Мал амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэл хийх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээ зохион байгуулах тухай

2020-04-23 09:00:19

2020 оны 04 сарын 23-ны өдөр                                        Дугаар А/563                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мал амьтны сэг зэм устгах,

халдваргүйтгэл хийх, шилжилт

хөдөлгөөнийг зохицуулах арга

хэмжээ зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-7.7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 01 дүгээр албан даалгаврыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 01 дүгээр албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн удирдамж”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

 

       2.Албан даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгох нь:

 

       2.1.Халдварт, халдваргүй өвчний улмаас хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах, бэлчээр, бууц, хашаа байр, уст цэг, усны эх булгийг цэвэрлэж, хашаажуулах, малын өтөг бууцыг сийлж овоолуулах, мал эмнэлгийн ариун цэвэр эрүүл ахуй,  халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах;

 

       2.2.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам, чиглэл батлах тухай” 43 дугаар тогтоолын дагуу отор нүүдэл хийх чиглэл, хугацаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, харьяалах нутаг дэвсгэрт ирсэн мал, амьтныг хүлээж авах, шилжүүлэх үед эрүүл мэндийн үзлэгийг хийж баталгаажуулах, мал эмнэлгийн цахим системд бүртгэх ажлуудыг зохион байгуулж мэдээлэх;

 

      2.3.Мал эмнэлгийн халдваргүйтгэл болон бусад арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, шаардагдах зардлыг санхүүжүүлж ажиллах.

 

       3.Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэн, дүүргүүд дэх мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд хүргэж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т даалгасугай.

 

       4.Хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, иргэдийн сонор, сэрэмжийг дээшлүүлж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай.

 

        5.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН