Нэгдүгээр ангийн 3000 хүүхдэд цацруулагчтай уут тараана

2013-09-19 00:00:00
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас тодрууллаа. 

-Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЗЦГ-аас ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? 
-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс ЗЦГ-аас олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагаа болон Нийслэлийн боловсролын газартай хамтран 21 аймаг, найман дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Би явган зорчигч” гэсэн багачуудад зориулсан хичээл, багш, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтын гарын авлага DVD хичээлийг тараасан. 

-Нийслэлийн авто замд ойр сургуулиудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хувцас тараасан гэсэн. Дээрх ажлын үр дүн ямар байна вэ? 
-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг, ЗЦГ-аас авто замд ойр байрлалтай ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудыг хүлээн авч уулзсан. Уулзах үеэрээ тухайн сургуулиудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иж бүрэн хувцас тарааж өгсөн. Тэгээд маргааш нь иж бүрэн хувцсыг зориулалтаар нь хэрэглэж буй байдалд шалгалт хийхэд шалгалтад хамрагдсан 10 сургуулийн нэг нь ч хөдөлгөөний аюулгүй байдлын хувцсыг өмсөөгүй байсан. 

Тиймээс багш нар өөрсдөө хүүхэддээ анхаарал тавих халамж дутаж байгаа гэж ойлгож болно. Иж бүрэн хувцасны гол утга нь хичээл тарах буюу эхлэх цагуудад тухайн сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг, эхчүүдээс зам дээр гарч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Гэтэл хичээл тарах буюу эхлэхээс өмнө хагас цагийг хүүхдүүддээ зарцуулж чадахгүй байна гэдэг бол асуудалтай зүйл. 

-Өнгөрсөн жил сургуулийн сурагч бүрт цацруулагчтай уут, тэмдэг тарааж байсан. Энэ жил үргэлжлүүлэн тараах уу? 
-Цацруулагчтай уут, тэмдэг зүүлгэж, хэвшүүлэх ажил энэ хичээлийн жилд ч үргэлжилж байгаа. Тухайлбал, “Монгол даатгал” компанитай хамтраад нийт 13 сургуулийн нэгдүгээр ангийн 3000 хүүхдэд цацруулагчтай уут тараана. 

Уг ажил маргаашнаас/өнөөдөр/ эхэлнэ. Ер нь хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг манайхаас тасралтгүй зохион байгуулсаар байгаа. Тухайлбал, нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран хүүхдийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах гэрээ байгуулсан. Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран эрсдэл бүхий 70 сургуульд аюулгүй замын хөдөлгөөн сэдэвт зурагт хуудас, номын хавчуурга зэргийг тараасан. Энэ мэт олон ажил өрнүүлж байгаа. 

-Энэ хичээлийн жил эхлээд зам тээврийн осол хэрэгт нийт хэчнээн хүүхэд өртсөн бэ? 
-Энэ сарын эхний 15 хоногийн байдлаар зам тээврийн осол хэрэгт нийт 54 хүүхэд өртсөн үүнээс 12 нь сургуулийн өмнөх насных, 32 нь сургуулийн насны хүүхдүүд байсан. Ер нь хүүхдүүд яагаад осол аваарт өртөөд байгаа талаар судалгаа хийж үзэхээр сургуулийн насны хүүхдүүдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулж байгаагаас осол аваарт орсон гэх судалгаа гардаг. Учир нь есдүгээр сарын 1-2 –ны хооронд эцэг, эхчүүд ганц, хоёр хоног хүүхдээ хичээлд нь хүргэж өгөөд л түүнээс хойш хүргэж өгдөггүй. 

-Тэгвэл эцэг, эхчүүдүүдтэй хамтраад гэрээс нь сургууль хүртэлх замын талаар хүүхдүүддээ хичээл зааж байвал үр дүнд хүрэх юм шиг байна? 
-Тийм ээ. Бид Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран орон даяар “Сургуульд хүрэх зам” гэдэг хичээлийг зохион байгуулж байгаа. Уг хичээл маргааш өглөө /өнөөдөр/ телевизээр гарна. Ер нь бага насны хүүхдүүд авто машины хурдыг тооцоолж чаддаггүй. Учир нь хүүхдийн нүдний баримжаа нь том хүнийх шиг бүрэн гүйцэд хөгжиж чадаагүй байдаг. Тиймээс бага насны хүүхдүүд ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур нь гүйх явдал их байдаг. Иймээс ч бага насны хүүхэд ихээр осол аваарт өртдөг юм. 

Хүүхдээ ганц, хоёрхон өдөр сургуульд нь хүргэх бус сургуульдаа очих аюулгүй замыг нь зааж сургадаг байх хэрэгтэй. Тухайлбал, зам хөндлөн гарах гарц нь хаана байгаа талаар, хэрхэн аюулгүй явж сургуульдаа хүрэх замыг нь тодорхой зааж өгдөг байх шаардлагатай. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хувьд эцэг, эхчүүд хүүхдийг тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэх нь их байдаг. Тухайлбал, жолооны ард авч суудаг, өвөр дээрээ босоогоор нь авч явдаг, цонхоор толгой, гарыг нь гаргаж явдаг зэрэг буруу хэвшлүүд нь хүүхдэд эргээд аюултай байдлыг бий болгодог. 

Тиймээс хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг хохироох нөхцлийг эцэг эхчүүд өөрсдөө бий болгоод байна гэдгээ ухаарах хэрэгтэй. Ер нь хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь дан ганц ЗЦГ-ын ажил биш хамгийн их цагаа хамт өнгөрүүлдэг эцэг, эх, багш нарын хичээл зүтгэл маш их хэрэгтэй.

Ж.Отгонмягмар