Гурван хүн тутмын нэг нь байр хүсчээ

2013-08-12 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй биечлэн уулзах хүсэлтэй 154 иргэний тавьсан санал, хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэн хариу өглөө. Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нараар ахлуулсан 6 ажлын хэсэг 2013 оны 07-р сарын 31-нээс 08-р сарын 08-ны өдрүүдэд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газруудад тус тус ажиллаж, иргэдтэй уулзсан юм. Уулзалтад оролцсон иргэдийн саналыг авч үзвэл 33.1 % буюу 3 хүн тутмын 1 нь хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаагаа хэлж, орон сууц олгохыг хүсчээ. Түүнчлэн өмнө нь хураалгасан байрны оронд шинэ орон сууц авах, ахмадын орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд цөөнгүй байлаа.  Мөн иргэдийн 25.3 % буюу 4 хүн тутмын 1 нь газар авах хүсэлт болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой, газрын хэмжээ, давхардлаас үүссэн зөрчил, маргаантай асуудлаар хандсан байна. Хотын даргатай биечлэн уулзах хүсэлтүүдийн ихэнх нь хариуцаж буй салбарын хүрээнд шийдвэрлэгдэх бүрэн боломжтой асуудлууд байсан юм. Тиймээс цаашид энэ асуудлыг нийслэлийн нутгийн захиргааны салбар хариуцсан байгууллага, нэгжүүд шуурхай шийдвэрлэж, эцэслэн хариу өгөх тогтолцоонд  шилжихээр боллоо.  Нийслэлийн удирдлагуудаас 67 иргэний хүсэлтийг яаралтай судлан нягталж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж хариу өгөх үүргийг холбогдох байгууллагуудад өглөө гэж Иргэд хүлээн авах төвөөс мэдээллээ.