Хорооны цогцолборын барилгын ажил хэвийн үргэлжилнэ

2013-09-10 00:00:00
Нийслэлийн Засаг даргад иргэдээс ирсэн нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжтай холбоотой өргөдөл, гомдлын дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг зарим барилгын үйл ажиллагаатай танилцсан байна. Ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцсаны дараа нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 09 сарын 05-ны өдрийн хуралдаанд уг барилгын асуудлын талаар мэдээлэл өгч, шийдвэр гаргажээ.
БГД-ийн 6-р хорооны зарим иргэн тус хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, хорооны байр нь тус хорооны орон сууцны 12 дугаар байрны хойд талд баригдаж байгааг эсэргүүцэн, барилгын ажлыг зогсоогоод байсан юм. Учир нь хорооны шинэ цогцолборыг байрнуудын дундах хүүхдийн тоглоомын талбайн урдах хэсэгт барьж байгаа бөгөөд оршин суугчид хүүхдийн тоглоомын талбайгүй болох нь гэж эсэргүүцжээ. Газар дээр нь очиход барилгын ажил 10 хувийн явцтай, газар доорхи барилгын суурийг тавьсан байв. 2 давхар цогцолборыг яаралтай барьж, ашиглалтад оруулахгүй бол хорооны оршин суугчид мөөгөнцөртсөн байранд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжгүй байгаа гэж хорооны Засаг дарга учирлаж байлаа. Хэдийгээр иргэд шинэ хорооны цогцолбортой болохыг дэмжсэн ч 14, 30-р байрны оршин суугчид  дүүргийнхээ ЗДТГ, Өмчийн харилцааны газарт гомдол гарган өөр газрын байршлын схемийг гаргуулжээ .Гэвч дүүргийн Өмчийн харилцааны газраас ирүүлсэн байршил нь барилгын ажил хийж буй газраас 100 метр хүрэхгүй газар буюу автомашины зогсоолыг боломжтой гэж үзсэн байна. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр нийслэлийн ЗДТГ-ын Ё.Гэрэлчулуун “Тухайн барилга одоогийн газартаа баригдаж, ашиглалтад ороход иргэдэд хохирол учрахгүй. Хүүхдийн тоглоомын талбай зориулалтын дагуу хүүхдүүдэд үлдэнэ. Хэрэв өөр газар барилга барина гэвэл одоогийн барилгын ажил хийсэн төсвийн зардал салхинд хийсэх болно” гэлээ. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд БГД-ийн 6-р хорооны цогцолборын барилгыг үргэлжлүүлэн барьж, иргэдийн гомдол гаргаад байгаа хүүхдийн тоглоомын талбайг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.