Сургууль, цэцэрлэгүүдийн засвар энэ сарын 25- нд бүрэн дуусна

2013-08-12 00:00:00
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын явц, Нийслэлийн Засаг даргатай  уулзах хүсэлт гаргасан иргэдтэй  уулзалт зохион байгуулсан тухай,  өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын  явцыг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 31 сургууль, 12 цэцэрлэгт барилгын, төрийн өмчийн 111 сургууль, 176 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаа юм.   7 сараас эхлэн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, засварын ажил  энэ сарын 5-аас эхэлжээ. Сургууль, цэцэрлэгийн  засварын ажил  төлөвлөсөн хугацаанаас  хойно эхэлсэн бөгөөд барилга засварын ажил  45 хувь, урсгал засвар 75 хувьтай явж байна.  Нийслэлийн Боловсролын газарт нийт 53 сургууль, цэцэрлэгээс 8,6 тэрбум төгрөгийн засварын ажлын санал ирүүлсэн ч улсын төсөвт 3,6 тэрбум төгрөгийг баталжээ. Иймд батлагдсан төсвийн дагуу засварын ажлыг эхлүүлсэн байна.  Сургууль, цэцэрлэгүүдийн засварыг энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Харин эмнэлэгүүдийн засварын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэд дарга М.Мөнхдэлгэр танилцууллаа. Энэ жил Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн барилгуудад их засварын ажил хийж байна.  Мөн Клиникийн 1-р амаржих газрын А, Б блокын дулааны узель, цахилгаан шатны засвар шинэчлэлтийн зураг төсөв батлагдсан ч хоёр удаагийн тендерээр гүйцэтгэгч шалгараагүй байна. Тиймээс  шууд гэрээ байгуулан 7 сарын 19-нөөс засварын ажлыг эхлүүлжээ.
Өнгөрсөн 14 хоногийн байдлаар  Замын цагдаагийн газар зам тээврийн хэргийн  шинжтэй 192, осол, зөрчлийн шинжтэй 167 дуудлагын дагуу ажиллажээ. Зам тээврийн хэргийн улмаас  8 хүний амь нас хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 21,5 хувиар буурчээ.
Нийслэлийн Цагдаагийн газар энэ өдрүүдэд иргэд аж ахуйн, нэгж,  байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 15 229 гомдол, мэдээлэл хүлээн авч,  406 гэмт хэрэг бүртгэжээ.  Энэ нь  өмнөх 14 хоногтой харьцуулахад гэмт хэргийн тоо  3.8 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Өмнөх  шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн төвийн 6 дүүргийн 154 иргэнийг Засаг даргын орлогч нар  хүлээн авч, санал хүсэлтэд нь хариу өгсөн байна.
Орон сууц хүссэн болон  газрын маргаан,  барилга, хот төлөвлөлтийн талаар гомдол, санал хүсэлтээ илэрхийлсэн иргэн бүртэй нэг бүрчлэн уулзаж, хуулийн дагуу хариу өгч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг судлан яаралтай хариу өгөхөөр болжээ. 
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  “Бид хотын үйлчилгээг сайжруулах чиглэлээр, иргэдийн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх үндсэн зорилтоо хэрэгжүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр гол анхаарлаа хандуулан  дараа дараагийн шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулж байх шаардлагатай байна. Тиймээс энэ талын мэдээллийг түлхүү өгч байх хэрэгтэй” гэдгийг онцоллоо. Мөн 2014 оны төсвийн саналаа хуулийн хугацаанд нь багтаан ирүүлэхийг харъяа байгууллага, дүүргүүдэд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.