Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг танилцууллаа

2021-02-16 18:04:44

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс өнөөдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд орсон өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар баталсан.  Уг хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүргийг хуулиар тогтооно гэж заасан.

Тиймээс УИХ-д өргөн  бариад байгаа Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай болон Нийслэлийн  эрх  зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг  хаврын чуулганаар хэлэлцүүлэх  шаардлагатай байгаа аж.  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Хуулиар нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхойлж өгсөн байна. Мөн нийслэл, дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ санхүүжилт нь цуг байхаар зохицуулжээ. Мөн чиг  үүргийн давхардалгүй байх зохицуулалт оржээ. Тухайлбал нийслэлийн хувьд дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байна.

Мөн тус хуульд орон нутгийг бие даалгах, эдийн засаг, санхүүгийн үндсийг тодорхой болгох, улс төрийн хамаарлыг багасгах зэрэг шинэлэг өөрчлөлт орсон байна.