Ямар барилгууд энэ өвөл төвийн дулаанд холбогдохгүй вэ?

2013-09-09 00:00:00

Нийслэлд баригдаж байгаа зөвшөөрөлгүй ба­рилгуудад энэ жил ду­лаан, цахилгаан өгөхгүй байх нийслэлийн Засаг даргын захирамж гараад байгаа. Тодруулбал, нийс­лэлд зөвшөөрөлгүй барилга угсралтын  ажил эхлүүлсэн, удаа дараа хууль тогтоомж, дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцохоор болсон. Энэхүү захи­рамж хэрэгжиж эхэлснээр нийслэлд энэ жил ашиг­лалтад орохоор төлөв­лөгд­сөн, угсралтын ажил нь дууссан  барилга бай­гууламж, орон сууцууд халаалт, дулаанаа авч чадахгүй гэсэн үг. Судал­гаа­гаар нийслэлийн хэм­жээнд одоогоор 90 ба­рил­гын ашиг­лалтад орох хугацаа нь хойшилж, дулаанаа авч чадахгүй болжээ.

Тө­вийн шугамд холбохгүй эдгээр барил­гууд дунд барилга угс­ралтын ажил нь дууссан ашиглалтад ороход бэ­лэн болсон орон сууцны томоохон хороолол, иргэн аж ахуйн нэгжийн орон сууцууд ч байгаа юм. 

Энэ талаар Улаан­баатар дулааны сүл­жээ ТӨХК-ийн гүйцэт­гэх захирал Р.Хайда­ваас тодрууллаа. 

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөрчилтэй аж ахуйн нэг­жүүдэд төвийн халаалт өгөхгүй байх шийдвэр гарсан байна. Энэ шийд­вэртэй холбоотойгоор энэ жил хичнээн аж ахуйн нэгжийн дулаа­ныг өгөхгүй вэ?

-Дулааны эх үүсвэр буюу Дулааны II, III, IV  цахилгаан станц дээр өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж, хүчин чад­лаа нэмэгдүүлэхээр ажил­лаж байна. Гэхдээ  энэ жилдээ өргөтгөл ши­нэч­лэлийн ажил дуусч, ашиглалтад хараахан орохгүй байх магадлал­тай байна. Өөрөөр хэл­бэл, нийслэлийн хэм­жээнд дулааны эх үүсвэр дутагдалтай байгаа гэсэн үг.  Гэтэл дулаанд хол­богдох барилга, орон сууц маш олон байна. Нөгөө талаар дулаанд холбогдох техникийн нөх­цөл хийлгээгүй, зөв­шөө­рөл аваагүй баригд­сан барилга олон байна. Техникийн нөхцөл авна гэдэг нь манай инжене­рүүд тухайн барих гэж байгаа барилга дээр ажил­лан тооцоо судал­гаа хийх ёстой байдаг. Гэтэл манайхаас техни­кийн нөхцөл аваагүй, судал­гаа хийлгээгүй, өөрс­дөө дураараа ба­рил­га  барьчихдаг. Тий­мээс ийм зөрчилтэй барилгуудыг энэ 2013 оны халаалтын улирал эхлэх буюу энэ намар дулаанд холбох боломж­гүй болж байна. 

-Зөрчил гаргаагүй аж ахуйн нэгжүүд дулаанд холбогдож байгаа биз дээ?

-Норм журмынхаа да­гуу холбогдох зөвшөөр­лөө аваад барилгаа бариад дулаандаа хол­богдох гэж байгаа олон барилга байгаа. Үүнээс гадна зөвшөөрөлгүй ба­рил­га нэлээд олон байна. Энэ зөвшөөрөлгүй ба­рил­гуудыг дулаанд хол­бох эх үүсвэр дутагдаж,  нийслэлийн хэмжээнд дулаан доголдох  эрс­дэлтэй учраас иймэрхүү арга хэмжээ авч байна гэж ойлгож болно. 

-Жилд хичнээн ба­рил­га шинээр дулаанд холбогддог вэ?

-Жилдээ 150-200 орчим барилга дулаанд холбогддог. Энэ жил мөн л ийм хэмжээний барилга дулаанд холбогдоно. Ши­нэ барилгуудыг дулаанд холбох ажил одоо эхлэх гэж байна. Аравдугаар сарын 1-нээс өмнө холбоод дуусна. 

-Барилгын ажил нь дууссан олон орон сууц байгаа. Зөрчил дутагд­лаа арилгавал дулаанд холбогдох уу?

-Зөрчлөө арилгавал дулаанд холбогдоно. Гэх­дээ одоо дулаанд холбохгүй, ирэх жилээс холбоно. 

-Төвийн дулаанд хол­богдохгүйгээр өөрсдөө  халаалтаа ший­дэж байгаа аж ахуйн нэгж байгаа юу?

-Байгаа. Одоогоор нийт­дээ 18 барилга өөрийн эх үүсвэр буюу цахилгаанаар халаах болно гэв.   

Хэдийгээр ийм шийд­вэр гараад байгаа ч зарим барилгын компа­ниуд өвлөөс өмнө манай барилга ашиглалтад орно хэмээн зарлаж буй. Энэ нь байр захиалж урьдчилгаа төлбөрөө өгөөд хүлээж байгаа, банкны зээлээр байр авахаар өргөдлөө өгсөн иргэдэд багагүй хүндрэл учирч байгаа юм.

Энэ өвөл дулаанд холбогдохгүй аж ахуйн нэгжүүдийн байршлын хувьд Хан-Уул дүүргийн Зайсан хороололд ба­риг­даж буй шинэ барил­гууд мөн Баянзүрх дүү­рэгт баригдаж байгаа нэлээд олон орон сууц, худалдаа үйлчилгээний барилгууд байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын энэхүү шийд­вэр­тэй холбоотойгоор  орон сууц худалдан авахаар захиалга өгсөн олон ир­гэнд хүлээлт үүсч болзош­гүй байгаа юм. Тиймээс энэ өвөл дулаанд хол­богдохгүй барилгын нэрс, байрш­лыг хүснэгтээр харууллаа.


Х.ЦЭНД

 

Дулаанд холбогдохгүй барилгуудын нэрсийн жагсаалт болон зургийг та доорх холбоотой файл хэсгээс татаж авж үзнэ үү