Маргааш үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шарилжийг түүнэ

2013-08-09 00:00:00

Улс төрийн тойм сонин, www.ipost.mn вэб сайт хамтран “Шарилгүй Улаанбаатар” аяныг эхлүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор “Улс төрийн тойм” сонин, уг аянд хамтран оролцож байгаа байгууллагуудын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг, Нийслэлийн хот тохижилтын газрын орлогч дарга Б.Нямсүх, АӨСҮТ-ийн Харшил суд­лалын лабораторийн эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Сангидорж нар оролцсон юм. “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд “Улс төрийн тойм”,  www.ipost.mn  сайтын хамт олон, аянд оролцогч, дэмжигч байгууллагуудын төлөөлөл хамтран маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, шарилж түүх юм. Иргэд хүсвэл шарилж түүх ажилд оролцох боломжтой бөгөөд аяны хүрээнд иргэдэд шаардлагатай маск, бээлий зэргийг зохион байгуулагчид хариуцах юм байна. Энэ үеэр харшил судлалын чиглэлээр ажилладаг мэргэжлийн эмч нар ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, сорил тавих юм. Шарилж түүх тодорхой стандарт, зөвлөмж байдаг бөгөөд уг зөвлөмжийг баримтлан ажиллана.

 

Б.Сансар