Б.Одсүрэн: Нийтийн тээврийг шинэ шатанд гаргах, томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна

2021-04-02 17:53:22

Нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэл хийж байгаа талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс тодрууллаа.   

-Нийслэлийн хэмжээнд тулгамдаж байгаа нийтийн тээвэр болон авто замын түгжрэлийн асуудалд нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид нийслэлийн хэмжээнд олон төрлийн судалгаа хийлээ. Эхний ээлжид Улаанбаатар хотын авто замын түгжээ, торлол, даац ямар хэмжээнд байна вэ, ямар ачаалал авах боломжтой байна вэ гэдгийг тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөний дундаж хурд 13 км цаг байна. Оргил ачааллын 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд 8.9 км цаг буюу явган хүний зорчих хөдөлгөөнтэй ижил хэмжээнд хүрдэг. Коронавирусийн халдвар өндөр байгаа энэ үед сургууль, цэцэрлэг, зарим байгууллагын үйл ажиллагаа хаалттай байгаатай холбоотойгоор автомашины хэрэглээ бага байна. Вакцинжуулалт хийж, иргэдийн амьдрал есдүгээр сараас хэвийн байдалдаа орох нөхцөлд түгжрэл нэн тэргүүний тулгамдсан асуудал болно. Түгжрэлийг манай иргэд өөр өөрсдийнхөөрөө ойлгодог. Зарим хэсэг нь түгжрэл бол хот байгуулалттай холбоотой гэж ярьдаг. Зарим хэсэг нь цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй, нөгөө хэсэг нь уулзвар, гэрэлтүүлэг зэрэг автоматжуулалт, электронжуулалтын инновац, технологитой холбож ойлгодог. Гүүрэн гарц, нүхэн байгууламж, нийтийн тээвэр, бусад асуудал гээд маш олон төрлийн асуудалтай холбож ярьдаг. Энэ бүгд үнэн. Ер нь түгжрэл олон учир шалтгаантай, олон талын хүчин зүйлээс болдог ээдрээтэй асуудал. Үүнийг нэг шугаман аргаар болон нэг шийдлээр шийдэх боломж байхгүй. Шийдвэрлэхийн тулд системтэй ажиллагаа шаарддаг. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэдийн бүх талын оролцоотойгоор шийдвэрлэх хэрэгтэй байна. Түгжрэлийг хувийн автомашины хэрэглээ, нийтийн тээврийн хэрэглээний хоорондох зохистой харилцаа алдагдсанаас үүссэн гэж үздэг. Сүүлийн таван жилийн хугацаанд нийтийн тээврийн зорчих хөдөлгөөн хоёр дахин багассан. Багасаж байгаа шалтгаан нь иргэд нийтийн тээврээр зорчихоос илүүтэйгээр хувийн унаагаар зорчихыг илүүд үзэж байгаатай холбоотой. Энэ нь тодорхой учир шалтгаануудтай. Жишээлбэл, нийтийн тээврийн зогсоол нь нийтийн тээврээр зорчихоор сонгосон иргэний ажил болон гэртэй ойр байх хэрэгтэй. Дунджаар 300-500 метрийн зайд байх ёстой. Автобусны зогсоол нэгээс дээш километрийн зайтай холдоод ирэхээр асуудал үүсдэг. Нийтийн тээвэр маань иргэддээ ойрхон үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл байх ёстой. Хоёрдугаарт цэвэрхэн, хүртээмж сайтай, тав тухтай, автобусны буудлаа зарладаг, чиглэлээ мэдээллэдэг, ойлгомжтой байх ёстой. Өвлийн хүйтэнд дулаан байх ёстой гээд олон хүчин зүйл байна. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн салбарт дорвитой өөрчлөлт хийж чадаагүй. Нэг үгээр хэлбэл, салбар маань уналтын хэмжээнд байгаа гэж хэлж болно. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийг шинэ шатанд гаргах, томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.        

-Иргэд маань нийтийн тээвэр гэхээсээ илүү хувийн унаагаар зорчих хүсэлтэй болсон гэлээ. Хувийн автомашинаар зорчиж байгаа иргэдэд зогсоолын асуудал хүндрэлтэй байдаг. Зогсоолын менежментийн талаар ярих нь зүйтэй байх.

-Зогсоолын асуудал нь хот төлөвлөлттэй холбоотой. Томоохон худалдааны төвүүд, шинэ оффис барилгууд зогсоол багатай баригдаж байна. Барилгын зураг, ерөнхий төлөвлөгөө, боловсруулахад норм дүрэм гэж байдаг. Тэр нь хойд хөршөөс хуулбарласан, хуучирсан стандарт. Энэ стандарт, норм, дүрмийг яаралтай өөрчлөхгүй бол зогсоолын тоо заасан нь дутагдалтай, ойлгомжгүй байдаг. Энэ дүрмээр ерөнхий төлөвлөгөө зурагдаж батлагддаг. Энэ нь зогсоолгүй барилга баригдах эрх зүйн акт гэсэн үг. Үүнийг яаралтай шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хотын төвд байшин, барилга барьж, зайгүй болсон энэ үед бид газар ашиглалтынхаа менежментийг сайжруулах хэрэгтэй байгаа. Энэ хүрээнд төр захиргааны газар болон иргэдийн эзэмшлийн газрын хашааны асуудлыг хөндөж ярихаас өөр аргагүй. НИТХ-ын 2019 онд баталсан тогтоолын дагуу тодорхой байгууллагуудыг хашаатай байхыг зөвшөөрсөн. Бусад байгууллагыг хашаатай байх ёсгүй гэж заасан. Энэ тогтоолын хэрэгжилтээр бид газрын ашиглалт, ногоон байгууламж, зогсоолыг нэмэгдүүлэх, явган хүний зорчих хөдөлгөөнд саад бэрхшээл учруулж байгаа зүйлсийг арилгах арга хэмжээнүүд явуулж байгаа. Иргэд чөлөөтэй зорчих бүх боломжийг хангах, иргэддээ зориулсан томоохон арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС