Цагдаагийн байгууллага шинэчлэгдэж байна

2013-08-08 00:00:00

Нийслэлийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Цогтбаяртай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх алхмууд хийгдэж эхэлж байна. Тухайлбал гэрээр торгуулийн хуудас хүргэх, дугуй түгжигч ажиллуулж эхлэх гэх мэт. Ер нь нийслэлийн цагдаагийн газрын хэмжээнд ямар бүтээн байгуулалт хийгдэж байна вэ?

Юуны өмнө танай сонины нийт хамт олон болон уншигчид ард иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ хангалтын жишиг норматив”-ын жагсаалтад 100000 хүртэлх хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтэс байгуулагдана гэсэн заалтын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны “Нийслэлийн цагдаагийн газрын бүтэц, орон тоог батлах  тухай” 700 дугаар тушаалаар төвийн 6 дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд 2 хуваагдаж  Баянзүрх дүүргийн Сансар, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу,Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа, Чингэлтэй дүүргийн Хайлааст, Хан-Уул дүүргийн Яармагт цагдаагийн хоёрдугаар хэлтсүүд шинээр   байгуулагдсан. Шинэ хэлтсүүд байгуулагдсанаар төвлөрлийг багасгаж цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг шуурхай хүргэж чирэгдэлгүй болгоно гэж үзэж байгаа.Өөрөөр хэлбэл Дамбадаржаа, бэлх, сэлхийн чиглэлд эсвэл баянхошуу, Яармагт байдаг иргэд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахын тулд хотын төвд байдаг цагдаагийн хэлтэс уруу явах шаардлагагүй болсон. Шинэ тутам юм болгонд бэрхшээл учирдгийн адил шинээр байгуулагдсан цагдаагийн хэлтсүүдэд  байр конторын асуудал тулгарсан.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дээрх 5 хэлтсийн барилгыг 7.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр бариулахаар төсөв батлагдаж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дээрх 5 хэлтсийн барилгын ажил эхлээд байгаа ба энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллацгааж байна.

-Цагдаагийн байгууллага ажил үйлчилгээгээ шуурхай болгож  шинэ шатанд гаргахын оронд өөрсдийнхөө суух сууцыг шинэчилж байгаа нь иргэдийн шүүмжлэлд өртөж байгаа?

Цагдаагийн байгууллага ажил үйлчилгээгээ шуурхай болгож шинэ шатанд гаргана гэдэг нь материаллаг талаасаа албанд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх явдал гэж ойлгож болно. Өнөөгийн нийгмийн хөгжлийн хэрээр гэмт хэргийн гаралтын түвшин ихсэж гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн арга хэрэгсэл нь улам бүр боловсронгуй болж байгаа нь нууц биш. Тэгвэл түүнтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллага нь орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа ашигласнаар гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох гэмт этгээдүүдтэй тэмцэх явдал илүү сайжрах юм.Шууд хэлбэл нэг талаасаа алба хаагч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлж хууль эрхзүйн орчин нь сайжирснаар орчин үеийн өндөр чадвартай цагдаагийн алба хаагч нарыг бэлтгэж нөгөө талаасаа тэр алба хаагч нарын ажиллах нөхцөл боломжийг хангасан орчинг бий болгох шаардлага тулгарсан. Ер нь цагдаагийн хэлтсийн барилга  бол ердийн орон сууц оффисын зориулалттай барилга биш тусгай зориулалтын барилгад ордог.Дээрх барилгуудын зураг төслийг хийлгэхийн тулд гадаад орнуудын цагдаагийн байгууллагын барилгуудыг харьцуулж судалж үзсэн. Одоо баригдаж байгаа цагдаагийн хэлтсүүдийн барилга нь нэг маягийн зургаар хийгдэж байгаа бөгөөд барилгын чанар хийцээрээ  цагдаагийн байгууллагын стандарт  шаардлага аюулгүй байдлыг хангасан барилга болно гэж  үзэж байгаа. Нөгөө талдаа газар хөдлөлт гал усны аюул зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл үүссэн үед эмх замбараагүй байдал үүсэж хулгай дээрэм ихээр гарах магадлалтай ба аюулгүй байдлыг хангах үүрэгтэй цагдаагийн байгууллагын байр тэсвэрлэж үлдэж байж дэг журмыг сахиулж шаардлагатай үед иргэдийг түр байрлуулж ч болно. Тийм учраас ард иргэд маань үүнийг зөв талаас нь харж ойлгоосой гэж хүсэж байна.

