Нийтийн тээврийг амжилттай хөгжүүлж байгаа хотоор Улаанбаатар шалгарлаа

2012-11-12 00:00:00

Филиппин улсын нийслэл Манила хотод болсон “Нийтийн тээвэр 2012” сэдэвт дэлхийн хотуудын дарга нарын уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон. Энэхүү арга хэмжээний үеэр нийтийн тээврийг байгальд ээлтэй, хүн амд хүртээмжтэй болгох, агаарын бохирдлыг бууруулах талаар дэлхийн томоохон хотуудын удирдлагууд хөндөн ярилцжээ. Авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн бодлогыг нийслэлийн удирдлагууд баримталж байгаа. Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчуулж, автомашинуудыг улсын дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шинэ горимд шилжсэнээр ачаалал 20 хувиар буурсан. Нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр нийтийн тээврийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн хөгжлийн банк өндрөөр үнэлж оны шагналаа хүртээжээ. Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийг сайжруулах төслийн хүрээнд Улаанбаатар хотод тусгай замын автобус төслийг амжилттай хэрэгжүүлж, нийтийн тээврийн менежментийг сайжруулж байгаа хотын 2012 оны тэргүүн шагналыг Улаанбаатар  хүртлээ. Шагналыг энэ сарын 8-нд  Манила хотноо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гардаж авлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.