Хөлбөмбөгийн стандартын талбай тавдугаар сард ашиглалтад орно

2020-04-06 10:25:46

Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай тавдугаар сарын 15-нд ашиглалтад орохоор болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байна. Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаа юм.

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.04.05/ уг хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлын явцтай танилцжээ. Тэрбээр 2019 онд тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд авсан. Уг талбайд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгдэж байгаа аж. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, төвлөрсөн бие засах газартай юм байна.

Одоогийн байдлаар тохижилтын ажил 70 орчим хувьтай байгаа бөгөөд тавдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.