашиглахын тулд өндөр технологийн төв цэвэрлэх байгууламж шинээр баръя. Монгол Улсын стандартад тохирсон цэвэрлэх байгууламжтай болъё л доо.
 
-Усаа түгээхээс гадна хамгаалах ямар ажил хийж байна. Хэлэх нэг, хийх өөр шүү дээ?
 
-Усны зөв хэрэглээг Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газрын хэмжээнд бодлого болгож тавих ёстой. Тэрнээс биш Усны газар, “Монгол Ус” корпораци, Усны үндэсний хороо ч гэдэг юм уу өөр, өөрсдийнхөөрөө бодлогоо тодорхойлж яриад тэр нь зөрчилддөг байж таарахгүй.  Нэгдсэн бодлоготой болох ёстой. Тиймээс эхний ээлжинд манай байгууллага усны чиглэлээр форум хийх юмсан гээд... БОНХЯ-ны холбогдох хүмүүстэй яаж хэрэгжүүлэх вэ, хэрхэн бодлого болгож  зангидах вэ гэдгээ ярьж байна. Шулуухан хэлэхэд, бид одоо л ундны усаа жинхэнэ ёсоор хамгаалахгүй бол хотын усны эх үүсвэрийн гадаад, дотоод муж руу шууд халдсан оролдлого өнгөрсөн хугацаанд зөндөө л гарлаа шүү дээ. Жишээ нь, “Ирээдүй” цогцолбор барилга барина гэсэн нэрээр дулааны гурав, дөрөвдүгээр станцын дунд байрлах ундны эх үүсвэрт халдлаа. Ундны усны эх үүсвэрт баригдсан “Маршал town”, “Хурд” гээд олон орон сууцны хороолол гээд дурдвал олон. Цаашлаад тавдугаар цахилгаан станцыг усны эх үүсвэр байгаа Хөлийн голын ойролцоо газарт байгуулна гэсэн нь эх үүсвэр рүүгээ заналхийлж байна гэсэн үг. Усны эх үүсвэр байдгийг бүгд мэдэх ч шийдвэр нь эсрэг гараад байх юм. Тавдугаар цахилгаан станцын асуудлыг яаралтай шийдэх ёстой юу, ёстой. Эрчим хүчний инженер хүний хувьд үүнтэй маргахгүй. Эрчим хүчгүйгээр хот хөгжинө гэж байхгүй. Гэхдээ цахилгаантай байх уу эсвэл устай байх уу гэдэг эрэмбээрээ яривал ондоо шүү дээ. Бид усгүй бол тог цахилгаанаар яах юм. Усныхаа эх үүсвэр дээр тавдугаар цахилгаан станцаа барихаар болсон нь туйлын харамсалтай.
 
-Та өнгөрсөн хугацаанд усны эх үүсвэр рүү халдсан олон тохиолдол гарлаа гэлээ. Нэг гарсан зүйл давтагдахгүй гэх газаргүй л дээ?
 
-Энэ талын хууль дүрэм хангалттай байгаа. Гол нь, ягштал  мөрдөж, баримталж ажиллаж байна уу гэдэг л байхгүй юу. Өмнө нь, худгуудыг нүүлгэнэ, зөөнө, бохирдсон гэж худлаа, үнэн яриад НИТХ-аар тогтоол гаргуулан эх үүсвэр рүү нь халдлага хийсэн байдаг юм билээ. Гэхдээ би өнгөрсөн асуудлыг яримааргүй байна. Хэдийгээр бүдүүлэг халдлагын шинжтэй асуудал болов чиг тухайн үед асуудал шийдэгдэн хорооллууд нь баригдаад оршин суугчид нь орчихсон. Шийдэх эрхтэй хүмүүс нь шийдэж. Харин өнөөгийн нөхцөлд эх үүсвэрийн зурвасуудыг шинээр татах, тодотгох ажлыг хамгийн түрүүнд хийх ёстой. Дээрээс нь, УСУГ-ын эх үүсвэрийн зургийг шинэчлэх шаардлагатай болж. Энэ зураг НЕТГ, НХОГ, НӨХГ-т байдаг ч өөр, өөр байх жишээтэй. Ямар ч гэсэн өнгөрсөн тавдугаар сард хотын Засаг даргад ундны усны эх үүсвэрийн байршлын зургаа нэг болгоё гэсэн хүсэлт тавьсан. Ялангуяа, УСУГ-т байгаа зургийг албан ёсоор баталгаажуулахгүй бол усан хангамжийн асуудлыг шийддэг, техникийн нөхцөл өгдөг, бүтээн байгуулалтыг нь шийддэг газруудын зураг хоорондоо зөрөхөөр юу болох вэ. Эх үүсвэрийн мужид байгаа газарт байхгүй гэж зурган дээр харагдаад л...
 
-Хот төлөвлөлтийн төлөвлөгөөнд ундны эх үүсвэр байгаа газрыг тэмдэглэсэн байдаг биз дээ. Хууль дүрмээ зөрчиж байв уу эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн юм бол уу?
 
-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гэж бий. Гэхдээ эх үүсвэрээсээ гадна төлөвлөчихөөд газар олгох, барилга зөвшөөрөхдөө дотор нь өгчихөөр л  асуудал үүсгэж буй хэрэг. Нэг ёсондоо, зураг дээрээ эх үүсвэрийнхээ дотоод, гадаад мужийг өөрчлөөд баталгаажуулахаар ийм асуудал үүсч байна. Эх үүсвэрийн муж өөрчлөх эрх зөвхөн НИТХ-д байдаг бөгөөд 2007, 2009 онд шат дараатай өөрчлөх шийдвэр гаргасан  юм билээ. Энэ шийдвэрийг шүүмжлэхээсээ илүүтэй өнөөгийн нөхцөлд ямар байх вэ гэдгээ л ярих  ёстой. Нийслэлийн онцгой бүс болгож зарласнаар хэнбугай ч халдаж чадахгүй. Энэ мэт эх үүсвэрүүд хаана байгаа нь тодорхой болбол ундны эх үүсвэр дээр цахилгаан станц барина гэсэн асуудал өнөөдөр яригдахгүй шүү дээ. Нэгэнт тавдугаар цахилгаан станц байгуулах газраа сонгочихсон бол хүчээр л усны эх үүсвэрийн мужаа өөрчлөх байх даа бодвол...
 
-Гэхдээ БОНХЯ-ны байгаль орчны үнэлгээг харзнах сурагтай байсан. Төр түмэн нүдтэй гэдэгчлэн олон талаас нь бодож шийдвэрээ гаргах байх?
 
-Ер нь, хэн дуртай нь хүссэн газартаа байшин барьж болдог юм бол техникийн нөхцөл өгдөг байгууллагууд байж яах юм. Өнөөдөр ус, цахилгааны техникийн нөхцөл аваагүй барилгаа барьчихаад шүүхээр дарамталсаар байгаад техникийн нөхцөлөө гаргуулж байна. Тийм тохиолдол байна. Нуухгүй. Саяхан миний нэр дээр шүүхээс заавал биелүүлэх хуудас ирсэн. Яасан бэ гэхээр газар олголтын зөвшөөрөлгүй байж байшин барьчихаад ард иргэдийн эрх ашиг нэрээр шүүхийн шийдвэр гаргуулсан. Шүүх биелүүл гэсэн шийд гаргасан учраас бид хүчээр техникийн нөхцөл өгөхөөр сууж байна шүү дээ.
 
-Дэлхийн улс орнууд усны аюулгүй байдлын төлөвлөгөө гэж гаргадаг. Харин манай улсаас ийм зүйл шаардсан олон улсын хуралд таныг оролцсон гэж сонссон?
 
-Австрали улсад усны аюулгүй байдлын төлөвлөгөө гэж юу байдаг, хэрхэн хийдэг юм бэ гэдэг талаархи мэдээлэл өгөх сургалт, семинар боллоо. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд үндэсний аюулгүй байдалтайгаа адилхан усны аюулгүй байдлын төлөвлөгөөг үндэсний хэмжээний асуудал болгож ярьдаг юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас усны аюулгүй байдлын төлөвлөгөөг Монгол Улс тэр дундаа Улаанбаатарт хийж, хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Энэ хүрээнд ДЭМБ-аас санхүүжүүлэн УСУГ-тай хамтарч усны аюулгүй байдлын төлөвлөгөө хийж дууслаа. Энэ төлөвлөгөөгөө БОНХЯ, нийслэлийн удирдлагад өргөн барина. Төлөвлөгөөний дагуу усаа, эх үүсвэрээ хамгаалах, стандарт тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийх ёстой юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр муугаар ярихад газар хөдлөлт болж ус хангамжийн системд ноцтой гэмтэл гарлаа гэхэд усны аюулгүй байдлыг үнэлж, дүгнээд удирдаж, зөвлөмж гаргадаг. Тэгэхээр ийм онц ноцтой байдал үүслээ гэхэд  хүн амынхаа ус хангамжийг яаж аюулгүй, найдвартай үлдээх вэ гэдгийг тооцоолж гаргадаг аж.Нэг үгээр хэлбэл, эхлээд усан хангамжаа, дараа нь дулаан, цахилгаан ярьдаг юм байна.
 
-Тэгвэл энэ байгууллагыг толгойлж буй хүний хувьд Улаанбаатарт усны аюулгүй байдал хэр байна гэж үзэв. Дүн тавибал...?
 
-Таван баллын системээр дүгнэвэл би +3 тавимаар байна. 1500 ажиллагсдынхаа хүчин зүтгэлийг энэ тоогоор яагаад үнэлж байна вэ гэхээр ус гэдэг хүний амь амьдралын үнэ цэнэ. Сүүлийн үед уран илэрлээ гэж их ярих болж. Гэтэл уран  байгальд цэврээрээ байдаг элемент. Гэтэл манай байгууллагын усны төв лаборатор орчин үеийн тоног төхөөрөмжөөр гайгүй сайн тоноглогдсон ч ураныг судалж, шинжилж чаддаггүй. Хүчин чадлын хувьд тааруухан. Өнөөдөр урьдчилсан болон төв цэвэрлэх байгууламжийн ус, дөрвөн эх үүсвэрийн байдлыг цаг тутамд шалгаж байх ёстой. Энэ бүх ажил, ажиллагаа маань санасан хэмжээнд хүрэхгүй байна. Үйлдвэр, аж ахуйн газрууд хэт хүний сэтгэлээр байгальд хандан усны замбараагүй хэрэглээ газар авсан. Ингээд харахаар яав ч сайн дүн тавих боломжгүй. Дээрээс нь, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө гэж алга. Усан хангамжийн систем доголдон Туул голынхоо усыг шууд хэрэглэх шаардлага гарвал явуулын цэвэршүүлэх лаборатор, тоног төхөөрөмж алга. Энэ талаас харвал бас л сайн дүн тавих хэцүү.