Стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна

2020-06-10 17:40:24

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд сөргөөр нөлөөлж байгаа барилгын түр хашаа хайсыг буулгах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн  12 дугаар хурлаас өгсөн. Энэ ажил нийслэлийн хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ стандартын шаардлага хангаагүй, хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой газруудын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож чөлөөлөгдсөн талбайд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол барихаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажил эхэлснээс хойш Хотын Ерөнхий менежерийн баталсан хувиарийн дагуу Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, албан мэдэгдэл хүргүүлж, зөрчилтэй, стандартад нийцээгүй 429 барилгын түр хашааг илрүүлэн, 211 хашааг стандартын дагуу шинэчлүүлэн, барилгын 50 хашааг албадан буулгажээ. Мөн 13 байршилд орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн бол нийтийн эзэмшлийн зам талбайн 6 байршилд 69 гаражийг албадан буулгасан байна.