Э.Бат-Үүл: Токиогоос суралцах зүйл Улаанбаатарт их байна

2013-09-17 00:00:00
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад албан ёсны айлчлал хийсэн. Түүнийг албаны олон хүн дагалдан явсан бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс Ерөнхий сайдын айлчлалын үр дүн, Токио хотын хөгжил болон бусад зүйлийн талаар тэдний байр суурийг нь сонссон юм.
-Японы нийслэл Токио хот дэлхийн жишиг хотуудын нэг. Тиймээс Токио хотоос Улаанбаатар хотын бүтээн байгуулалтуудын ажлуудад, хотын цаашдын хөгжилд үлгэр дуурайлал болгохоор олон зүйл байгаа байх. Та хотын захирагчийн хувьд юуг түлхүү харав?
-Токио хот нь иргэдээ стрессгүй, цэвэр амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө маш гайхалтай. Уг хотыг ямар ч улсын хоттой харьцуулшгүй. Тэгэхээр бидний сурах гол зүйл энэ байгаа юм.
Хотын захиргаа, төрийн байгууллагуудын хийх гол зүйл нь иргэдээ стрессгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Та нар ч харсан байх. Токио хот 12 сая хүн амтай асар том хот хэрнээ стресстсэн хүн бараг байхгүй.
Тус хотод ирсэн гадныхны стресс ч шууд тайлагддаг гэж байгаа. Тэгэхээр бидний мөрөөдөл бол ерөөсөө л Токио хот юм. Тийм учраас Японы Засгийн газар бидний хүсэлтийг хүлээж аваад бүх төвшинд хамтарч ажиллана гэдэг бол бидний хүсэж байсан зүйл яахын аргагүй мөн.
-Иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхээр хүмүүс дагаад хотын соёлд суралцдаг жишээг бид өнгөрсөн зун харсан. Ногоон байгууламжийг хайс, хашаагаар хаах биш, харин ч ил задгай болгосон?
-Тийм ээ. Токио хот одоо л байгаа шигээ ийм хот байгаагүй. Өнгөрсөн 1960, 1970-аад оны үед Улаанбаатар хот шиг л байсан. Магадгүй тэрнээс дор ч байсан байж ч мэднэ. Тухайн үед Монголд гэр гэж тухтай орон сууц байсан. Харин Токио хотын иргэдэд тийм тохилог орон сууц байгаагүй.
Японы энэ цэвэрхэн байгаа, хүмүүсийнх нь ухамсартай байгаа байдал “Орчин хүнээ өөрчилдөг юм шүү” гэдэг бодлогыг барьж ажилласанд байгаа юм. Жишээ нь та нар Токио хотын зам талбайг харж байгаа байх. Шороотой нэг ширхэг ч талбай байхгүй байгаа биз дээ. Ногоон байгууламж, хатуу хучилттай зам хоёр л байна.
Ерөнхийдөө бидний хэрэгжүүлэх “Гудамж” төсөл Токио хотод байгаа юм. Том хот хэрнээ замын түгжрэл байхгүй, та нар анзаарсан бол хувийн машин унаад явж байгаа хүн бараг байхгүй байгаа биз дээ. Хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын ихэнх нь такси, нийтийн тээврийн хэрэгсэл л байсан. Тэгэхээр энэ бүгдээс бид суралцаж хийх ёстой.