Д.Алтанцэцэг: Төрийн албаны мэргэшлийн шалгалт энэ сарын 24-нд болно

2013-09-12 00:00:00
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарлагдсан. Энэ талаар нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.АЛТАНЦЭЦЭГЭЭС тодрууллаа.
- Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл хаана, хэзээ болох вэ?
Нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагаас   зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  ээлжит мэргэшлийн шалгалт энэ сарын 24-нд болно. Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2013 оны 09  дүгээр сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
-Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулалт ямар журмаар явагдах вэ?
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтад тавигдсан шаардлагыг хангасан иргэн шалгалтад бүртгүүлж, тэнцсэнээр нөөцөд бүртгэгдэнэ. Үүнээс хамгийн өндөр оноо авсан иргэнийг Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалд нэр дэвшүүлдэг.Төрийн албаны Зөвлөлийн 2013 оны 86-р тогтоолоор Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авахжурамд өөрчлөлт орсон.Мэргэжлийн шалгалт нь  Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт,  Ур чадварын түвшин тогтоох,  Мэдлэг, хандлага зан үйлийг тодорхойлох шалгалт гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтаас тухайн иргэн 60 онооноос 36 оноог авч дараагийн шатны шалгалтад орох эрхтэй болно. Үүний дараагаар ур чадварын түвшин тогтоох шалгалтад орно. Өмнө нь  тестийн шалгалтад тэнцсэн л бол дараагийн шалгалтууд оноо цуглуулах байдлаар явагддаг байсан. Энэхүү шалгалт нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд Монгол хэл бичиг, албан хэрэг хөтлөлт болон мэдээлэл технологийн чиглэлээр явагдана. Энэ шалгалтаас 15 оноог авах ёстойгоос 9 оноог авснаар сүүлийн шатны мэдлэг, хандлага зан үйлийг тодорхойлохшалгалтанд орно.Ингэснээр 3 багц шалгалтын нийт оноо 60 ба түүнээс дээш байж шалгалтад тэнцэнэ.
алгалт өгөх иргэд ямар материал бүрдүүлэх вэ?
Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх) , Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт,  ажил байдлын тодорхойлолт,   Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт, “3 х 4”-гийн  хэмжээний  цээж зураг 4 хувь,  ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг авчирч бүртгүүлнэ. Бүртгүүлсэн иргэд 2013 оны  09 дүгээр сарын 24ий өдөр 07:30 цагт шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд ирсэн  байх бөгөөд шалгалт 08.00  цагаас эхэлнэ. Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлнэ. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.Шалгалтад орохоор ирсэн иргэд иргэний үнэмлэхгүй бол шалгалтад орох боломжгүй болдог. Ийм тохиолдол олон гардаг. Тиймээс шалгалтад орох иргэд иргэний үнэмлэхээ заавал авчрах шаардлагатайг дахин анхааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.