-Нийслэлийн цагдаагийн газар бас саяхан олон шинэ машин хүлээж авсан. Цагдаагийн газар унаа тэрэг техник технологио шинэчлээд шинэ байр бариулаад эхлэхээр иргэд нэг л айдаст автаад байх шиг. Бас хөдөлгөөнт эргүүлийг татан буулгасан нь…

Энд иргэдийн дунд нэг буруу ойлголт яваад байгаа юм. Хөдөлгөөнт эргүүлийн газар гэдэг байгууллагыг буулгасан болохоос биш хөдөлгөөнт эргүүлийн чиг үүрэг нь хэвээр үлдсэн. Нөгөө талдаа энэ нэр томьёо өөрөө бас буруу талдаа ойлголт.Ямар эргүүл нь хөдөлдөг ямар нь хөдөлдөггүй эргүүл байх вэ?Хуучин хөдөлгөөнт эргүүлийн газар гэж байхад эргүүлд гардаг байсан машинт эргүүл яг тэр чиглэлдээ тэр үүргээ гүйцэтгэж байгаа, эргүүлийн чиглэл,алба хаагч, машины тоо ч  хэвээрээ байгаа ба харин харьяалал нь нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад шилжсэн. Нутаг дэвсгэрийнх нь цагдаагийн байгууллагад шилжүүлснээр эргүүлийн ямар чиглэл, маршрутаар хэн хэнийг хаана яаж гаргах вэ гэдгийг эрүү, хэв журмынхаа нөхцөл байдалд тохируулан шийдэх боломжтой болж байгаа юм. Харин машинт эргүүлд ашиглагдаж байсан машинууд нь анх 2008 онд хөдөлгөөнт эргүүлийн газар байгуулагдахад ашиглагдаж  эхэлсэн ба Монгол улсын засгийн газрын 2005 оны 233-р тогтоолын дагуу2014 оны 01 сард ашиглалтын хугацаа нь дуусах учраас түүнээс урьтаж парк шинэчлэлт хийгдсэн юм.Энэ удаагийн парк шинэчлэлтээр машинт эргүүлд ашиглагдах 2013 оны 04 сард үйлдвэрлэгдсэн 75 ширхэг Киа-Рио маркийн суудлын тэрэг, Жижүүрийн шуурхай албанд ашиглагдах 12 ширхэг туулах чадвар сайтай Хьюндай Тугсон маркийн жип, 12 ширхэг Хьюндай Старекс маркийн микроавтобуснууд авсан.

Эдгээр автомашинуудыг мөн л нийслэлийн хөрөнгөөр бэлтгэж өгсөн ба бүгд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилагдан ажил үүрэг гүйцэтгэж байна. Дээрх автомашинуудыг авснаар нийслэлийн цагдаагийн газрын парк шинэчлэлт 30 хувьд л хүрч байна.Энэ ондоо багтаан 70 хувьд хүргэхээр холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иргэд маань энэ бүхэнд эвгүйцэхгүй байх. Учир нь цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл хэдийчинээ шинэчлэгдэнэ иргэдийн аюулгүй байдал төдийчинээ хангагдана гэсэн үг. Харин аливаа хууль бус хэрэг үйлдэгчдийн тухайд бол  айдас түгшүүр төрөх байх аа.

-Энхтайваны өргөн чөлөөнд шинээр хэв журмын хяналтын камерууд байрлуулсан нь асуудал дагуулж эхэллээ. Тендер будлиантсан, шаардлага хангахгүй байгаа гэх мэтээр?

