Томоохон зах, худалдааны төвүүдийг хаана

2013-09-19 00:00:00
-“Барс-1”, “Барс-2” захууд, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Асралт” худалдааны төв, “Далай ээж” хүнсний зах, “Нарантуул” худалдааны төвийн гэр ахуйн барааны тасаг, “Гялгар” модны зах, “Меркури” худалдааны төв зэрэг газруудыг хаахаар болжээ.
 
“Нарантуул”-ын битүү зах шатаж, хүний амь эрсэдсэн, “Сандэй” худалдааны төвийн дээвэр шатсан хэргүүд өнгөрсөн наймдугаар сард олны анхаарлын төвд байсан. Захуудад гал гарсны дараахан нийслэлийн Онцгой байдлын газраас галын аюулаас сэргийлэх боломжгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй, ямар ч зөвшөөрөлгүй байсан гэдгийг мэдээлсэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, ажлын хэсэг байгуулан томоохон худалдааны төв, захуудад шалгалт явуулж байгаа билээ. Шалгалтын явц, үр дүнгийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хэлтсийн ахлах байцаагч С.Эрдэнэбаяртай ярилцлаа. 
-Худалдааны төв, захуудыг шалгах шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү? 

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, захуудад НОБГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдааны үйлчилгээний хэлтэс, НМХГ-ын алба хаагчид шалгалт явуулсан. Шалгалт энэ сарын 09-нээс эхлэн үргэлжилж байна. Нийт 56 худалдааны төв, захад шалгалт хийх юм. Сүхбаатар дүүргийн хэдэн объект үлдээд байгаа өнөө маргаашдаа шалгаад шалгалт өндөрлөнө. 

-Шалгалт хэзээ дуусах вэ?

-Одоогоор нийт шалгах ёстой объектуудын 97 хувийг шалгаад байна. 

-Шалгалтаар зөрчил дутагдал хир их илэрч байна вэ? 

-Нилээдгүй зөрчил илэрсэн. Тодруулахад, улсын комисс хүлээж аваагүй барилгад худалдаа эрхэлж байгаа, шинээр барилга байгууламж барих, өргөтгөл хийх, барилгын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхдөө мэргэжлийн байгууллагуудад мэдэгдээгүй, албан ёсны зөвшөөрөл аваагүй. Барилгын ажлын зураггүй, гал унтраах автомат төхөөрөмж буюу галын дохиоллын систем, утаа мэдрэгчгүй, барилгын гадна талд шуурхай албаны автомашин цэнэглэх боломжтой усны эх үүсгэвэр, барилгын доторх усан хангамжгүй зэрэг зөрчил нилээдгүй илэрсэн. Мөн түрээсийн гэрээ байгуулан ажилладаг түрээслэгчид дур мэдэн гэрэл, разетка лангуундаа татсан, лангууны зай хэмжээ алдагдуулсан зэрэг түрээслэгчдээс шалтгаалах зөрчил ч байна. Ихэнх барилга, байгууламжуудад exit гэрлээр чиглэгдсэн авралтын гарцгүй, осол гарсан үед давхар бүртээ авралтын зам, гарцын зураг байрлуулаагүй, агааржуулалтын систем, утаа зайлуулах системгүй байсан. 

-Дээрхи зөрчил илэрсэн захуудад ямар арга хэмжээ тооцсон бэ? Үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоосон худалдааны төв, зах бий юу?  

-Шадар сайдын тушаалаар Нийслэлийн онцгой байдлын газраас өнгөрсөн хоёрдугаар сарын дөрөвдүгээр сард худалдааны төвүүдэд нэгдсэн шалгалт хийж, нийтдээ 20 байгууллагын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар дээрхи захуудаас дийлэнх хувь нь тэр үед илэрсэн зөрчил дутагдлаа арилгасан байгаа. Харин энэ удаагийн шалгалтаар гаргасан зөрчлөө арилгаагүй нилээдгүй зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг зогсоох шийдвэрийг хамтарсан ажлын хэсгээс гаргасан. 

-Тодруулбал?

