Шинээр 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ

2013-09-10 00:00:00
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн 6-р сард нийт 1 543 орны тоотой 26 цэцэрлэгт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон бол 09 сарын 09-ний өдөр шинээр 1703 орны тоотой хувийн 36 цэцэрлэг, 250 хүүхдийн 2 сургуулийн  үйл ажиллагаагааг эхлэх тухай А/843 тоот захирамж гаргалаа. Энэ хичээлийн жилээс сурагч, хүүхэд багачуудаа хүлээж авах эдгээр цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад нийслэлийн Засаг даргын захирамж, үйл ажиллагаа явуулах эрх, гэрчилгээг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардуулан өгсөн юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Юуны өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байгаа энэ үед өөрсдийн санаачлагаар цэцэрлэг, сургууль байгуулсан та бүхэнд нийслэлийн удирдлагууд болон иргэдийн зүгээс талархал илэрхийлье. Нийслэийн Засаг дарга албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулах ажлыг санаачлан, уриалж, дэмжиж байгаа. Харин өнөөдөр үйл ажиллагаа явуулах албан ёсны гэрчилгээ авч байгаа эдгээр цэцэрлэгүүдээс 5  нь байгууллагын дэргэд байгуулагдсанд их таатай байна. Та бүхэнд нийслэлийн Засаг дарга тусгайлан баяр хүргэж, “Батламж” олгосон” гэж онцлон хэллээ. “Тэвхэн” ХХК, “Эвт” ХХК, “Номингийн хүүхдүүд” ХХК, “Отгонтэнгэр” ХХК, “Зүмбэр орд” ХХК-иуд байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч энэ хичээлийн жилд 62 цэцэрлэг, 1 ахлах сургууль, 1 бага сургууль байгуулагдснаар 400 орчим ажлын байр бий болсон байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.