Дээрх барилга,автомашин ,камер суурилуулалт зэрэг бүх ажилтай холбоотой  хөрөнгийг нийслэлээс гаргасан бөгөөд тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг бөгөөд цагдаагийн байгууллагын тухайд шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах л үүрэгтэй. Энд нэмж хэлэхэд Энхтайваны өргөн чөлөө гэдэг маань офицеруудын ордноос таван шар хүртэлх төв зам дагасан  буюу Улаанбаатар хотын хэвтээ тэнхлэг дагуух өргөн чөлөөг хэлдэг.Энэ хэвтээ тэнхлэгийн дагуу автобусны буудлууд дээр хэв журмын хяналтын камерууд,төв зам дагуу автомашины нэгдүгээр эгнээ,замын хөдөлгөөнийг бүхэлд нь хянах болон улсын дугаар бүртгэх тусгай зориулалтын камерууд суурилагдаж байгаа юм. Камер байршуулах цэгүүдийг сонгохдоо НЦГ, ЗЦГ, ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төв, Нийслэлийн мэдээллийн технологийн газар,Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвүүд хамтарч урьд нь суурилагдсан камеруудтай давхцуулахгүй байх, гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг техникийн хяналтанд аль болох бүрэн хамруулах чиглэлийг анхаарч техник ,технологийн дэвшлийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглахад чиглэгдэж байгаа юм. Энэ системд 2-5 мегапиксель бүхий камерууд суурилуулсан,360 градус эргэдэг PTZкамер 20 ширхэг,2 мегапикселийн ерөнхий хяналтын камер 46 ширхэг,улсын дугаар бүртгэх тусгай зориулалтын камер 63 ширхэг суурилагдаж байгаа бөгөөд хяналтын төв серверийг ЗЦГ дээр байрлуулсан байгаа.

Мөн Киа Карнивал маркийн 6 ширхэг жип автомашинууд 12 ширхэг тусгай зориулалтын камераар тоноглогдон төв зам дагуу хяналт тавьж ажиллана.Нэг ёсондоо явуулын хяналтын камер гэсэн үг.Эдгээр камерууд нь авагдсан дүрс болон зурган файлуудыг 30 хүртэлх өдрөөр хадгалах архивын сервертэй, захын цэгээс авч байгаа дүрсийн өгөгдлийг өндөр хурдаар төвдөө дамжуулах технологитой   учраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай болгоход маш их хэрэгтэй юм.Нөгөө талдаа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад байдагчлан  камерын системээр зөрчлийг илрүүлж торгууль тавьдаг тогтолцоо уруу шилжиж байгаатай ч холбоотой. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөхөд ч ихээхэн тус нэмэр болно.

Энэ сарын нэгнээс торгуулийн хуудсыг гэрээр хүргүүлэх ажлыг эхлүүлсэн.Ер нь суурилуулсан камерууд хотыг бүрэн тольдож чадах уу.Нэг хэсгийг нь хянаад нөгөө хэсгийг нь хянаж чадахгүй юм биш биз?

Эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөө буюу хэвтээ тэнхлэгийн дагуу камержуулалт хийгдэж байгаа ба цаашдаа улам өргөжих юм. Ер нь өндөр хөгжилтэй орнуудын жишгийг ч харсан гудамж, талбай,зам зэрэг нийтийн эзэмшлийн газруудыг  бүрэн камержуулж хяналтанд авсан байдаг. Энэ нь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байгаа хамгийн сайн арга хэрэгсэл юм.

-Замын түгжрэлийг бууруулахаар уулзваруудыг шинэчиллээ. Гэхдээ замын нэгдүгээр эгнээ автомашины зогсоол хэвээр байсаар байна?

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулахаар олон ажлууд хийгдэж байна. 31 уулзварыг өргөтгөх ажил хийгдэж эхлээд байна. Ингэснээр замын түгжрэлийн асуудал нэг талаасаа шийдэгдэх ч  хамгийн гол нь тээврийн хэрэгслийн жолооч нарыг хөдөлгөөний соёл,замын хөдөлгөөний дүрэм журмаа баримталж хөдөлгөөнд оролцдог болгох явдал хамгийн чухал юм. Үүнд л камерын  хяналтын системийн гол ач холбогдол нь оршиж байгаа юм.