-Аливаа осол, гамшиг, галын үед эрсдэл учирч болзошгүй гэх үндэслэлээр “Барс-1”, “Барс-2” захууд, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Асралт” худалдааны төв, “Далай ээж” хүнсний зах, “Нарантуул” худалдааны төвийн гэр ахуйн барааны тасаг, “Гялгар” модны зах, “Меркури” худалдааны төв зэрэг газруудыг хаахаар болсон. 

-Дээрхи захууд ажиллахгүй байгаа гэсэн үг үү?

-Ажлын хэсгийн шийдвэрийг Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар эдгээр газруудын талаар дэлгэрэнгүй хэлэлцэх ёстой. Эцсийн шийдвэр тэр үед гарна.  

-“Барс-1”, “Барс-2” захуудад ямар ноцтой зөрчил илэрсэн гэсэн. Тодруулбал? 

-Барилгыг ямар ч ажлын зураггүй, зураг төсөлгүйгээр барьсан болох нь тогтоогдсон. Мөн хийц бүтэцийг өөрчилж, өргөтгөл барихдаа мэргэжлийн байгууллагуудад хандалгүйгээр дур мэдэн барьсан. Ер нь тодорхой хэлэхэд улсын комисс хүлээж аваагүй барилгад худалдаа эрхэлж, олон хүнд түрээслэж, хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм л даа.

-“Нарантуул”-ын шатсан хүнсний битүү зах үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй байсан. Гэтэл зэргэлдээх гэр ахуйн барааны барилга мөн л улсын комисс хүлээж аваагүй барилга гэх юм. Үнэн үү? 

-Үнэн. Барилгын зураг төсөл байхгүй, улсын комисс хүлээж аваагүй барилга юм билээ. Галын дохиоллын систем албан ёсоор тавигдаагүй, дотор усан хангамж ашиглалтын явцад эвдэрсэн. Мөн гадна усан хангамжгүй, цахилгааны асуудал зөрчилтэй. Түрээслэгчдэд төвлөрсөн агуулахгүй тул бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө дур мэдэн шатах материалаар хийсэн байсан. Үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байгаа. 

-“Сандэй” худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан байсан. Энэ удаад ямар арга хэмжээ авсан бэ? 

-Манайхаас ажлын хэсэг гарган хяналт шалгалт явуулаад тодорхой үүрэг даалгавар өгсөн. Өмнө үйл ажиллагааг нь зогсоож байсан нь үнэн. Энэ удаагийн шалгалтаар харахад, “Сандэй” худалдааны төвийнхөн зөрчил дутагдлаа арилгаж эхэлсэн. Тууайлбал, барилгын зоорийн давхарт аврах гарцыг хааж байрлуулсан хүнсний лангуунуудыг зайлуулсан байна билээ.  

-“Хархорин”, “Хүчитшонхор” “Бөмбөгөр” зэрэг захууд шалгалтаар “гайгүй” өнгөрсөн гэсэн үг үү?  

-Өмнө нь улсын байцаагчийн өгсөн зөрчил арилгуулах эрх зүйн баримт бичгийг дээрхи захуудад хүргэж байсан. Эдгээрээс зарим нь зөрчлөө арилгаагүй “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” зэрэг захуудад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан. 

-Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, галын аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил гаргасан байгууллагуудад ямар арга хэмжээ ногдуулдаг вэ? 

-Манай улсад мөрдөгдөж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу зөрчил гаргасан аж ахуй нэгж, албан байгууллагыг 50-250 мянгаар торгодог. Дээд тал нь 250 мянгаар л торгоно. 

-Гал гарах эрсдэлтэй, улсын комисс хүлээж аваагүй барилга байсан гэлээ. Үйл ажиллагаа явуулаад цөөнгүй жил болоход зөвшөөрөлтэй эсэхийг нь “анзаардаггүй” гэж ойлгож болох уу? 

-Жил бүр Онцгой байдлын газрын дарга буюу Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн тухайн жилд ямар байгууламжуудыг шалгах тухай удирдамж гардаг. Улсын хяналтын байцаагчид зөрчил арилгуулах албан бичгийг зөрчил гаргасан газруудад хүргүүлдэг, эрсдэл ихтэй газруудад захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Заримдаа үйл ажиллагаа үргэлжлүүлэх эрхийг нь түдгэлзүүлдэг. 

Д.ЖАРГАЛ